Орчлон констракшн буруутай юу

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороололд байрлах Орчлон констракшны барьж ашиглалтад оруулсан 75а, 75б гэх хоёр байрны оршин суугчдын төлөөллөөс манай www.shuud.mn  сайтын хаягаар захидал ирсэн юм. Уг захидалд дурьдсанаар ашиглалтад ороод жил гаруй болж буй тус хоёр байрны цахилгаан ойр ойрхон тасардаг. Цахилгаан тасрахад халаалт, ус нь мөн адил тасарчихна. Энэ нь тус хоёр байрны 200 орчим айлын 1000 гаруй оршин суугч, нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг эмнэлэг, цэцэрлэг, дэлгүүр, үсчин зэрэг байгууллагуудыг хохироож байгаа талаар өгүүлсэн байв.
Уг захидалд өгүүлснээр "Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо , 13 хороололд байрлах 75а, 75б  байруудыг Орчлон констракшны хууль дүрмийн дагуу барьж ашиглалтад оруулсны дараа Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээний харьяа Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төвд байраа хүлээлгэн өгсөн. Гэхдээ айл бүрээр цахилгааны код олгох ёстой ч одоог хүртэл бүгд нэг кодоор цахилгаанаа авдаг.  Нэг кодтой учир зарим айлууд цахилгааны төлбөрөө төлөөгүй тохиолдолд хоёр байрны цахилгааныг тасалдаг. Ингээд төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн өмнөөс төлбөрөө хугацаандаа төлдөг хэрэглэгчид хохирч байна. Цахилгааныг таслахдаа өглөөнөөс орой болтол өдөржин тасалдаг тул хүүхэд хөгшид, өндөр настангууд, нэ давхарт үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнүүд хохирч байна. Энэ байдал дөрөв дэх удаагаа давтагдлаа. Баянзүрх Хэрэглэгчдэд Үйлчлэх Төвд хандахаар Орчлон констракш компани байраа хүлээлгэж өгөөгүй болохоор бид нийтээрээ нь таслахаас өөр аргагүй, бид Орчлон констракшн компанийг зөндөө дуудсан ерөөсөө ирэхгүй байна гэдэг.  СӨХ-доо хандахаар Орчлон констракш компани бичиг баримтаа бүрдүүлж өгөхгүй байна. Ингэж хэдэн байгууллагуудын дунд гүйсээр иргэд маш их хохирч байна. Энэ сарын 20-нд л гэхэд өдөржин тог тасалсан, 25-нд цахилгааны мөнгө төлөгдөхгүй бол ахиад тасдана гэсэн. Хууль дүрэм үйлчилдэггүй, мөнгөө авсан л бол болоо гэсэн бодолтой, иргэдийг хохироож байгаа Орчлон констракшн компанийг хариуцсан газрууд нь арга хэмжээ аваач ээ гэсэндээ энэ мэдээг явууллаа.
75а, 75б байрны оршин суугчдын төлөөлөл
2012.02.21" хэмээн бидэнд хандсан юм.
Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу 13 дугаар хороололд байрлах Орчлон констракшны барьж, ашиглалтад оруулсан 75а, 75б   гэх байруудыг зорьсон юм. Тус хоёр байр нь анхны цахим сургууль гэгдэх 84 дүгээр сургуулийн зүүн талд байрлах бөгөөд 12 давхар, нэг орцтой барилгууд аж. Ингээд тус байрны иргэдээс  уг гомдлын талаар тодруулахад дээрх асуудал үнэхээр иргэдийг бухимдуулж байгааг гэлээ.
Оршин суугч н.Аюуш:
-Манай хоёр байрны тог цахилгаан бүтэн өдрийн турш ойр ойрхон нийтээрээ тасардаг болоод удаж байна. Яагаад ингэж тасраад байгаагийн учрыг "Баянзүрх хэрэглэгчдэд үйлчлэх төв"-өөс асуухаар танай хоёр байрны цахилгааныг нэг эх үүсвэрээс авсан учраас нэг нэгээр нь таслах боломжгүй гэдэг. Цахилгааны мөнгөө төлөөгүй айлуудын өмнөөс тогоо тасдуулж хохирч байна. Гэртээ нялх нойтон хүүхэдтэйгээ өнжиж байгаа болон хөгшин настай хүмүүс ч цөөнгүй бий. Түүнээс гадна сарын цахилгааны заалт 300 -500 квТ хүрч, сардаа 35-60 мянган төгрөгийн төлбөр төлж байна. Нарийн учрыг сайн мэдэхгүй ч байгууллага аж ахуйн нэгжийн тарифаар төлбөр авдаг гэж дуулдсан.  Манай хоёр байр "Эрдэм" СӨХ-ны  мэдэлд байдаг. 84 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан Насандэлгэр гэдэг эмэгтэй СӨХ-ны дарга хийдэг. СӨХ-ны удирдлага  нь сургууль дотор байгаа. Байгуулагдсанаасаа хойш нэг чудаа иргэдийн хурал хийгээгүй.
Оршин суугч Г.Дорж:
-Манай хоёр байрны тогийг нийтээр нь тасалж байгаад холбогдох албаныханд гомдол гаргасан. Цахилгаан тасрахаар халаалт зогсож, ус тасарчихдаг онцлогтой. Манайх 12 давхарт байдаг, лифт ажиллахгүй болохоор хөгшин настай хүн дээш, доошоо алхаж чадахгүй гэрээсээ ч гарч чадахгүй өнжиж байна. Өмнө нь "Зүмбэр орд" орон сууцны конторын мэдэлд байхад арай гайгүй байсан. Гэтэл "Эрдэм" СӨХ-ны мэдэлд очсоноос хойш цахилгаан тасрах үзэгдэл сүүлийн хоёр сард дөрөв дэх удаагаа болж байна. Цахилгаанаа төлөөгүй хэсэгхэн айлуудаас болж, иргэд хохирч болохгүй шүү дээ .

