Өчигдөр өглөө Хятадын зүүн өмнөд нутгийн Гуанжоу мужийн Гуаяан хотын Баиюн дүүрэгт орших химийн үйлдвэрт гал гарч их хэмжээний хар утаа хотыг бүрхжээ. Химийн үйлдвэрийн утаа учир хүний биед сөрөг нөлөө үзүүлэх хор ихтэй гэж тооцон үйлдвэрийн ойр орчинд амьдарч байгаа хүмүүсийг тур хугацаанд нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авч эхэлжээ. Одоогийн байдлаар шатсан үйлдвэрийн ойролцоогоос 20 мянган хүнийг өөр хот, дүүргүүд рүү шилжүүлж байгаа гэж албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Үйлдвэрийн орчмын газар нутгийг битүүмжилсэн бөгөөд нүүлгэн шилжүүлсэн иргэдийг бүртгэлжүүлэх ажил өрнөж байгаа юм. Онцгой аюултай бүсээ гарч амжаагүй байгаа хүмүүст амны хаалт болон хор тайлах бэлдмэл сүү тараан өгч байгаа юм.
Шатсан үйлдвэрийн галыг унтраахад нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй аврах алба ажиллажээ. Аз болоход хүний амь нас эрсдээгүй бөгөөд таван хүн хөнгөн гэмтэл авч хотын эмнэлэгт хүргэгдсэн байна. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар үйлдвэрт бичил дэлбэрэлт гарч улмаар барилга тэр чигтээ шатаж эхэлжээ. Гал орон нутгийн цагаар 10.20 цагийн орчимд илүүтэйгээр газар авч шатсан гэнэ. Барилгын шатсан байдлаас харахад нэлээд хүчтэй дэлбэрэлтүүд болж, галд автсан байгааг аврах албаны ажилтнууд хэлэсэн байна.
Дэлбэрэлтэд өртөж шатсан энэ үйлдвэр "Бэст-хими" компанийн үйлдвэр байжээ. Тус компани орон нутагтаа томоохонд тооцогдох компаниудын нэг бөгөөд бусад хотуудад ч мөн нийлүүлэлт өндөртэй байсан гэж орон нутгийн засаг захиргаанаас хэлж байна. Одоогоор учирсан хохирлын хараахан тооцоолж амжаагүй байна.
Э.Мөнхнасан
0 comments:
Post a Comment