“Буянт Ухаа-I” хороололын шав тавих ёслол боллоо

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингис хаан" нисэх онгоцны буудлын хойд талын 4,63 га газарт баригдах "Буянт-Ухаа I" орон сууцны хорооллын барилга угсралтын ажлын нээлтийн ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд Норовын Алтанхуяг, ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Орон Сууцны Санхүүжилтийн Корпорацийн гүйцэтгэх захирал А.Гантулга, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Жүгдэр болон бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэх компаниудын ажилчид оролцов.

Шинэчлэлийн Засгийн газраас "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг  эрчимжүүлэхээр  гаргасан Монгол улсын ерөнхий сайдын 2013 оны  дөрөвдүгээр сарын  5 өдрийн  59 тоот захирамжын дагуу  бүтээн байгуулалтын ийнхүү эхэлж байгаа аж. Уг ажилд дотоодын аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх, барилгын салбарт ажлын байр бий болгох, зорилтот бүлгийн иргэдийг хямд орон сууцаар хангах зорилгоор "Буянт Ухаа I" хороооллын  1570 айлын орон сууцны барилгын  ерөнхий захиалагчаар Орон  сууцны санхүүжилтийн корпораци, ерөнхий гүйцэтгэгчээр "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм байна.

Энэхүү "Буянт Ухаа-I" хороолол тэнхлэгээрээ 24х12,6 хэмжээтэй, төмөр бетон бүрэн цутгамал хийцтэй, зоорийн давхартаа автомашины зогсоол бүхий 9 давхар,63 айлын орон сууцны 28 барилга болон 128 хүүхдийн цэцэрлэг,үйлчилгээний төв баригдах бөгөөд  тус бүр 7 барилга бүхий 4 блок хэсгээс бүрдэх аж. Уг хорооллын блок бүрийн дунд 76 автомашины зогсоол бүхий нэгдсэн граж,түүний дээр иж бүрэн тохижилт бүхий хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж байхаар төлөвлөсөн бөгөөд барилгыг 2013 оны 4-р сараас эхлэн 2014 оны хоёрдугаар улиралд ашиглалтанд өгөхөөр төлөвлөжээ.

Харин энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчээр ажиллах "Үндэсний бүтээн байгуулалтын корпораци"-д "Улаанбаатар барилга" ХХК,"И Си Си" ХХК, "Дельта констракшн" ХХК, "Бүти" ХХК, "Эрэлт импекс" ХХК-иуд нэгдсэн байна. Тэд эх орныхоо бүтээн байгуулалт нэгдэж, харин Засгийн газраас үндэсний компаниудыг дэмжих бодлого баримтлан ажиллахаар болсон нь энэ аж.

Шав тавих ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлэхдээ "Монголчууд барилга барьж чаддаг гэдгээ хэдийнээ баталсан. Тиймээс үндэсний барилгын компаниудаа дэмжих зорилгоор энэ ажлыг эхлүүлж байна. Ирэх намар гэхэд эхний 500 айлын орон сууц бэлэн болсон байна. Харин ирэх 2014 оны тавдугаар сарын 23-ны өдөр үлдсэн барилгууд бэлэн болж бүрэн ашиглалтад өгнө гэдгээ амалж байна. Маш сайн цаг хугацааг тооцож, монголчууд нэгдэж ажиллах гэж байгаад баяртай байна.

Одоо удахгүй барилгын компаниудын удирдлагууд, барилга шаардлагатай бүтээгдэхүүн нийлүүлэгч үндэсний компаниудын удирдлагуудын нэгдсэн уулзалтыг зохион байгуулна. Ингэснээр бүтээгдэхүүн нийлүүлэлт хурдан шуурхай байхаас гадна монголчууд өөрсдийн хийж бүтээж чаддаг бараа бүтээгдэхүүнээр үндэсний барилгын компаниуддаа дэмжин ажиллах юм. Тэр хэрээр ажлын байр, барилгын ажлын явц ч хурдасна. Эдгээр барилгууд нь зах зээлийн үнээс хямд үнэтэй байх ч чанар хийцийн хувьд маш сайн байна гэдгийг Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн зүгээс мэдэгдэж байна. Түүнчлэн дараа дараагийн төлөвлөсөн байршлууд дээр баригдах  барилгад үндэсний компаниуд нэгдэж ажиллаасай. Төрөөс дэмжлэг үзүүлнэ. Зөвхөн хямд үнээр орон сууцжуулах төсөл хөтөлбөрөөс гадна цаашид хямд үнэтэй, урт хугацааны зээлээр нийтийн байрыг барьж ашиглалтад оруулах боломжийг холбогдох албанынхан судалж байгаа. Ингэснээр залуучууд болон залуу гэр бүлийг дэмжих бодлогын нэг хэсэг болно" гэв.

Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, "Улаанбаатар барилга" ХХКийн ерөнхий захирал Б.Жүгдэр "Буянт Ухаа-I хороололын бүтээн байгуулалтад оролцож буй таван барилгын компанийн 1200 гаруй ажилчид энэ талбайд ажиллана. Үндэсний бүтээн байгуулалт гэдэг утгаараа бараа бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниуд ч бидний ажилд хамтарна. Нийт 2000 гаруй хүний хүч хөдөлмөрөөр сүндэрлэх энэхүү бүтээн байгуулалтыг хэсэгчилсэн байдлаар хийж гүйцэтгэнэ. Таван компанийн хувьд зөвхөн чанарыг чухалчилна. Учир нь үнэ хямд гээд чанаргүй байх ёсгүй. Нийслэл хотыг орон сууцжуулахад халуун ус, хүйтэн ус, бохирын асуудал их чухал байдаг. Эхний 540 айлын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлээд байгаа. Үлдсэн 1000 гаруй айлын орон сууцны дэд бүтцийн асуудлыг барилга угсралтын явцад шийдэх боломжтой" гэв.

П.Наран
Гэрэл зургийг Б.Мөнх-Эрдэнэ

1 comments: