Угсармал орон сууцнуудыг дулаална

Нийслэлд угсармал орон сууцнууд олон жил ашиглагдаж, хуучирч муудсанаас дулааны алдагдал ихтэй болжээ. Дулааны алдагдал ихтэй учраас эрчим хүчний хэрэглээ мөн тэр хэрээр ихэсдэг. Тиймээс Улаанбаатар хотын эрчим хүчнийг хэмнэж, зохистой хэрэглээг бий болгохын тулд угсармал орон сууцыг дулаалах, техникийн шинэчлэл хийх шаардлагатай болсог байна.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын 14 хороололд 5, 9, 12 давхар угсармал орон сууцны 1077 барилга байгаа юм байна. 14 хорооллын 45462 айлын угсармал орон сууцыг дулаалснаар нийтдээ 70,3 Гкал цаг буюу 31 хувиар дулаан хэмнэнэ гэж тооцож байгаа талаараа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж нар Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан дээр танилцуулав. Энэ хэмжээний дулааныг хэмнэснээр 3,4-р хорооллуудын хэмжээний орон сууцны хорооллыг дулаанаар хангах боломж бүрдэх юм.

Цаашилбал шинээр дахин төлөвлөлт хийж байгаа гэр хорооллуудад сүндэрлэх орон сууцны хорооллын дулааныг шийдвэрлэхэд энэхүү хэмнэлт маш чухал нөлөө үзүүлэх юм байна. Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар хотын угсармал орон сууцны дулаан, техникийн шинэчлэлийн талаар  авах арга хэмжээний тухай төслийг НИТХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Ундны усны асуудлыг бүх нийтийн анхаарлын төвд оруулна

Хот суурин газрын  хүн амын унд, ахуйн ус хангамжийн усны чанар, аюулгүй байдалд хийсэн шалгалтын дүнгийн талаар өнөөдөр Мэргэжлийн, хяналтын ерөнхий газрааас мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээлллийг сонсохоор Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон холбогдох яам, газруудын ажил хариуцсан хүмүүс оролцсон юм. Энэхүү шалгалтад аймаг, нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн худаг, насосны болон дамжуулах станц гээд нийт 2347 дээжинд хими нян судлал, хүнд металлын  шинжилгээ  хийлгэж үнэлэлт өгчээ. Аймаг нийслэлийн төвлөрсөн ус хангамжийн  усны 602 сорьцонд  хийсэн шинжилгээний дүнгээр нянгийн тоо 60 сорьц буюу 10,1 хувь, сумдын усны 471 сорьцонд 19,6 хувьд нянгийн тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс  тус тус их гарсан  байна.  Мөн Туул голын  усны эрүүл ахуйн үнэлгээ нь Сонгинын гүүр орчмын усанд эрс багасч дөрөвдүгээр зэргийн бохирдолтой ангилалд хамаарч байна гэсэн мэдээллийг МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан өглөө.

Шадар сайд  шалгалтын дүнг  сонсоод "Говь, тал хээрийн  бүсийн 35 сумын ундны ус хатуулаг ихтэй байгаагаас эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, бохирдолтой байгаа гэсэн дүнг  шалгалтаас тогтоосон байна. Туул голын бохирдол хирээс хэтэрч төвийн аймгийн зарим сумдын хүн,  малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд нөлөөлөх түвшинд хүрээд байна. Энэ асуудал шинээр  одоо яригдаж байгаа зүйл биш. Өмнө нь яригдаж л байсан. Харамсалтай нь ажил хариуцсан хүмүүсийн анхаарлаас байнга гадуур явсаар иржээ. Одоо үүнийг түүх болгон үлдээх цаг нэгэнт болсон. Энэ олон жилийн хугацаанд усны чанар муугаас  болж хичнээн  хүн хорвоог орхисныг судалж  тогтоосон мэдээлэл ч алга"  гэлээ. Тэрээр энэ асуудлыг ажил хариуцсан хүмүүсийн анхаарлын төвд оруулж  асуудлыг шийдвэрлэх нь бидний үүрэг. Тийм учраас  бүх нийтийг хамарсан ундны усны талаар хэлэлцүүлэг зохион байгуулах, ажлын хэсгийг ойрын хугацаанд томилж, асуудлыг яаралтай боловсруулж танилцуулга бэлтгэн Засгийн газарт оруулахыг Шадар сайд Д.Тэрбишдагва үүрэг болголоо.

Д.Цэцэг

“Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” үндэсний уралдаан эхэллээ

Үндэсний хиймэл дагуул" хөтөлбөрийн хүрээнд сансрын технологийг хөгжүүлэх, нутагшуулахад чиглэгдсэн Үндэсний уралдаан гараагаа эхэллээ. МУИС-д болсон "Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл" уралдааны нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон үг хэлж амжилт хүслээ. 66-ийн мм диаметртэй, 115 мм-ийн өндөртэй ундааны лаазанд багтахуйц 350 гр орчим жинтэй, өртөг багатай хиймэл дагуулын Кансат төрлийг олон улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон туршилтын зорилгоор зохион бүтээж, хөөргөн ашигладаг. Манай улсад энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий сайдын ивээл дор "Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл" уриатайгаар эхлүүлж байгаа юм. Анхны дагуулыг ирэх тавдугаар сард хөөргөхөөр төлөвлөжээ.

Энэхүү тэмцээнд МУИС, ШУТИС, Батлан хамгаалах их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 6 баг оролцох бөгөөд тэдний батламжийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар гардуулан өглөө.Оюун ухаанаа уралдуулж, орчлонгийн уудамд монгол хүмүүс эзэн болох энэ үйлсэд амжилт гаргахыг Ерөнхий сайд хүсээд "Энэ уралдаан нь манай улс тандалт судалгаа, холбооны дагуултай болж, бүрэн дүүрэн ашигладаг болохын эхлэл" гэж хэллээ.Оролцогч багуудыг "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК, Монголын цахилгаан холбоо" ХК, Мобиком, Орбитнэт, Жи Мобайл зэрэг мэдээлэл холбооны компаниуд ивээн тэтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишерт Итгэмжлэх жуух бичгээ барив. Монгол Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй жил Элчин сайдаар томилогдон ирж, Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд Ерөнхийлөгч Хайнц Фишер Элчин сайд Г.Батжаргалд баяр хүргээд Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд элчин сайдаар ажиллах хугацаандаа чухал хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.Элчин сайд Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Ерөнхийлөгч Хайнц Фишерт халуун дотно мэндчилгээ уламжлаад Австрийн Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.

