Тогтолцооны хямрал ба хуульчилсан стандарт

Ердөө арваадхан жилийн өмнө 300 гаруйхан сая төгрөгийн улсын төсөвтэй байсан Монгол улс өнөөдөр төсвөө хэдэн арван их наяд төгрөгөөр тоолох болжээ. Эрүүл саруул ухаанаар бодоход ард иргэдийн халаасан дахь мөнгө төдий чинээ нэмэгдэх учиртай. Амьдрах орчин маань ч тэр хэрээр сайжирсан байх учиртай. Гэсэн ч байдаггүй ээ. Бахь байдгаараа… Улсынхаа ирээдүйд чиглэсэн том том төслүүд хэрэгжүүлж эхэлсэн үү гэвэл бас л үгүй нөгөөх л бахь байдгаараа. Тэр их мөнгөний урсгал хаашаа ямар гээч бирдийнх нь хоолойгоор гулсчихдаг юм бүү мэд. Том том төсөл хөтөлбөр ярьсаар маргалдсаар л сууцгаана.

Тавантолгой, Эгийн голын усан цахилгаан станц, Оюутолгой энэ тэрийн бүтэлгүйтлээр өрнөж сүүлдээ монголчууд толгой дараалаад хэдэн зуун саяын өрөнд унаж эхэлж байх шиг. Жишээ бол хангалттай. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний тасалдалгүй байх гэж доноруудаас даруй хоёр том цахилгаан станц барьчих мөнгийг дөрөвдүгээр цахилгаан станц руу оруулчихсан байх жишээтэй. Тусламж, зээлийн тэр их хөрөнгө мөнгө огтоос ашиглагддаггүй техник хэрэгсэл болоод агуулах саванд тоосонд дарагдаад л байж байна. Тавантолгойд шахсан машин техникийн сэлбэг дугуй үнэн хэрэг дээрээ уурхайд огтоос хэрэглэгддэггүй зүйл байсан нь сая л тодорхой боллоо шүү дээ. Бас тэр МИАТ-ыг хар. Хэдхэн нөхөд нийлж байгаад хэд зуун сая ам.долларыг зувчуулчихсан, хоригдож шалгагдаад сууж байна.

Монгол улс хэдхэн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг огтоос татдаггүй л байсан шүү дээ. Хэдэн тэрбум доллар цуглуулах нь бүү хэл сая долларын хөрөнгө оруулчих ч хүн олддоггүй байлаа. Байгалийн баялаг маань л биднийг ертөнцийн бэлтэй бүхний анхааралд өртөхүйц болгосон. Харин эхнээс нь бид ухаантай хандсангүй. Улсын гэхээсээ өөрийн хувийн эрх ашгаа дээдлэсэн төрийн түшээд нийгэм эдийн засгийн амьдралыг хэрхэн сүйрүүлж болдгийн яруу тод жишээг Төв азийн энэ баян чинээлэг хэрнээ ядуу орон үзүүлж чадаж байна гэж гадны хэвлэлд бичиж байгаа нь үнэний ортой. Бизнес улс төртэй зууралдахаар холион бантан болдгийн сонгодог жишээ ч гэж нэрлэж болно. Оруулах хөрөнгө оруулалт нь тодорхой олох ашиг орлого нь бүүр ч тодорхой байхад улс төр болоод хувийн үүднээс гацаанд оруулаад эхэлбэл алт нь гууль ч биш шороо болон хувирах юм даа.

Төрийн хүний ёс жудаг, баримтлах үзэл санаа, ёс суртахуун гэж бий. Эрх мэдлийн цаана заавал үүрэг хариуцлага гэж байх ёстой. Төр нээлттэй тунгалаг байж гэмээн алив хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах арга зам ямагт хаалттай байдаг. Өнөөдөр төрийн албанд ямар их хүнд суртал нүүрлэснийг хэн хүнгүй л мэднэ. Иргэн танд хүндэтгэлгүй хандаж, хаалттай хаалга мөргүүлээд байх тусам цаана нь хээл хахууль авлигын гүн гүнзгий сүлжээ байна л гэсэн үг. Доод, дунд шатанд ийм байдал нүүрлэвэл дээшээгээ хэдэн зуун тэрбумаар тоологдох авлигын аалзны тор бүрхсэн байна гэж ойлгож болно.

Төр үнэндээ хамгийн муу менежер гэдэг нь үнэн. Төр 100 хувь эзэмшиж байгаа Эрдэнэс Тавантолгой өнөөдөр үйл ажиллагаа нь доголдож саармагжих болсон нь үүнтэй холбоотой. Хувийн эзэмшлийн уурхайнуудыг хар л даа. Менежментийн бодлогоо зөв тодорхойлж идэвхтэй сайн ажилласнаар ямар их үр дүнд хүрч байна даа. Гэтэл төр нь болохоор явдаггүй. Үнэндээ бид маш сонин, хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Иргэддээ дарамт үзүүлдэггүй өөрийнхөө үүргийг сайтар ухаарсан төрийн тогтолцоотой байх нь юу юунаас илүү чухал байна.

Манайд дутагдаж байгаа хамгийн том шинэчлэл бол стандартын шинэчлэл. Евро стандартад нэгдэх тухай саяхнаас ярих болж. Оройтсон боловч даруй хийж хэрэгжүүлэх шинэчлэл юм шүү. Энгийнээр ойлгоход бүх зүйлийг үйлдвэрлэн бүтээн босгоход ямар материалын орц, ямар эрүүл ахуйн чанар, ямар хөдөлмөр хөлсний үнэ тарифтай байх стандартыг тогтооно. Энэ л стандартыг хуульчилж нарийн чанд мөрдөөгүй л бол уучлаарай таны үйлдвэрлэсэн бүтээсэн юу ч байсан зах зээлд нэвтрэх эрхгүй. Нөгөө улиглаад байгаа ашиг сонирхлын зөрчил, танил талаа татаж авлигадах хар буруу юм бүхэн хаагддаг юм билээ. Байшин дээрээс мод чулуу нисч ирээд хүн амьтан алчихдаг, чанаргүй хоол хүнсээр эрүүл мэндийг нь сүйтгэдэг, улсын хөрөнгө мөнгөөр тансагладаг, завшдаг бүхэн алга болно. Яагаад гэвэл бүх юм нэг л жишгийн стандартын дагуу зах зээлд нэвтэрнэ. Зөвхөн энэ салбарт ч бус эрүүл мэнд, боловсрол бүүр цаашлаад төрийн үйлчилгээний хуульчлагдсан стандартын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй нь энэ бүхнээс харагдаад байгаа юм.

Бид авлига хээл хахууль, төр бизнесийн дарамт гэж том том хадны мангаа босгочихоод нөгөөх рүүгээ хий хоосон цэрэглэн дайраад байдаг болохоос биш яг нийгэм эдийн засгийн тогтолцооныхоо юун дээр алдаад байгааг төдийлөн ухаарахгүй байх шиг байна. Тогтолцооны эвдрэл, хаалттай хөшигний цаадах төрийн байгууламж, үйл ажиллагаанаас болоод хямрал гүнзгийрээд байгаа юм.

Н.Бадамжав

0 comments:

Post a Comment