Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөлтэй "Соёмбо" кинотеатрт уулзаж, санал бодлоо солилцов. "Эрүүл мэндэд иргэн таны оролцоо" сэдвийн дор зохион байгуулагдаж буй энэхүү эрүүл мэндийн нээлттэй форумын үеэр Эрүүл мэндийн сайд Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд хэрхэн ойртуулж буй талаар танилцууллаа. Тэрбээр уулзалтын үеэр эрүүл мэнд гэж юу болох, иргэн хүн хэрхэн оролцох, бусад салбарууд яаж оролцох талаар танилцуулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэн болон гэр бүл чухал үүрэг гүйцэтгэх талаар илтгэл тависан юм. Тухайлбал, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан судалгаагаар эрүүл мэндийг тодорхойлогч олон хүчин зүйл байдгийн 55 хувь нь хувь хүний зан үйл, эрүүл мэндийн мэдлэг, эрүүл мэндийн тусламжийг ашиглах ур чадвар буюу амьдрах хэв маягаас хамаардаг, 25 хувь нь бусад салбартай холбоотой, 10 хувь нь удамшлаас хамааралтай, 10 хувь нь эрүүл мэндийн тогтолцоо, тэнд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, хэрэглэж буй багаж, тоног төхөөрөмж, арга зүйтэй холбоотой хэмээн мэдээлсэн байна.
Сонгинохайрхан дүүрэг  нь гэр хороолол, байшин хороолол бүхийн нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг бөгөөд 260 мянга гаруй хүн амтай. Иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хувьд Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, 3 амбулатори, өрхийн эмнэлгүүд ажилладаг. Тус дүүргийн иргэд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг орчны бохирдол, жалга, хонхор, гудамжинд угаадас асгадаг талаар шүүмжилж байсан ба эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг өрхийн эмнэлгээс эхлүүлэх нь зүйтэй. Иймд өрхийн эмнэлгийн эмч ажилтны ачаалал их, цаг наргүй ажилладаг тул ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор ЭХО, зүрхний бичлэгийн аппараттай  болгох шаардлагатай хэмээн өгүүлж байлаа.
П.Наран

0 comments:

Post a Comment