Тэрээр цааш нь Монгол, Австрийн хамтын ажиллагааг эрдэс баялаг олборлох, өндөр технологи нэвтрүүлэх, соёл урлагийн салбарт солилцоо хийх өргөн боломж байгааг тэмдэглээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй 2013 онд Австрийн сонгодог урлагийг монголын олон нийтэд таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар зорьж буйг онцлов.

Итгэмжлэх жуух бичиг барьж, уулзалт хийх үеэр Австрийн Гадаад харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга И.Кирлэ, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Элчин сайд Хэлмут Фройнденшүс, Ерөнхийлөгчийн Ёслолын албаны дарга, Элчин сайд Алекзандер Грубмайр болон Вена дахь Монголын ЭСЯ-ны дипломат ажилтан нар байлцлаа хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Ц.Оюунгэрэл: Хууль бусаар хил давсан олон үлэг гүрвэлийн яс байгаа

Цахим уулзалтын үеэр иргэд аялал жуулчлал, спорт, чөлөөт цаг, музей, үзмэрийн гээд олон салбарын асуулт тавихын зэрэгцээ ажил хэрэгч санал ч цөөнгүй хэллээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юуны өмнө аялалын маршрут бүхий аймгуудыг хатуу хучилттай замаар холбох, аймаг бүр аялалын онцлог бүхий брэндтэй болох нь чухал. Үндэсний их баяр наадмын үеэр жуулчид олноороо ирдэг. Гэвч наадмын билетийн үнэ хаданд гардгаас эхлээд шийдвэрлэх асуудал их гэдгийг иргэд салбарын сайдад тавьсан юм. "Баяр, наадам ганцхан нийслэлд төвлөрөх бус аймаг, сумын наадмуудаа брэнд болгох хэрэгтэй. Адаглаад л аймгийн наадмууд жил бүрийн хэдэн сарын хэдэнд хийгдэх нь тодорхой байх ёстой" гэсэн хариултыг Ц.Оюунгэрэл сайд өглөө. Уулзалтын үеэр аялал жуулчлалын бизнес эрхлэгчдээс жуулчид багатай үедээ ямар нэгэн сайн дурын буяны хандив өргөж байхын зэрэгцээ, жуулчлалын бүс нутгийн иргэдэд хандсан сурталчилгаа, таниулга хийх нь чухал гэсэн санал гарлаа. "Тиранозаурус Батаар" –ын хувьд энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар Монголд хэрхэн авчрах, тээврийн зардлыг тооцох асуудлыг хэлэлцэнэ. 4 дүгээр сарын 16-17 өдрүүдэд Монголын талаас АНУ-д очиж, Батаарын ясыг тоолж, бүртгэлжүүлэхээр болсон байна. Монгол Улсын хувьд үлэг гүрвэлийн музей байгуулах нөөц, бололцоо бий. Хууль ёсоор болон хууль бусаар хил давсан олон үлэг гүрвэлийн яс байгаа. 1987 онд Европын орнуудад дэлгэгдэхээр гарсан Монгол Улсын үлэг гүрвэлийн үзэсгэлэн эх орондоо буцаж ирээгүй байна гэдгийг ч Соёл, спорт, аялал, жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл цахим уулзалтын үеэр онцоллоо. Монголд үлэг гүрвэлийн 10 музей байгуулах боломжтой юм байна.

Спортын салбарын тухайд өвлийн спортыг хөгжүүлэх, түүний тулд жилийн 4 улиралд бэлтгэл сургуулилт хийх боломжтой спортын ордонтой болох шаардлагатай гэдгийг иргэд хэлж байлаа. Мөн спорт, соёл урлагаар дамжуулан хүүхдийг багаас нь төлөвшүүлэх ажлыг Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран хэрэгжүүлж, бага ангийн хичээлийн хөтөлбөрт оруулах хэрэгтэй гэх саналыг "Өглөөний шинэ санаа"-д дэвшүүлсэн юм. Энэ удаагийн "Өглөөний шинэ санаа" цахим уулзалтыг 2500 гаруй иргэн сонирхжээ гэж

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

“UB палас”-ын үзвэрийн танхимыг хаалаа

ОБЕГ-аас өнөөдөр "Улсын онц чухал обьект"-д хийсэн шалгалтын дүнг танилцууллаа. Түүнчлэн үзвэр үйлчилгээ, худалдааны газруудын үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлсэн юм.

Монгол улсын шадар сайдын тушаалаар "Хүн олноор цаглардаг үзвэр үйлчилгээ,худалдаа, баар цэнгээний газруудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалт явуулах" удирдамжийн дагуу дээрх газруудад шалгалт хийсан байна. ОБЕГ, МХЕГ, ШӨХТГ хамтран явуулсан уг шалгалтаар нийт 20 аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хаажээ. Тодруулбал, Метрополис караоке баар, Эргэн дурсахуй диско баар, UB палас ХХК-ийн үзвэрийн танхим, Тумбааш худалдааны төв, Барс 1-р худалааны төв, Сохо ХХК-ийн Гүүрэн байгууламж үйлчилгээний төв, Дурсамж караоке баар, Амрита диско баар, Соёмбо сүлжээ кино театр, Баянзүрх бөөний худалдааны төв, Сандей плаза худалдааны төвийн зүүн жигүүрийн хэсэг, Мишээл Экспо групп ХХК-ийн үзэсгэлэнийн танхим зэрэг багтжээ. Дээрх үйл ажиллагаа нь түр хугацагаар зогсоод байгаа 20 гаруй аж ахуй нэгжийг сүүлийн галын аюулгүй байдлыг хангаагүй тул үйл ажиллагааг нь ийнхүү зогсоох хүртэл арга хэмжээ авчээ.

Д.Цэцэг

Хуульчдаас сэтгэцийн эмгэггүйг гэдгээ нотолсон магадлагаа шаардана

УИХ-аас баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль энэ сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. Энэ хуулиар хуульчийн эрх зүйн байдал, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, мэргэжлийн нэр хүнд, хариуцлагын тогтолцоо, хуульчдын мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг зохицуулах юм.

Шинэ хуулийг дагаж мөрдөх бэлтгэл ажлын хүрээнд Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу авсан хуульчийн гэрчилгээ эзэмшигч  нь мэргэжлийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэхийн тулд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүрэгтэй. Бүртгэлийг дээрх хууль хэрэгжилж эхэлсэн өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд хийх юм.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, хуульчийн гэрчилгээний эх хувь, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхэд харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт /Шүүгч, прокурор, өмгөөлөгч нар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн магадлагаа, бусад хуульч  нар аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн сэтгэц, наркологийн кабинетын магадлагаа/ бүрдүүлж Хууль зүйн яамны харьяа Хууль зүйн үндэсний хүрээлэнд биеэр хүргэх юм.  Шинэчилсэн бүртгэлд хамрагдсанаар Хуульчийн холбооны гишүүн болж, Хуульчийн анхдугаар их хуралд оролцох эрхтэй болно. Харин дээрх хугацаанд бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ нь хүчингүй болох юм байна.

