Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Батжаргал энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишерт Итгэмжлэх жуух бичгээ барив. Монгол Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй жил Элчин сайдаар томилогдон ирж, Итгэмжлэх жуух бичгээ барьж буйд Ерөнхийлөгч Хайнц Фишер Элчин сайд Г.Батжаргалд баяр хүргээд Монгол, Австрийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх үйлсэд элчин сайдаар ажиллах хугацаандаа чухал хувь нэмэр оруулна хэмээн найдаж буйгаа илэрхийлэв.Элчин сайд Г.Батжаргал Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Ерөнхийлөгч Хайнц Фишерт халуун дотно мэндчилгээ уламжлаад Австрийн Холбооны Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах урилгатайг дахин нотлов.

Тэрээр цааш нь Монгол, Австрийн хамтын ажиллагааг эрдэс баялаг олборлох, өндөр технологи нэвтрүүлэх, соёл урлагийн салбарт солилцоо хийх өргөн боломж байгааг тэмдэглээд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй 2013 онд Австрийн сонгодог урлагийг монголын олон нийтэд таниулах чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулахаар зорьж буйг онцлов.

Итгэмжлэх жуух бичиг барьж, уулзалт хийх үеэр Австрийн Гадаад харилцааны яамны Ерөнхий нарийн бичгийн дарга И.Кирлэ, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх, Элчин сайд Хэлмут Фройнденшүс, Ерөнхийлөгчийн Ёслолын албаны дарга, Элчин сайд Алекзандер Грубмайр болон Вена дахь Монголын ЭСЯ-ны дипломат ажилтан нар байлцлаа хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

0 comments:

Post a Comment