Ингээд 84 дүгээр сургуульд байрлах "Эрдэм" СӨХ-ны удирдлагатай уулзахаар тус сургуулийг зорив. Үүдний жижүүр тус сургууль дээр ямар ч СӨХ ажилладаггүй. Харин нийгмийн ажилтан н.Насандэлгэр өнөөдөр ажилдаа ирээгүй байна гэсэн тул утсаар холбогдож 75А, 75Б байруудын талаар тодруулсан юм. Тэрбээр "Би СӨХ-ны дарга нь мөн. Манай хоёр байрны 180 гаруй айл өрхийн цахилгаан нийтээрээ тасардаг гол шалтгаан нь "Орчлон констракшн" энэ хоёр барилгыг ашиглалтад оруулахдаа нэг кодоор эрх авсан юм билээ. Нэг эрхтэй болохоор аль нэгийг нь салгаж цахилгаан таслах боломжгүй гэсэн. Тэгэхээр УБЦТС-д хандахад бид "Орчлон констшракшн"-тай гэрээ хийсэн. Гэрээ хийсэн байгууллага нь хүсэлт гаргах эрхтэй гэж хариу өгсөн. Бас нэг асуудалд нь тус компани цахилгааны төлбөрийн гэрээгээ иргэн, оршин суугч гэдгээр биш өөрийнхөө нэр дээр анх гэрээ хийсэн юм билээ. Түүнээс болоод иргэдийн цахилгааны төлбөр өндөр гарч байгаа. Энэ асуудлыг ч мөн шийдэж өгөхийг хүссэн. Гэвч "Орчлон констракшн"-д энэ асуудлыг нэг тийш болгох хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл бидэнд ямар нэгэн хариулт өгөөгүй байна. Би өөрөө энэ байрны оршин суугч. Тиймээс нэг компанийн хариуцлагагүй байдлаас үүдэн хохирохыг хүсэхгүй байна. Нөгөө талаар оршин суугчид СӨХ сайн ажиллахгүй байна гэж буруутгаж байна. Үнэндээ СӨХ гэдэг тухайн байрны тохижилт, хогны асуудлыг л шийддэг байгууллага" гэв.
"Орчлон констракшн"-ы эдгээр хоёр байрны газар өмнө нь 84 дүгээр сургуулийн мэдлийнх байсан ба хэдэн жилийн өмнөөс багш нарын байр баригдана хэмээн хашаа хатган барилгын ажил эхлүүлсэн нь энэхүү  75А, 75Б гэх байрууд аж. Сургуулийн талбайг хувийн байгууллагад өмчлүүлсэн гэх асуудлаар өнгөрсөн хугацаанд тус сургуулийн захирал н.Мартагийн  тухай цөөнгүй мэдээлэл гарч байсан. Гэхдээ бүх зөвшөөрөл хууль дүрмийн дагуу гарсан, ямар нэгэн хахууль мөнгөний асуудал байхгүй хэмээн хэвлэл мэдээллээр мэдээлэгдэж байсан юм.