Д.Цэцэг

Хар шороо олборлон ашигласны төлбөрийг тогтооно

Хот тохижилт цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар хар шороон хөрсийг ашиглах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаандаа танилцууллаа. Аливаа байгалийн нөөц баялгийг ашигласны төлбөр, хураамжийн хэмжээг орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хуульд заасан хязгаарт багтаан тогтоож, зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн хэрэгцээг хангадаг. Харин нийслэлийн хувьд 1998, 2005 онуудад гарсан тогтоолоор нийслэлд хар шороон хөрс ашигласны төлбөрийг авдаг байсан байна. Гэвч дээрх тогтоолууд нь Нийслэлийн ИТХ-ын 2011 оны тогтоолоор хүчингүй болжээ. Тиймээс нийслэд хот цэцэрлэгжүүлэх зориулалтаар хар шороо олборлон ашигласны төлбөрийг авах эрх зүйн боломжгүй болсон байна.
Хар шороо нь нийслэлийн нутаг дэвсгэрт хязгаарлагдмал нөөцтэй тархсан, нөөцийн хэмжээг нь албан ёсоор тогтоогоогүй, зөвхөн хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар жил бүр 5000-8000 шоо метрийг олборлож ирсэн хөрсний үржил шимт ялзмаг бүхий давхарга юм байна. Анх 1198 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор хар шороо ашигласны төлбөрийг 400 төгрөгөөр тогтоож жил бүр хот цэцэрлэгжүүлэлтийн зориулалтаар Нийслэлийн хот тохижилтын газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, "Цэцэрлэгжилт" ХХК зэрэг мэргэжлийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжид төлбөртэйгээр олборлуулж иржээ.

Одгоогоор нийслэлд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Тахилт, Баруунтуруун, Зүүнтурууны амаас сүүлийн 20 гаруй жил хар шороог олборлож байгаа юм. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хар шорооны олборлолт хийсэн тохиолдолд газрын хөрсний нөхөн сэргээлтийг технологийн дагуу хийсэн ч хар шороо нь маш удаан хугацаанд бүрэлдэн бий болдог онцлогтой  аж. 2012 онд хар шороог ашигласны төлбөр тооцож зөвшөөрөл олгох боломжгүй байсны улмаас хууль бусаар олборлож, газрыг нөхөн сэргээлт хийлгүй орхисон зөрчлүүд гарчээ.
Нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, экологийн асуудал хариуцсан Т.Бат-Эрдэнэ  хар шорооны зах зээлийн ханш байнга өссөөр ирсэн боловч хар шорооны нөөц бүхий газар багасаж байна. Тиймээс хар шороо ашигласны төлбөрийг 1000 төгрөгөөр тогтоох саналтай байгаагаа хэллээ. Цаашид хар шороог олборлох түр зөвшөөрөл олгож, байгалын нөөц ашигласны төлбөрийг тооцох, улмаар газрыг нөхөн сэргээлгэх эрх зүйн орчин үгүйлэгдэж байна гэдгийг тэрээр онцоллоо.
Удирдлагын зөвлөлийн гишүүд энэхүү асуудлыг хэлэлцээд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд өргөн барьж шийдвэрлүүлэхээр боллоо. Хэрвээ НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү саналыг дэмжвэл нэг шоо метр хар шороо ашигласны төлбөрийн хэмжээ 1000 төгрөг болох юм.

Д.Цэцэг

Засгийн газрыг огцруулах санал өргөн барив

УИХ-ын гишүүн, МАН-ын дарга Ө.Энхтүвшин, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай саналаа өнөөдөр /2013.04.12/ УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх нь зүйтэй гэж МАН-ын гишүүд үзэж байгаа юм байна.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдан ажилласан өнгөрсөн найман сар гаруйн хугацаанд улс орны эдийн засаг хүндэрч, бараа, бүтээгдэхүүний үнэ өсч, гадаадын хөрөнгө оруулалт хумигдаж байгаа гэнэ. Гэвч Засгийн газар энэ бүгдэд дорвитой арга хэмжээ авахгүй байгаа нь Ерөнхий сайдыг огцруулах үндэслэл болж байгаа юм гэж Ө.Энхтүвшин гишүүн ярьж байлаа.

Огцруулах саналыг ирэх долоо хоногт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах юм.

Н.Бүжин

Гар урлалын бүтээл үйлдвэрлэгчид номын дуу сонсч байна

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс ЮНЕСКО-БНСУ-ын Итгэлцлийн  сангийн дэмжлэгтэйгээр Монгол улсад соёлын болон гар урлалын олон төрөл зүйлийн  бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чадавхийг бэхжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд ЮНЕСКО-гийн Монголын  Үндэсний Комисс болон Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа хамтран "Соёлын болон гар урлалын бүтээлийн үйлдвэрлэлийн чадавхийг Дэлхийн олон улсын чанарын стандартад нийцүүлэх нь"  сургалт семинарыг энэ сарын 11-17-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулж байна. Энэхүү сургалтанд Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын нутаг дэвсгэрт оршдог  хоёр аймгийн таван сум Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Хотонт, Хашаат сумдын гар урлаачдын төлөөлөл хамрагдаж байгаа юм. Уг сургалтыг Олон улсын гар урлалын шинжээч  Жозеф Ло  хөтлөн явуулж байна. Түүнчлэн ЮНЕСКО-гийн чанарын батламжит гар урлалын бүтээлийн шагналыг хүртсэн Ноосон зангилаа дундын хоршооны дарга Ц.Цэнд-Аюуш Монгол улсаас бүтээгдэхүүн оролцуулж байсан арга туршлагаас хуваалцах аж.

Д.Цэцэг

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөг болголоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байгаагаас 36.7 хувиар нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгох шийдвэрт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо гарын үсэг зурлаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоож байх ёстой.

Энэ дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөхөөс нь 30 хувь өсгөн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөгөөр тогтоосон. Харин үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа бөгөөд гол нэрийн бараа бүтээгдэхүүн өсч байгаатай холбогдлуун энэ хэмжээг нэмэхийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хэд хэдэн удаа хуралдаж, өчигдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгохоор тогтоож, гарын үсэг зурсан байна.

Энэ шийдвэр ирэх арвандугаар сард улсын төсөв хэлэлцэгдэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх юм байна.

