“Алтайн хүдэр”-ийн талаарх хэцүү үг

Өмнөх нийтлэл "Алтайн хүдэр"-ийн талаарх хэцүү үгс  уншина уу.
Өмнөх нийтлэл "Алтайн хүдэр"-ийн талаарх хэцүү үгс-2 уншина уу.


-Үндэсний хөрөнгө оруулалттай гэж өрөвдүүлэх, онгирохын аль нь болох нь мэдэгдэхгүй хашгирах шахам ярих "Алтайн хүдэр"-т үндсэрхэг үзэл алга. Монгол хүн удирдсан компани гэхэд дэндүү хүнлэг бус хандах юм. Байгаль орчинд халтай, хятадын гангийн үйлдвэрийн түүхий эдийг бэлтгэдэг баазыг орон нутагтаа ажиллуулмааргүй байна. Цээл нутгийн иргэдийг боддоггүй юм гэхэд 80 тоннын даацтай хятадын Норд Бенц гэх газрын хөрсний "эрлэгээр" нутаг орноо сүйтгэхээ болиосой гэж нутгийн иргэд халаглана. "Алтайн хүдэр" ХХК, нутгийн иргэдийн харилцааг хурцатгаж буй 168 км хатуу хучилттай замын ажил эхэлжээ. Гэвч өнгөрсөн жилийн аравдугаар сарын 6-нд Цээл сумын Дэрстэй багийнхантай хийсэн уулзалтын үеэр "Алтайн хүдэр" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Р.Тогтохбаярын  "2013 оны гуравдугаар улиралд дуусгах Засгийн газрын хатуу шаардлагын дагуу бид чадах бүхнээ хийж байна. Та бүхэн ганцхан жил хүлээвэл болох нь тэр" гэсэн үгэнд  иргэд итгэжээ. Гэтэл энэ нь ор үндэслэлгүй зүйл байж. Харин саяхнаас бетон хучилттай зам тавина гэж ярих болсон нь нутгийн иргэдийг түгшээж, аргагүй эрхэнд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөрөө дамжуулан БОНХЯ-нд хандсан байна. Учир нь энэ нутгийн иргэд зам тавина гэх худал үгэнд итгэхээ байжээ. Мөн байгаль орчин ихээр сүйдэж буйг эсэргүүцсэн юм. Шинэчлэлийн Засгийн газар байгаль орчныг сүйтгэж буй уул уурхайн компаниудад нарийн шалгалт хийх ажлаа Говь-Алтай аймгийн Цээл сумаас эхлүүлэхийг хүсчээ. 

Үүний дагуу БОНХЯ-ны ажлын хэсэг Цээл сум, "Таяннуур" уурхайд ажилласан талаарх сурвалжлагыг өмнөх цувралуудаар хүргэсэн билээ. 

Ингээд БОНХЯ-ны шалгалтын хэсэг "Алтайн хүдэр" ХХК анх олборлолт хийхээс өдийг хүртэл ярьсан 168 км хатуу хучилттай зам, дөрвөн жилийн турш 80 тоннын даацтай хятадын Норд Бенц, Шакмэн автомашинд талхлагдсан говийн хөрсний хохирлыг үзэж танилцахаар цааш хөдөллөө. "Алтайн хүдэр" ХХК-ийн Цээл сум дахь "Таяннуур" уурхайгаас Бургастайн хил хүртэл 170 орчим км зайтай. Уурхайгаас Бургастайн хил хүртэлх хөрөөний ир мэт дэржигнүүртэй замаар "Алтайн хүдэр"ХХК-ийн "Нордууд" тарж унах нь халаггүй тоос манарган давхидгийг иргэд мэднэ. Харин яамны ажлын хэсгийн шалгалтын үеэр огт өөр дүр харагдах аж. Өнөөх нарийн тоос босгон, чихэнд хоногштол дүнгэнэх хүнд даацын автомашинууд харин энэ өдөр хааяахан нэг таарч, зогсох гэж байна уу гэлтэй гэлдэрч яваа нь нутгийн иргэдийн гайхшралыг төрүүллээ. 

-Намайг хуураад байна уу, нам засгийг хуураад байна уу, "Алтайн хүдэр"-ийнхэн. Зун болтол шалгалтаар ирсэн яамныхнаас нэгийг нь аваад үлдчихье. Ядаж гэж ганц хавар болтугай тоосгүй амьдаръя гэж бидэнтэй хамт Бургастайн боомтыг зорьсон нутгийн иргэн ярив.

Өмнө нь хүдэр ачсан зургаагаас арван ийм төрлийн автомашин нэг цуваа болон Бургастайн боомт руу өдөр шөнөгүй хөвөрдөг байсан аж. Харин яамны шалгалтын үеэр ийнхүү цөөн автомашин таарсан нь бас учиртай юмсанж. "Алтайн хүдэр"-ийнхэн шалгалтын сургаар цаг тутам нэг автомашин явуулж, 20 км-ээс дээш хурдтай явахыг хориглосон байжээ. Ингэснээр шалгалтын хэсгийнхэн Бургастайн боомт хүртэл арван хуруунд багтахаар цөөхөн хүдэр ачсан автомашин харна, тэдгээр автомашин нь 20 км цагийн хурдтай явахаар тоос босохгүй төлөвлөсөн аж.


