Япон Улсын Засгийн газраас төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Улсын нэгдүгээр төв эмнэлэгт боллоо. Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг ёслолын ажиллагааг нээж хэлсэн үгэндээ эмнэлгүүдийн үйл ажиллагаатай танилцаж явахад хамгийн тулгамдсан асуудлын нэг нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дурангийн тасагт дурангийн аппарат нэн шаардлагатай байсныг дурдаад Япон Улсын Засгийн газраас энэхүү асуудлыг шийдвэрлэж өгсөн нь онцгой ач холбогдолтой боллоо гэдгийг цохон хэлэв.
Тэрбээр 4 тэрбум 36 сая төгрөгний үнэ бүхий орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг манай улсын эмнэлэгт өгч байгаа нь цаашдаа шууд бус утгаараа 40 тэрбум төгрөгийн үр дүнд хүрэх, гадагшаа явж эмчлүүлэх иргэдийн урсгалыг багасгахад чухал нөлөө үзүүлэнэ гэлээ.
2011 онд гамшигт нэрвэгдэж, ихээхэн хохирол амссан Японы зүүн бүс нутгийн сэргээн босголтыг дэмжих ажлын хүрээнд энэхүү дурангийн иж бүрдэл, зөөврийн ЭХО, багаж ариутгагч автоклав, тэргэнцэр гэсэн 4 нэр төрлийн 136 тооны эмнэлгийн тоног төхөөрөмжийг Эрүүл мэндийн яамны харьяа Төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төвүүд, ЭХЭМҮТ, ГССҮТ, ХСҮТ, ХӨСҮТ, СЭМҮТ, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, 1, 2, 3 дугаар Амаржих газрууд, Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлгүүдэд хүлээлгэн өгч байгаа юм.
Д.Цэцэг

0 comments:
Post a Comment