Н.Бүжин

Улсын дээд шүүхийн шүүгчдийг томилов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр зарим хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Батаагийн Батцэрэн, Баттогоогийн Цогт, Готовдоржийн Цагаанцоож, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Дашхүүгийн Цолмон, Мишигийн Батсуурь, Хуушааны Эрдэнэсувд нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов.

Төрийн өөр ажил, албан тушаалд томилогдсон тул Батаагийн Батцэрэнг Нийслэлийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний, Баттогоогийн Цогтыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Готовдоржийн Цагаанцоожийг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн, Дамдины Ганзоригийг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн,Мишигийн Батсуурийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн, Хуушааны Эрдэнэсувдыг Нийслэлийн шүүхийншүүгчийн албан тушаалаас тус тус чөлөөллөө.

Улсын дээд шүүхийн шүүгчээршинээр томилогдсон шүүгч нарт  Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, хууль ёсыг дээдэлж, шүүхийн шинэчлэлийг хэрэгжүүлж, шударга ажиллахыг захин шүүгчдийн үнэмлэхийг гардуулав.

Тогтолцооны хямрал ба хуульчилсан стандарт

Ердөө арваадхан жилийн өмнө 300 гаруйхан сая төгрөгийн улсын төсөвтэй байсан Монгол улс өнөөдөр төсвөө хэдэн арван их наяд төгрөгөөр тоолох болжээ. Эрүүл саруул ухаанаар бодоход ард иргэдийн халаасан дахь мөнгө төдий чинээ нэмэгдэх учиртай. Амьдрах орчин маань ч тэр хэрээр сайжирсан байх учиртай. Гэсэн ч байдаггүй ээ. Бахь байдгаараа… Улсынхаа ирээдүйд чиглэсэн том том төслүүд хэрэгжүүлж эхэлсэн үү гэвэл бас л үгүй нөгөөх л бахь байдгаараа. Тэр их мөнгөний урсгал хаашаа ямар гээч бирдийнх нь хоолойгоор гулсчихдаг юм бүү мэд. Том том төсөл хөтөлбөр ярьсаар маргалдсаар л сууцгаана.

Тавантолгой, Эгийн голын усан цахилгаан станц, Оюутолгой энэ тэрийн бүтэлгүйтлээр өрнөж сүүлдээ монголчууд толгой дараалаад хэдэн зуун саяын өрөнд унаж эхэлж байх шиг. Жишээ бол хангалттай. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний тасалдалгүй байх гэж доноруудаас даруй хоёр том цахилгаан станц барьчих мөнгийг дөрөвдүгээр цахилгаан станц руу оруулчихсан байх жишээтэй. Тусламж, зээлийн тэр их хөрөнгө мөнгө огтоос ашиглагддаггүй техник хэрэгсэл болоод агуулах саванд тоосонд дарагдаад л байж байна. Тавантолгойд шахсан машин техникийн сэлбэг дугуй үнэн хэрэг дээрээ уурхайд огтоос хэрэглэгддэггүй зүйл байсан нь сая л тодорхой боллоо шүү дээ. Бас тэр МИАТ-ыг хар. Хэдхэн нөхөд нийлж байгаад хэд зуун сая ам.долларыг зувчуулчихсан, хоригдож шалгагдаад сууж байна.

Монгол улс хэдхэн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг огтоос татдаггүй л байсан шүү дээ. Хэдэн тэрбум доллар цуглуулах нь бүү хэл сая долларын хөрөнгө оруулчих ч хүн олддоггүй байлаа. Байгалийн баялаг маань л биднийг ертөнцийн бэлтэй бүхний анхааралд өртөхүйц болгосон. Харин эхнээс нь бид ухаантай хандсангүй. Улсын гэхээсээ өөрийн хувийн эрх ашгаа дээдлэсэн төрийн түшээд нийгэм эдийн засгийн амьдралыг хэрхэн сүйрүүлж болдгийн яруу тод жишээг Төв азийн энэ баян чинээлэг хэрнээ ядуу орон үзүүлж чадаж байна гэж гадны хэвлэлд бичиж байгаа нь үнэний ортой. Бизнес улс төртэй зууралдахаар холион бантан болдгийн сонгодог жишээ ч гэж нэрлэж болно. Оруулах хөрөнгө оруулалт нь тодорхой олох ашиг орлого нь бүүр ч тодорхой байхад улс төр болоод хувийн үүднээс гацаанд оруулаад эхэлбэл алт нь гууль ч биш шороо болон хувирах юм даа.

Төрийн хүний ёс жудаг, баримтлах үзэл санаа, ёс суртахуун гэж бий. Эрх мэдлийн цаана заавал үүрэг хариуцлага гэж байх ёстой. Төр нээлттэй тунгалаг байж гэмээн алив хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах арга зам ямагт хаалттай байдаг. Өнөөдөр төрийн албанд ямар их хүнд суртал нүүрлэснийг хэн хүнгүй л мэднэ. Иргэн танд хүндэтгэлгүй хандаж, хаалттай хаалга мөргүүлээд байх тусам цаана нь хээл хахууль авлигын гүн гүнзгий сүлжээ байна л гэсэн үг. Доод, дунд шатанд ийм байдал нүүрлэвэл дээшээгээ хэдэн зуун тэрбумаар тоологдох авлигын аалзны тор бүрхсэн байна гэж ойлгож болно.

Төр үнэндээ хамгийн муу менежер гэдэг нь үнэн. Төр 100 хувь эзэмшиж байгаа Эрдэнэс Тавантолгой өнөөдөр үйл ажиллагаа нь доголдож саармагжих болсон нь үүнтэй холбоотой. Хувийн эзэмшлийн уурхайнуудыг хар л даа. Менежментийн бодлогоо зөв тодорхойлж идэвхтэй сайн ажилласнаар ямар их үр дүнд хүрч байна даа. Гэтэл төр нь болохоор явдаггүй. Үнэндээ бид маш сонин, хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Иргэддээ дарамт үзүүлдэггүй өөрийнхөө үүргийг сайтар ухаарсан төрийн тогтолцоотой байх нь юу юунаас илүү чухал байна.