Гэвч яамны ажлын хэсэг "Алтайн хүдэр" ХХК хүдрээ хэрхэн зөөхийг шалгахаар ирээгүй билээ. Харин хатуу хучилттай замын суурийг барьсан байдал, түүнийг байгуулахад ашигласан карьеруудыг БОНХЯ-ны шалгалтынхан үзэж танилцлаа. Мөн сайжруулсан шороон замын хажуугаарх салаа замууд газрын хөрсийг ихээр эвдсэнийг "Алтайн хүдэр"-ийнхэнд хэлжээ. 

Төвлөрсөн хатуу хучилттай зам байхгүйгээс жолооч нар дэржигнүүрээс зугтан сайжруулсан гэх шороон замын хажуугаар дахин зам гаргажээ. Мөн хатуу хучилттай замын суурийн хайрга, элсийг бэлтгэх нэрийдлээр "Алтайн хүдэр"-ийнхэн олон карьер, нүх ухжээ. Ийм нүх, карьер Цээл сумын нутаг дэвсгэрт 14 байна. Нөхөн сэргээхдээ ашиглах нэрийдлээр өнгөн хөрсийг нь эрүүл газар замбараагүй овоолсон байна. Ийм овоолсон шороо мөн 14 бий. Бараг хоёр км тутамд нэг карьер ухжээ. Яагаад ийм олон карьер ухсаныг нутгийн иргэд асуухаар "Хатуу хучилттай зам тавихад нарийн технологи шаарддаг юм байна. Хайрга, элс нь тохирохгүйгээс өмнө ашигласан карьераа ашиглахгүй орхисон" гэх.

-Ашиглахгүй юм бол нөхөн сэргээ. Ухсан нүхэнд мал ойчиж, гэмтэх тохиолдол гарч байна гэхэд нь "Замаа тавьсныхаа нөхөн сэргээнэ. Тийм хууль дүрэмтэй юм. Зам тавихаас өмнө техник эдийн засгийн үнэлгээ хийлгэдэг. Тэр үнэлгээнд нь замаа тавьсны дараа нөхөн сэргээхээр тусгасан" гэж нутгийн амыг тагладаг аж. Иргэдийг мэдээллээс хоцрогдсон, мэдлэггүй гэж дүгнэдэг тус компанийн эрхтэн, дархтанууд "Газрын хэвлийг хэн ч өмчилдөггүй. Харин хэрэглэх нэг нь ашиглахад буруудах зүйл огт байхгүй" гэж үнэмшүүлэхийг чухалчилдаг ч юм шиг. 

Цээл сумаас баруун хойш өргөн, цээл сайхан хоолой бий. Цагтаа энэ хоолойд цагаан зээр, хулан тэргүүтэй ховор ан амьтад сүрэглэн бэлчдэг. Эдгээр ховор ан амьтад чуулдаг говийн гоёмсог баян бүрд бас бий. Түүнийг нутгийнхан Сухант гэж нэрлэдэг. Гүрвэл хайлам зуны халуунд магнай хага ташим хүйтэн устай горхи, голын эргийг даган ургасан битүү сухайн төгөл, хужир мараа нь хүртэл энэ баян бүрдийг чимдэг байж билээ. Гэтэл өдгөө нарийн нанги шороонд дарагдсан хэдэн саарал сухай, хариугүй хатах шахсан горхи болон хувирчээ. Гэтэл "Алтайн хүдэр" ХХК-ийн ширгэх шахсан энэхүү горхийг нь хүртэл хонхойлж, боогоод усыг ашигладаг байх юм. 

Мөн хулангийн ундаа, зээрийн ундаа, хармаг тэргүүтэй ховор ургамлууд ургана. Эдгээр ургамлаар хулан, зээрийн сүрэг ундаална. 2003 зуданд энэ нутгийн хулан нь тун цөөрсөн ч цагаан зээр сүрэглэн  бэлчээрлэсэн хэвээр байжээ. Харин тасралтгүй хөврөх хүнд даацын автомашины дуу чимээнээс зэрлэг амьтад дайжсанаар энэ хоолой цагаан зээргүй шахам болжээ. Зээр, хулан амныхаа ангааг тайлдаг гэдэг хулангийн ундаа, зээрийн ундаа зэрэг ховор ургамал нь хүнд даацын автомашинаас үүссэн нарийн ширхэгтэй тоосонд дарагдан ургахаа больсон байна.

Энэ мэт уул уурхайн компанийн уршгаар мөхөн сөнөж буй байгаль харж явсаар Монгол орны нэгэн хязгаар Бургастайн хил дээр ирлээ. Үүнээс цааш "Алтайн хүдэр" ХХК-ийн гаалийн баталгаат агуулах тун ойрхон гэлээ. Хүдэр хадгалж буй энэ газрыг Цагаан байшин нэрлэдэг юм байна. Хил дээр бүртгүүлээд цааш хэсэг явж байтал,

-Цагаан байшин тэнд байна. Харав уу гэж жолооч ах надаас асуулаа.

