Эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгана гэв

УИХ-ын эмэгтэйчүүдийн бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордны "В" танхимд хувь тэнцүүлсэн тэтгэвэр авч буй эмэгтэйчүүдийн тэтгэврийн зөрүүг арилгах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж мэдээлэл хийлээ. Уг асуудлаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалын сайд С.Эрдэнэд албан бичиг хүргүүлж тэтгэврийн зөрүүг арилгах боломж бий эсэхийг судалж хариу өгөхийг хүсчээ.

Өнгөрөгч 1991 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  хэрэгжиж эхэлсэн Засгийн газраас 126 дугаар тогтоолоор 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 15-аас доошгүй жил ажилласан 50 насанд хүрсэн буюу  20-оос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгох эрхтэй гэж зохицуулсан нь 35-45 насны эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүргээр нь шалтгалан албадан тэтгэвэрт гаргасан гэж үзэж байгаа аж.

Өөрөөр хэлбэл, 1991 онд  энэхүү тогтоолын дагуу тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд эд ажиллах насандаа албан шахалтаар тэтгэвэрт гарчээ.

Өнөөдөр ажилласан жил хүргэхгүй гэсэн шалтгаанаар эдгээр эмэгтэйчүүд 80-120 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа гэнэ. Тухайн үед тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд өдгөө 60-65 наснынхан. Энэхүү тогтоол нь олон арван жилийн турш тэдгээр эмэгтэйчүүдийн ажиллах эрхийг боогдуулж, ар гэрийхнийг нь хохирооход хүргэсэн гэл ээ.

Тэр үед эдийн засгийн дараалсан хямрал  тохиож, төрийн өмчийн үйлдвэрийн газрууд хаагдаж социализмын үед байгуулсан, эмэгтэйчүүд голлон ажилладаг нийгмийн үйлчилгээний сүлжээ нуран унаж,  орон тооны цомхотгол хүчээ авч байсан үед ийм шийдвэрийг бодлогоор гаргасан гэж хэлж болно гэв.

Тиймээс 2012 оны есдүгээр сард батлагдсан "Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай" хуулиар өөрөөс үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил хөдөлмөр эрхлээгүй иргэний ажилласан жилийг нөхөн тооцох  хууль батлагсантай холбоотой уг хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1.3 –т зааснаар өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй гэж хуулийн үйлчлэх хүрээг заасны дагуу дээрх тогтоолоор тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүд нь өөрөөс  үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжоо алдсан тул тэтгэврийн зөрүүг арилгах шаардлагатай гэж үзэж байгаа аж.

Н.Бүжин

0 comments:

Post a Comment