Манайд дутагдаж байгаа хамгийн том шинэчлэл бол стандартын шинэчлэл. Евро стандартад нэгдэх тухай саяхнаас ярих болж. Оройтсон боловч даруй хийж хэрэгжүүлэх шинэчлэл юм шүү. Энгийнээр ойлгоход бүх зүйлийг үйлдвэрлэн бүтээн босгоход ямар материалын орц, ямар эрүүл ахуйн чанар, ямар хөдөлмөр хөлсний үнэ тарифтай байх стандартыг тогтооно. Энэ л стандартыг хуульчилж нарийн чанд мөрдөөгүй л бол уучлаарай таны үйлдвэрлэсэн бүтээсэн юу ч байсан зах зээлд нэвтрэх эрхгүй. Нөгөө улиглаад байгаа ашиг сонирхлын зөрчил, танил талаа татаж авлигадах хар буруу юм бүхэн хаагддаг юм билээ. Байшин дээрээс мод чулуу нисч ирээд хүн амьтан алчихдаг, чанаргүй хоол хүнсээр эрүүл мэндийг нь сүйтгэдэг, улсын хөрөнгө мөнгөөр тансагладаг, завшдаг бүхэн алга болно. Яагаад гэвэл бүх юм нэг л жишгийн стандартын дагуу зах зээлд нэвтэрнэ. Зөвхөн энэ салбарт ч бус эрүүл мэнд, боловсрол бүүр цаашлаад төрийн үйлчилгээний хуульчлагдсан стандартын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй нь энэ бүхнээс харагдаад байгаа юм.

Бид авлига хээл хахууль, төр бизнесийн дарамт гэж том том хадны мангаа босгочихоод нөгөөх рүүгээ хий хоосон цэрэглэн дайраад байдаг болохоос биш яг нийгэм эдийн засгийн тогтолцооныхоо юун дээр алдаад байгааг төдийлөн ухаарахгүй байх шиг байна. Тогтолцооны эвдрэл, хаалттай хөшигний цаадах төрийн байгууламж, үйл ажиллагаанаас болоод хямрал гүнзгийрээд байгаа юм.

Н.Бадамжав

Эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгана гэв

УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордны "В" танхимд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Уг асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэд албан бичиг хүргүүлж тэтгэврийн зөрүүг арилгах боломж бий эсэхийг судалж хариу өгөхийг хүсчээ.

Өнгөрөгч 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хэрэгжиж эхэлсэн Засгийн газраас 126 дугаар тогтоолоор 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн буюу  20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж зохицуулсан нь 35-45 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр нь шалтгалан албадан тэтгэвэрт гаргасан гэж үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 1991 онд  энэхүү тогтоолын дагуу тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд эд ажиллах насандаа албан шахалтаар тэтгэвэрт гарчээ.

Өнөөдөр ажилласан жил хүргэхгүй гэсэн шалтгаанаар эдгээр эмэгтэйчүүд 80-120 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэнэ. Тухайн үед тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд өдгөө 60-65 наснынхан. Энэхүү тогтоол нь олон арван жилийн турш тэдгээр эмэгтэйчүүдийн ажиллах эрхийг боогдуулж, ар гэрийхнийг нь хохирооход хүргэсэн гэл ээ.

Тэр үед эдийн засгийн дараалсан хямрал  тохиож, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд хаагдаж социализмын үед байгуулсан, эмэгтэйчүүд голлон ажилладаг нийгмийн үйлчилгээний сүлжээ нуран унаж,  орон тооны цомхотгол хүчээ авч байсан үед ийм шийдвэрийг бодлогоор гаргасан гэж хэлж болно гэв.

Тиймээс 2012 оны есдүгээр сард батлагдсан "Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулиар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний ажилласан жилийг нөхөн тооцох  хууль батлагсантай холбоотой уг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.3 –т зааснаар өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж хуулийн үйлчлэх хүрээг заасны дагуу дээрх тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд нь өөрөөс  үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Н.Бүжин

Ерөнхийлөгчид бараалхав

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав.

Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өмнө нь 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед түүний урилгаар Монголд айлчлан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны чиглэлээр олон чухал асуудал хэлэлцэж Хархоринд очиж Хөшөө цайдам дахь Түрэгийн үеийн хөшөө дурсгалуудыг эргэж байсан юм. Энэ удаа ч ноён Рэжэп Тайип Эрдоан тэнд очиж Тоньюкүкийн хөшөөг эргэхээр болсон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан нарын уулзалт тэр үеийг дурссан эртний андуудын яриагаар эхлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр "Таныг Монгол Улсад айлчилж байгаад маш их баяртай байна. Таны энэ удаагийн айлчлал хоёр улсын уламжлалт, найрсаг харилцааг өргөтгөн бэхжүүлэхэд чухал түлхэц өгнө гэдэгт найдаж байна. Манай хоёр ард түмэн олон зууны тэртээ нэг газар нутагт хаяа дэрлэн оршин сууж байсныг гэрчлэх олон хөшөө, дурсгал Монгол нутагт байдгийг та сайн мэднэ. Та тэнд 2005 онд очиж байсан. Түүнээс хойш хөшөө, дурсгалуудыг хамгаалах олон ажил хийж зам тавьсан. Хөшөө, дурсгалуудыг хамгаалах байшин, барилга барьсан.

Хоёр улс 1969 онд дипломат харилцаа тогтоосноор түүхэн уламжлалт харилцаагаа сэргээн хөгжүүлэх үндэс тавигдсан. Монголд 1990 онд ардчилсан хувьсгал ялж, ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш Монгол, Туркийн харилцаа хурдан хөгжиж, асар богино хугацаанд өндөр түвшинд хүрсэнд бид их баяртай байна. Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг эхнээс нь дэмжиж тал бүрийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ирсэн Бүгд Найрамдах Турк улсын Засгийн газар, Туркийн ард түмэнд танаар уламжлан чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улс Бүгд Найрамдах Турк улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд Турк улсыг гуравдагч хөрш гэж албан ёсоор тодорхойлсон байдаг.

Өнгөрсөн гуравдугаар сарын 27-28-нд Анкара хотод Монгол, Туркийн Засгийн газар хоорондын Эдийн засаг, худалдааны хамтарсан хуралдаан амжилттай болсон. Хоёр улс юуны өмнө барилга, хот байгуулалт, арьс шир боловсруулах шинэ цогцолбор байгуулах болон аялал, жуулчлалын салбарт хамтран ажиллахаар тохиролцож байгааг зүйтэй гэж үзэж байна" гэлээ. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн чин сэтгэлийн мэндчилгээг Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхийлөгч, эрхэмсэг ноён Абдулла Гүлд дамжуулж, Монгол Улсад албан ёсоор айлчлах урилгатайг уламжилж өгөхийг хүслээ.

Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан "Туркийн иргэний агаарын тээврийн компани Улаанбаатар руу хийдэг шууд нислэгээ долоо хоногийн өдөр болгон хийхээр төлөвлөж байна. Өчигдрийн байдлаар хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих асуудлаар гарын үсэг зурсан. Үүнээс хойш хоёр улсын хооронд харилцан айлчлал нэмэгдэх байх гэж найдаж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улс, Туркийн хооронд худалдааны эргэлт бага байгаа. Гэхдээ энэ байдал хурдтай нэмэгдэнэ гэж үзэж байна. 2015 он гэхэд худалдааны эргэлтийг  250 сая ам.долларт хүргэх зорилт тавиад байна" гэлээ.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд нар олон улсын асуудлаар санал солилцов.

www.President.mn

“Буянт Ухаа-I” хороололын шав тавих ёслол боллоо

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан" нисэх онгоцны буудлын хойд талын 4,63 га газарт баригдах "Буянт-Ухаа I" орон сууцны хорооллын барилга угсралтын ажлын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Жүгдэр болон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх компаниудын ажилчид оролцов.