Энэ талаар тус сургуулийн сургалтын менежер н.Лхагвацэрэнгээс тодрууллаа.
-Танай сургуулийн зүүн талд байрлаж байгаа  Орчлон констракшны орон сууцны байр баригдсан газар нь танай сургуулийн өмч байсан гэдэг үнэн үү?

-Тийм манай газар байсан. Гэхдээ бүх юм хуулийн дагуу шийдвэрлэгдсэн. Тухайн үед манай сургуулийн зүгээс багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Орчлон консракшнтай хамтран  гэрээ хийсэн. Гэрээний дагуу манай сургуулиас тэтгэвэрт гарсан болон одоо ажиллаж байгаа 22 багш ажилчдыг хөнгөлөлтэй үнээр орон сууцжуулсан. Зах зээлийн үнээс 24 сая төгрөгөөр бага буюу 34 сая төгрөгөөр хоёр өрөө орон сууцтай болгосон. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг ингэж шийдэж байгаа нь буруу биш гэж бодож байна.
-Сургуулийн нийгмийн ажилтан СӨХ-ны дарга хийж байгаа нь ямар учиртай юм бол?
-Манай сургуулийн 22 хүн эдгээр хоёр байруудад амьдарч байгаа гэсэн дээ. Тиймээс нэг дор ажиллаж амьдардаг хүмүүсийн нэг нь СӨХ-гоо хариуцсан нь дээр гэж үзээд нийгмийн ажилтан н.Насандэлгэр багшийг даргаар томилсон юм билээ. Харин энэ байрны тог цахилгааны асуудлыг бол би мэдэхгүй.

Дээрх асуудлаар "Орчлон констракшн"-ы цахилгаан хариуцсан инженертэй холбогдлоо. Тэрбээр "Манай компани дээрх хоёр байрыг ашиглалтад оруулаад хүлээлгэж өгөх ёстой бүх зүйлийг нь шийдвэрлсэн байгаа.  Гэтэл тухайн хоёр байрны СӨХ-ны зүгээс жаахан өр төлбөрийн асуудал байгаа юм шиг байна лээ. Өмнөх СӨХ нь юм уу одоо ажиллаж байгаа нь юм уу сайн мэдэхгүй.  СӨХ-ны өр гэдэг нь зарим айлын цахилгааны мөнгөнөөс үүссэн гэсэн. Тэр хэдэн айл нь л өрөө төлчихвөл эдгээр хоёр байрны тогны асуудлыг шийдчихнэ. Манайх УБЦТС-нд өөрсдөөсөө шалтгаалах бүхнээ хүргүүлсэн байгаа" гэв.
П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

0 comments:

Post a Comment