-Хаана? Тэр харагдаж байгаа хар уулнаас хаахна вэ гэвэл,

-Яг тэр хар уулын чинь ард бий гээд шоолонгуй инээв.

Нарийн ширхэгтэй тоосон дунд эвдэрсэн газар харж явсаар сүүлдээ залхах шинжтэй. Хурдхан очоод буцахсан гэхээс өөрийг бодсонгүй. Гэхдээ энэ уул ямар сонин тогтоцтой юм бэ. Талын дунд ганц хар уул. Бас хөөрхөн домогтой байх даа гэж бодон,

-Энэ ямар нэртэй уул бэ гэж жолооч ахаас асуувал, 

-Овоолсон төмрийн хүдэр нэртэй уул гэдэг байгаа.

Ингээд "Алтайн хүдэр" ХХК-ийн хэлсэнчлэн Бургастайн хил дээрх гаалийн баталгаат агуулах дээр ирлээ. Баталгаат агуулах гэхээр том байгууламж дотор хүдрээ хадгалдаг юм байна гэж төсөөлж ирсэн мань мэт амаа ангайтал гайхлаа. Төмөр хайсан хашаанд төмрийн хүдрийг овоотол асаагаад техникээр бас л тоос манарган тэгшилнэ. Үүнээс өөр харах зүйл огт алга. Энэ газар овоолсон хүдрийг тэгш тоотой сар бүр хятад руу гаргадаг ажээ. Цагаан байшингаас БОНХЯ-ны ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллахаар буцсан юм. Ажлын хэсэг аймаг буцах замдаа Бугат сумын иргэдийн саналыг мөн сонссон.



Улмаар Улаанбаатар хотод ирж сайдад танилцуулан дараах шийдвэрийг гаргасныг дахин сануулъя. 

Ажлын хэсэг Таян нуурын төмрийн хүдрийн уурхайгаас Бургастай хилийн боомт хүртэлх 168,3 км авто замд хатуу хучилт хийгээгүйгээс, түүнчлэн уурхай, баяжуулах үйлдвэрийн тоосжилтоос Цээл сумын байгаль орчин бохирдож, хөрс бэлчээр доройтох, хүн, малын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, авто замын осол аваар гарах үндсэн нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Ажлын хэсгээс хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах улсын байцаагчийн албан шаардлагыг өгсөн бөгөөд дараах арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлэх үүргийг өгсөн байна. Үүнд:

1. Таян нуурын уурхайгаас Бургастайн хилийн боомт хүртэлх 168,3 км авто замаас 2013 онд барихаар төлөвлөсөн 80 км замын эхний хэсгийг 2013 оны зургаадугаар сарын 15-ны дотор, үлдэх хэсгийг 2013 ондоо багтааж, 2014 онд замыг бүрэн хэмжээгээр барьж ашиглалтад оруулах;

2. Авто замын хийц, технологи, трасст өөрчлөлт орсон учир өмнө хийгдсэн Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд нэмэлт тодотгол хийлгэх ажлыг 2013 оны тавдугаар сарын 1-ний дотор гүйцэтгүүлэх;

3. Таян нуурын уурхайн дотоод зам талбай, Бургастай боомт хүртэлх 168.3 км авто замын дагууд малчин айл өрхүүд олноор суурьшсан болон экологийн ач холбогдол бүхий газруудын орчимд тоосжилтийг бууруулах зорилгоор замын усалгааг тогтмол хийж байх;

4. Авто замын дагууд зэрлэг амьтдын нүүдэллэх, дамжин өнгөрөх гарцыг тодорхой судалгааны үндсэн дээр, тухайн амьтны онцлогт тохирсон байдлаар байгуулах шийдлийг тусгайлан боловсруулж гүйцэтгэх;

5. Хүдэр тээвэрлэлтийн авто замын дагуух тэмдэг, тэмдэглэгээг хүртээмжтэй болгож, авто тээврийн осол, аваараас урьдчилан сэргийлэх, жолооч чанарын ур чадварыг сайжруулах, хариуцлагыг өндөржүүлэх сургалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн хэлтэс, Тээврийн газартай хамтран 2013 оны дөрөвдүгээр сарын 15-ны дотор зохион байгуулах;

6. Таян нуурын уурхайн баяжуулах үйлдвэрийг 2013 оны тавдугаар сарын 15, шинээр барьж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг 2013 оны зургаадугаар сарын 1-ний дотор Улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг зохион байгуулах;

8. Баяжуулах үйлдвэрээс үүдсэн тоосжилтийг тухайн газрын байгаль, цаг уурын онцлог, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшлийг ашиглан хамгийн боломжит хэмжээнд бууруулах арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэх зэрэг асуудлууд багтжээ.

Энэхүү хугацаатай үүрэг даалгаврыг хэрэгжүүлээгүй тохиолдолд уурхайн үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг авах болсноо ажлын хэсэг уурхайн захиргаанд мэдэгдсэн байна.

Б.ОЙНБИЛЭГ


0 comments:

Post a Comment