Шинэчлэлийн Засгийн газраас "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг  эрчимжүүлэхээр  гаргасан Монгол улсын ерөнхий сайдын 2013 оны  дөрөвдүгээр сарын  5 өдрийн  59 тоот захирамжын дагуу  бүтээн байгуулалтын ийнхүү эхэлж байгаа аж. Уг ажилд дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, зорилтот бүлгийн иргэдийг хямд орон сууцаар хангах зорилгоор "Буянт Ухаа I" хороооллын  1570 айлын орон сууцны барилгын  ерөнхий захиалагчаар Орон  сууцны санхүүжилтийн корпораци, ерөнхий гүйцэтгэгчээр "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.

Энэхүү "Буянт Ухаа-I" хороолол тэнхлэгээрээ 24х12,6 хэмжээтэй, төмөр бетон бүрэн цутгамал хийцтэй, зоорийн давхартаа автомашины зогсоол бүхий 9 давхар,63 айлын орон сууцны 28 барилга болон 128 хүүхдийн цэцэрлэг,үйлчилгээний төв баригдах бөгөөд  тус бүр 7 барилга бүхий 4 блок хэсгээс бүрдэх аж. Уг хорооллын блок бүрийн дунд 76 автомашины зогсоол бүхий нэгдсэн граж,түүний дээр иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд барилгыг 2013 оны 4-р сараас эхлэн 2014 оны хоёрдугаар улиралд ашиглалтанд өгөхөөр төлөвлөжээ.

Харин энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллах "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-д "Улаанбаатар барилга" ХХК,"И Си Си" ХХК, "Дельта констракшн" ХХК, "Бүти" ХХК, "Эрэлт импекс" ХХК-иуд нэгдсэн байна. Тэд эх орныхоо бүтээн байгуулалт нэгдэж, харин Засгийн газраас үндэсний компаниудыг дэмжих бодлого баримтлан ажиллахаар болсон нь энэ аж.

Шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ "Монголчууд барилга барьж чаддаг гэдгээ хэдийнээ баталсан. Тиймээс үндэсний барилгын компаниудаа дэмжих зорилгоор энэ ажлыг эхлүүлж байна. Ирэх намар гэхэд эхний 500 айлын орон сууц бэлэн болсон байна. Харин ирэх 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр үлдсэн барилгууд бэлэн болж бүрэн ашиглалтад өгнө гэдгээ амалж байна. Маш сайн цаг хугацааг тооцож, монголчууд нэгдэж ажиллах гэж байгаад баяртай байна.

Одоо удахгүй барилгын компаниудын удирдлагууд, барилга шаардлагатай бүтээгдэхүүн нийлүүлэгч үндэсний компаниудын удирдлагуудын нэгдсэн уулзалтыг зохион байгуулна. Ингэснээр бүтээгдэхүүн нийлүүлэлт хурдан шуурхай байхаас гадна монголчууд өөрсдийн хийж бүтээж чаддаг бараа бүтээгдэхүүнээр үндэсний барилгын компаниуддаа дэмжин ажиллах юм. Тэр хэрээр ажлын байр, барилгын ажлын явц ч хурдасна. Эдгээр барилгууд нь зах зээлийн үнээс хямд үнэтэй байх ч чанар хийцийн хувьд маш сайн байна гэдгийг Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн зүгээс мэдэгдэж байна. Түүнчлэн дараа дараагийн төлөвлөсөн байршлууд дээр баригдах  барилгад үндэсний компаниуд нэгдэж ажиллаасай. Төрөөс дэмжлэг үзүүлнэ. Зөвхөн хямд үнээр орон сууцжуулах төсөл хөтөлбөрөөс гадна цаашид хямд үнэтэй, урт хугацааны зээлээр нийтийн байрыг барьж ашиглалтад оруулах боломжийг холбогдох албанынхан судалж байгаа. Ингэснээр залуучууд болон залуу гэр бүлийг дэмжих бодлогын нэг хэсэг болно" гэв.

Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Улаанбаатар барилга" ХХКийн ерөнхий захирал Б.Жүгдэр "Буянт Ухаа-I хороололын бүтээн байгуулалтад оролцож буй таван барилгын компанийн 1200 гаруй ажилчид энэ талбайд ажиллана. Үндэсний бүтээн байгуулалт гэдэг утгаараа бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниуд ч бидний ажилд хамтарна. Нийт 2000 гаруй хүний хүч хөдөлмөрөөр сүндэрлэх энэхүү бүтээн байгуулалтыг хэсэгчилсэн байдлаар хийж гүйцэтгэнэ. Таван компанийн хувьд зөвхөн чанарыг чухалчилна. Учир нь үнэ хямд гээд чанаргүй байх ёсгүй. Нийслэл хотыг орон сууцжуулахад халуун ус, хүйтэн ус, бохирын асуудал их чухал байдаг. Эхний 540 айлын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээд байгаа. Үлдсэн 1000 гаруй айлын орон сууцны дэд бүтцийн асуудлыг барилга угсралтын явцад шийдэх боломжтой" гэв.

П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

Компанийн засаглалын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэв

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргалаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг өнөөдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо. Асуулгын хариуг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав.

Сайдын танилцуулснаар, 2012 оны эцсийн байдлаар нийт 328 хувьцаат компани Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэйгээс төрийн өмчийн 23, төрийн өмчийн оролцоотой 30, хувийн өмчийн 275 компани байгаа аж. Эдгээр 328 ХК-ийн гаргасан энгийн хувьцаа бүртгэгдсэн байгаа боловч аж ахуйн үйл ажиллагаа нь бүрэн зогссон, өмч хөрөнгийг бүрэн үрэгдүүлсэн хувьцаат компаниуд нэлээд байгаа юм байна. 2012 онд 50 ХК-ийн асуудлыг шийдвэрлэсэн ба одоогийн байдлаар нийт 115 ХК ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, өмч хөрөнгө нь үрэгдсэн байдалтай байгаа бөгөөд 2008 оноос хойш эдгээр компаниудын бүрэн эрх дуусгавар болсон байна.

Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хувьцаат компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн шинэчилсэн дүрмийг хуульд нийцүүлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр нийт 161 ХК дүрмээ шинэчлэн баталж, үйл ажиллагаа явуулж буй нийт ХК-ийн 75.6 хувь нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ТУЗ-ийн гишүүдийг зохих хууль тогтоомжоор тогтоосон шаардлагын тагуу сонгосон нийт 68 ХК байгаа ажээ. Нийт 31 компани ТӨЗ-ийн дэргэдэх Аудитын, Нэр дэвшүүлэх, Цалин урамшууллын хороог байгуулжээ.

Компанийн тухай хуулийн дагуу буюу санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг тараах эсэх талаар шийдвэр гаргасан 38 компани байгаа бол Компанийн тухай хуулийн 65.3-д хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зах хүргэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж заасны дагуу Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зах хүргэх тухай журам"-ыг шинэчлэн байна. Уг журамд зааснаар аливаа хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан этгээд нь энэ талаарх шийдвэр гаргаснаас хойш 3 хоногийн дотор "Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл"-ийг СЗХ, МХБ ХК-д хүргүүлэх үүрэгтэй. 2012 онд СЗХ-нд нийт 183 ХК-иас хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн байна.

Компанийн тухай хуулийн 59.11-д заасны дагуу СЗХ нь хувьцаат компаниудын хурлын материалыг хүлээн аваад тухай компанийн жилийн тайлан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталсан эсэхэд хяналт тавьдаг. СЗХ-нд ирсэн нийт хувьцаат компаниудын хувьд 2011 оны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны талаарх гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн тайлан, дүгнэлтийг ирүүлсэн байна.

Хуувь зүйн сайд Х.Тэмүүжинасуулгын хариуг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариултаа авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Компанийн хуульд том өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш компанийн засаглал сайжирч байна уу. Компаниудын үйл ажиллагаанд ямар дутагдал оршиж байна вэ. Хуулийг хэр үр дүнтэй байна гэж дүгнэж байгаа вэ хэмээн лавлалаа.

СЗХ-ны дарга Д.Баярсайханы хариулснаар, Компанийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад компанийн засаглалын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн ажээ. Компанийн хуулийг сурталчлах, сургалтууд нэлээд хийсэн гэж тэрбээр хэллээ. Хувь нийлүүлэгчдийн хурлаа зарласан компаниудын тоо нэмэгдэж байгаа аж. Хуулиар хүлээсэн хугацаанд компаниуд хурлаа хийсний дараа нэлээд асуудал тодорхой болно. Шинэ хуулиар 161 ХК дүрмээ шинэчилсэн. Энэ бол нэлээд том үзүүлэлт гэж тэрбээр хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХК-иуд дампуурч байна. "Эрдэнэт", "Багануур" алдагдалтай ажиллаж байгаа. "Оюутолгой", "Тавантолгой"-г бид харж байна. СЗХ-ны дарга эрхзүйн орчин бүрдсэн гэж байна. Тэгвэл одоо хэрэгжүүлж эхлэх цаг болсон. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах цаг болсон хэмээн тэрбээр сануулж байлаа.

СЗХ-ны дарга хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй гээд, түүнээс өмнө сургалтыг зохион байгуулахын чухлыг дурдаж байв. Компанийн тухай хууль батлагдсанаас хойш зарим ТББ-тай хамтран ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлуудад компанийн засаглалын чиглэлээр сургалт зохион байгуулж эхэлсэн юм байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 18 удаа сургалтыг зохион байгуулжээ. Сургалтуудад нийт 267 эрх бүхий албан тушаалтан хамрагдаж зохих гэрчилгээг авсан юм байна.

УИХ-ын гишүүд ХК болон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн нийт гишүүдийн 1/3 нь хараат бус байх заалт хэрхэн хэрэгжиж байгаа, нийт компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулсан байх заалтын хэрэгжилт, компанийн ТУЗ тухайн жилд ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргах заалтын хэрэгжилтийн талаар тодруулан хариулт авсан.

Н.Түвшин

МИАТ-ын шинэ захирлыг шалгаж эхэллээ

МИАТ-ын хуучин  удирдлагуудын хэргийг шалгах явц үргэлжилж байгаа бол шинэ гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг ч эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэллээ.

Тодруулбал, МИАТ-ын катерингийг хувийн компанид өгсөн асуудлаар УМБГ-аас  эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар  Зам тээврийн сайд А.Гансүх албан ёсоор мэдэгдсэн байна.

Уг асуудлаар яамны төрийн нарийн бичгийн дарга нь "МИАТ-ийн Баянхонгор аймгийн "Нүхт-тур" ХХК-тай байгуулсан их хэмжээний мөнгөний гэрээг цуцлах, МИАТ компанид учирсан хохирлыг хууль хяналтын байгууллагад хандаж нэхэмжлэх, гэрээ байгуулсан үйл ажиллагаа нь МИАТ-ийн холбогдох албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй байгааг шалгуулах арга хэмжээг авах" тухай албан бичгийг МИАТ-ын удирдлагуудад илгээж байв.

Түүнчлэн МИАТ компанид одоогоор УМБГ болон Төрийн өмчийн хороо зэрэг таван байгууллагаас санхүүгийн шалгалт хийж байгаа бөгөөд шалгалтын явцад тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Жаргалсайхантай холбоотой ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн тухай эх сурвалжийн мэдээлэл байна.

Н.Бүжин

Хөшөө цайдмаас орон сууц



Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд ноён Рэжэп Тайип Эрдоаны Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар айлчилж буй Турк улсын Ерөнхий сайд ноён Рэжэп Тайип Эрдоан дагалдан яваа төлөөлөгчдийнхөө хамтаар өчигдөр 16.30 цагийн орчимд онцгой үүргийн нислэгээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм. Айлчлалын бүрэлдэхүүнийг угтан авах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд болж өнгөрсний дараа хоёр улсын Ерөнхий сайд нар ганцаарчилсан уулзалт хийсэн бол дараа нь Засгийн газрын сайд нарыг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээр хийсэн юм.

Хэлэлцээрийн дүнд Монгол Улс Турк улстай 2004 оноос эхлүүлсэн иж бүрэн түншлэлийн харилцаагаа стратегийн түншлэлд хүргэх зорилт тавьсан байна. Мөн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн чиглэлийн харилцаа өргөжих нөхцөл бүрдүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан нар хэвлэлийнхэнд хийсэн хамтарсан мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм. Энэ тухай тоймлоё.

