Компанийн засаглалын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн гэв

Улсын Их Хурлын гишүүн Р.Амаржаргалаас Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан Компанийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх асуулгын хариуг өнөөдрийн  чуулганы нэгдсэн хуралдаанаар сонслоо. Асуулгын хариуг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулав.

Сайдын танилцуулснаар, 2012 оны эцсийн байдлаар нийт 328 хувьцаат компани Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэйгээс төрийн өмчийн 23, төрийн өмчийн оролцоотой 30, хувийн өмчийн 275 компани байгаа аж. Эдгээр 328 ХК-ийн гаргасан энгийн хувьцаа бүртгэгдсэн байгаа боловч аж ахуйн үйл ажиллагаа нь бүрэн зогссон, өмч хөрөнгийг бүрэн үрэгдүүлсэн хувьцаат компаниуд нэлээд байгаа юм байна. 2012 онд 50 ХК-ийн асуудлыг шийдвэрлэсэн ба одоогийн байдлаар нийт 115 ХК ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй, өмч хөрөнгө нь үрэгдсэн байдалтай байгаа бөгөөд 2008 оноос хойш эдгээр компаниудын бүрэн эрх дуусгавар болсон байна.

Компанийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу хувьцаат компаниуд нь хувьцаа эзэмшигчдийн хурлаараа компанийн шинэчилсэн дүрмийг хуульд нийцүүлэн баталж, улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны мэдээллээр нийт 161 ХК дүрмээ шинэчлэн баталж, үйл ажиллагаа явуулж буй нийт ХК-ийн 75.6 хувь нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ.

Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд заасны дагуу ТУЗ-ийн гишүүдийг зохих хууль тогтоомжоор тогтоосон шаардлагын тагуу сонгосон нийт 68 ХК байгаа ажээ. Нийт 31 компани ТӨЗ-ийн дэргэдэх Аудитын, Нэр дэвшүүлэх, Цалин урамшууллын хороог байгуулжээ.

Компанийн тухай хуулийн дагуу буюу санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг тараах эсэх талаар шийдвэр гаргасан 38 компани байгаа бол Компанийн тухай хуулийн 65.3-д хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зах хүргэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж заасны дагуу Хорооны 2012 оны 34 дүгээр тогтоолоор "Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зах хүргэх тухай журам"-ыг шинэчлэн байна. Уг журамд зааснаар аливаа хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан этгээд нь энэ талаарх шийдвэр гаргаснаас хойш 3 хоногийн дотор "Хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл"-ийг СЗХ, МХБ ХК-д хүргүүлэх үүрэгтэй. 2012 онд СЗХ-нд нийт 183 ХК-иас хувьцаа эзэмшигчдийн хурлын мэдэгдэл ирүүлсэн байна.

Компанийн тухай хуулийн 59.11-д заасны дагуу СЗХ нь хувьцаат компаниудын хурлын материалыг хүлээн аваад тухай компанийн жилийн тайлан үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн баталсан эсэхэд хяналт тавьдаг. СЗХ-нд ирсэн нийт хувьцаат компаниудын хувьд 2011 оны санхүүгийн болон аж ахуйн үйл ажиллагааны талаарх гүйцэтгэх удирдлага, ТУЗ-ийн тайлан, дүгнэлтийг ирүүлсэн байна.

Хуувь зүйн сайд Х.Тэмүүжинасуулгын хариуг танилцуулсны дараа гишүүд асуулт асууж хариултаа авсан. Тухайлбал УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Компанийн хуульд том өөрчлөлт оруулсан. Түүнээс хойш компанийн засаглал сайжирч байна уу. Компаниудын үйл ажиллагаанд ямар дутагдал оршиж байна вэ. Хуулийг хэр үр дүнтэй байна гэж дүгнэж байгаа вэ хэмээн лавлалаа.

СЗХ-ны дарга Д.Баярсайханы хариулснаар, Компанийн тухай хууль батлагдсанаар Монгол Улсад компанийн засаглалын эрх зүйн орчин хангалттай бүрдсэн ажээ. Компанийн хуулийг сурталчлах, сургалтууд нэлээд хийсэн гэж тэрбээр хэллээ. Хувь нийлүүлэгчдийн хурлаа зарласан компаниудын тоо нэмэгдэж байгаа аж. Хуулиар хүлээсэн хугацаанд компаниуд хурлаа хийсний дараа нэлээд асуудал тодорхой болно. Шинэ хуулиар 161 ХК дүрмээ шинэчилсэн. Энэ бол нэлээд том үзүүлэлт гэж тэрбээр хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХК-иуд дампуурч байна. "Эрдэнэт", "Багануур" алдагдалтай ажиллаж байгаа. "Оюутолгой", "Тавантолгой"-г бид харж байна. СЗХ-ны дарга эрхзүйн орчин бүрдсэн гэж байна. Тэгвэл одоо хэрэгжүүлж эхлэх цаг болсон. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах цаг болсон хэмээн тэрбээр сануулж байлаа.

СЗХ-ны дарга хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахын тулд хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй гээд, түүнээс өмнө сургалтыг зохион байгуулахын чухлыг дурдаж байв. Компанийн тухай хууль батлагдсанаас хойш зарим ТББ-тай хамтран ТУЗ-ийн гишүүд, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга, гүйцэтгэх захирлуудад компанийн засаглалын чиглэлээр сургалт зохион байгуулж эхэлсэн юм байна. Энэ арга хэмжээний хүрээнд нийт 18 удаа сургалтыг зохион байгуулжээ. Сургалтуудад нийт 267 эрх бүхий албан тушаалтан хамрагдаж зохих гэрчилгээг авсан юм байна.

УИХ-ын гишүүд ХК болон төрийн өмчит компанийн ТУЗ-ийн нийт гишүүдийн 1/3 нь хараат бус байх заалт хэрхэн хэрэгжиж байгаа, нийт компаниуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа санхүүгийн жил дууссанаас хойш 4 сарын дотор хуралдуулсан байх заалтын хэрэгжилт, компанийн ТУЗ тухайн жилд ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрээ санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор гаргах заалтын хэрэгжилтийн талаар тодруулан хариулт авсан.

Н.Түвшин

0 comments:

Post a Comment