Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 192000 төгрөг болголоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг одоо байгаагаас 36.7 хувиар нэмэгдүүлж 192 мянган төгрөг болгох шийдвэрт Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо гарын үсэг зурлаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэдэг нь тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах худалдаа, үйлчилгээний газрын үйлчилгээ, цэвэрлэгээний ажил, ачаа ачих, зөөх, буулгах гэх мэт энгийн ажилд ажиллаж байгаа ажилтанд төлөх нэг цагийн хөдөлмөрийн хөлсний хамгийн доод хэмжээ юм.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд зааснаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хороо хэлэлцэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр жил тутамд шинэчлэн тогтоож байх ёстой.

Энэ дагуу 2011 оны дөрөвдүгээр сарын 5-нд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өмнөхөөс нь 30 хувь өсгөн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140400 төгрөгөөр тогтоосон. Харин үүнээс хойш хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа бөгөөд гол нэрийн бараа бүтээгдэхүүн өсч байгаатай холбогдлуун энэ хэмжээг нэмэхийг Үйлдвэрчний эвлэлийн холбооноос шаардаж эхэлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн яам, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллөөс бүрдсэн Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хэд хэдэн удаа хуралдаж, өчигдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө буюу сард 192000 төгрөг болгохоор тогтоож, гарын үсэг зурсан байна.

Энэ шийдвэр ирэх арвандугаар сард улсын төсөв хэлэлцэгдэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх юм байна.

Н.Бүжин

0 comments:

Post a Comment