“Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл” үндэсний уралдаан эхэллээ

Үндэсний хиймэл дагуул" хөтөлбөрийн хүрээнд сансрын технологийг хөгжүүлэх, нутагшуулахад чиглэгдсэн Үндэсний уралдаан гараагаа эхэллээ. МУИС-д болсон "Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл" уралдааны нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцон үг хэлж амжилт хүслээ. 66-ийн мм диаметртэй, 115 мм-ийн өндөртэй ундааны лаазанд багтахуйц 350 гр орчим жинтэй, өртөг багатай хиймэл дагуулын Кансат төрлийг олон улсын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд сургалт болон туршилтын зорилгоор зохион бүтээж, хөөргөн ашигладаг. Манай улсад энэ тэмцээнийг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Ерөнхий сайдын ивээл дор "Хиймэл дагуул-Бидний тэмүүлэл" уриатайгаар эхлүүлж байгаа юм. Анхны дагуулыг ирэх тавдугаар сард хөөргөхөөр төлөвлөжээ.

Энэхүү тэмцээнд МУИС, ШУТИС, Батлан хамгаалах их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуулийн нийт 6 баг оролцох бөгөөд тэдний батламжийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаа нар гардуулан өглөө.Оюун ухаанаа уралдуулж, орчлонгийн уудамд монгол хүмүүс эзэн болох энэ үйлсэд амжилт гаргахыг Ерөнхий сайд хүсээд "Энэ уралдаан нь манай улс тандалт судалгаа, холбооны дагуултай болж, бүрэн дүүрэн ашигладаг болохын эхлэл" гэж хэллээ.Оролцогч багуудыг "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨК, Монголын цахилгаан холбоо" ХК, Мобиком, Орбитнэт, Жи Мобайл зэрэг мэдээлэл холбооны компаниуд ивээн тэтгэж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

0 comments:

Post a Comment