Барилгын салбарт хамтарна


УИХ-аас 2010 онд "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр баталснаас хойш гурван жил болж байгаа ч 100 мянган айлыг орон сууц барих ажил төдий л эрчтэй явахгүй байгаа. Тэгвэл энэ ажилд Турк улс хамтрах болж байна. Тус улсын хувьд өнгөрсөн 10 жилийн хугацаанд 400 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан бол одоо 100 мянган айлын орон сууц баригдаж буй аж. Тиймээс туршлага байна, энэ бүхнээрээ туслахад бэлэн гэж буй юм. Тэр дундаа Улаанбаатар хот дахь гэр хорооллыг барилгажуулах туршлага бий гэдгээ Турк улсын Ерөнхий сайд онцлов. Эл барилгажуулах ажилд Туркийн хувийн хэвшлийн компаниуд онцгой үүрэгтэй оролцох юм байна.


Тус улсын хувьд авто зам, барилга барих туршлагаараа дэлхийд тэргүүлэх чиглэлтэй орнуудын тоонд багтдаг байна. Орон сууцны хорооллыг гол төлөв хотхон хэлбэрээр байгуулдаг. Дээд тал нь таван давхар байхаар, ингэхдээ шаардлагатай дэд бүтцийг цөм багтаасан хороолол барьдаг аж. Иргэдээ 10-15, 20 хүртэл жилийн хугацаатайгаар урт хугацаатай зээлд хамруулах замаар орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж буй болохоо Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан мэдэгдсэн юм. Тиймээс Турк улсын орон сууцжуулах хөтөлбөрийг Монголд нутагшуулах ажил ийнхүү 100 мянган айл орон сууц барих бүтээн байгуулалтын их ажлын хүрээнд эрчимжих болж байна.

Туркчууд визгүй зорчино


Турк улсад Монгол Улсын иргэн 30 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхийг эдэлж ирсэн бол энэ удаагийн айлчлалаар Турк иргэд Монгол Улсад визгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хоёр тал тохиролцоонд хүрчээ. Энэ нь дээрх барилгажуулах их ажилд Турк иргэдийг татан оролцуулахад визээс чөлөөлөх давхар бодлоготой уялдаж байгаа бололтой. Дулааны улирал ирэхэд хятад иргэд олноороо Монгол Улсад ирж авто зам, барилгын салбарт ажилладаг. Тэгвэл энэхүү хятад иргэдээр хүч түрж байсан гадаадын ажиллах хүчний бодлого гуравдагч хөршөөр сүлэгдэх бололтой. Нөгөөтэйгүүр, энэхүү визгүй зорчих нөхцөл нь хоёр улсын хооронд аялал жуулчлал хөгжих таатай боломж бүрдүүлнэ хэмээн хоёр улсын Ерөнхий сайд нар тэмдэглэв.



Монгол Улсад Туркчуудтэй холбоотой хөшөө дурсгал олон бий. Түүнийг үзэх сонирхолтой турк жуулчид олон байдаг. Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны хувьд 2005 онд Монгол Улсад айлчлах үеэрээ Хархорин дахь Хөшөө цайдам руу автозам тавих, Түрэгийн үеийн хөшөө дурсгалыг сэргээх засах зэрэг томоохон ажлын шавыг тавьж байсан бол одоо тэрхүү замаар аялагчид жуулчид зорчих болжээ. Энэ нь одоо тус түүхэн дурсгалт газрыг үзэхэд авто замаар саадгүй явж хүрэх боломжтой болсон байна. Мөн судалгаагаар 2012 онд Турк улсаас Монгол Улсад 6060 орчим иргэн зорчсон бол Монгол Улсаас Турк улсад 6500 иргэн зорчсон гэх мэдээлэл байна. Тиймээс хоёр улсын иргэд харилцан визгүй зорчсоноор аялал жуулчлалыг өргөтгөх түүхэн суурь нь болох аж.

Агаарын тээврийг хөгжүүлнэ


Хоёр улсын агаарын тээврийг хөгжүүлэх чиглэлээр хийгдсэн томоохон ажлын суурь нь өнгөрсөн оны долдугаар сараас эхэлсэн Стамбулаас-Улаанбаатар чиглэлд зорчигч тээврийн шууд нислэгийг эхлүүлсэн явдал байжээ. Долоо хоногийн гурван өдөр дээрх чиглэлээр шууд нислэг үйлдэгддэг байна. Өчигдөр болсон хэлэлцээрийн үеэр энэхүү нислэгийг долоо хоног тутам болгох гарцыг хайхаар болжээ. Мөн хоёр орны авиа компаниуд хамтран Стамбул-Бишкек-Улаанбаатар-Сөүл гэсэн чиглэлд долоо хоногт гурван удаа ачааны нислэг хийх санал дэвшүүлсэн байна.


Түүнчлэн хоёр улсын хоорондын худалдааг өргөжүүлж 2015 он гэхэд 250 сая ам.долларт хүргэх зорилго тавьсан байна. Өнгөрсөн онд Монгол Улс Турк улс хоёр нь 36 сая ам.долларын худалдаа хийсэн нь харьцангуй доогуур үзүүлэлт аж. Хоёр улсын хооронд хийгдэж байгаа худалдааны төрлийг сонирхвол Монгол Улс Туркт бог малын өдөн гэдэс, давсаг, гүзээ, гэрийн мод экспортолдог бол Туркээс манай тал хүнсний зүйлс, эм, саван, шампунь, угаалгын нунтаг, гутлын тос, хуванцар сав, гутал, автобусны мотор хэрэгсэл, бойлер, насос, хатаагч, радиатор, компьютер, мебель тавилга импортолдог аж. Айлчлалын хүрээнд Монгол Улс малын арьс шир, мах, дотор эрхтэнг боловсруулах чиглэлд хамтран ажиллахаар болсон юм.

Турк улсаас Монгол Улсад үзүүлж ирсэн тусламжийг сонирхвол ТИКА-гийн шугамаар 1994 оноос эхлэн нийт 30 сая ам.долларын техникийн тусламж авчээ. Мөн Хархорин-Хөшөө цайдамын 46 км авто зам барих, Түрэгийн хөшөө дурсгалыг сэргээн хамгаалах төсөл, Орхоны хөндийд Дэлхийн соёлын өвийн мүзей байгуулах, Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэд цусны төв байгуулах, МУИС-д турк судлалын тэнхим байгуулах, "Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын цахим архив", "Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгт хүрээлэн" зэрэг 30 орчим хөтөлбөр төсөл хэрэгжүүлсэн байна.

Түүнчлэн 2008 онд Туркийн Засгийн газар 100 мянган ам.долларын хүнсний тусламж, 2010 онд зудын улмаас гамшгийн байдалд орсон малчдад Туркийн Засгийн газар 50 мянган ам.долларын хандив, Туркийн Улаан хавирган сар нийгэмлэг 84.5 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн баримт байна.

Г.ДАРЬ