Хар тамхины хэргээр ял сонсч байсан Б.Г-ийн хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгов

Сүүлийн үед залуучууд хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр ял сонсч буй тохиолдлууд  ихсэх хандлагатай  болж буй. Тэгвэл хамгийн сүүлд шүүхээр шийдвэгдсэн хар тамхины хэрэгт  хяналт тавьж ажилласан нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Эрхэмбаяраас дараахь асуултад хариулт авлаа.

-Сүхбаатар дүүргийн шүүхээс ял сонссон Г.Г болон Г.Б нарын хэрэгт та хяналт тавьж ажиллаа. Эл хэргийн талаар тодруулж өгөөч?

-Г.Г болон Б.Г  нар нь  мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, бодисыг хууль бусаар олж авч хадгалах, олж авах, борлуулах гэмт хэрэгт холбогдон шалгуулсан. Улсын мөрдөн байцаах газраас мөрдлөгө явуулж, нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 192.2, 192.3.4 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн.

-Дээрх залуусыг гэмт хэрэг үйлдсэнийг хэрхэн нотолсон бэ?

-Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон Гаалийн лабораторийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Түүнчлэн мансууруулах бодис худалдаж авч хэрэглээд зогсохгүй худалдсан нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдсон гэж хэлж болно.

-Прокуророос хэдэн жилийн ял төлөвлөж шүүх рүү шилжүүлэв?

-Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-т заасан хэрэг бол хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Эл хэргийг үйлдсэн Г.Г-д 5.6 жил, Б.Г нь хар тамхины хэргийг давтан үйлдсэн учраас 11 жилийн ял төлөвлөсөн. Тодруулбал Б.Г нь  хар тамхины хэргээр 11 жилийн ял сонсч өршөөлийн хуулиар суллагдсан. Энэ хугацаандаа давтан хэрэг үйлдсэн.

-Шүүхийн шийдвэр хэрхэн гарсан бэ?

-Г.Г-д шүүхээс хэргийн зүйлчлэлийг нь өөрчилж нэг жилийн хорих ял оноосон бол Б.Г нь мансууруулах бодис давтан үйлдлээр олж авсан борлуулсан нь тогтоогдоогүй гэж үзэн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.

-Хар тамхины хэргийн гаралт ихэсч буй шалтгаан юу вэ?

-Ихэвчлэн залуучууд, өсвөр үеийнхэн  мансууруулах бодисын талаар мэдээлэл муу байгаагаас гэмт хэрэгт холбогддог. Түүнчлэн сэтгэлийн хөөрлөөр нэгнийгээ уруу татаж гэмт хэрэгт ордог. Түүнээс биш хар тамхинд донтсон хүмүүс бол цөөн.

Н.Бүжин

0 comments:

Post a Comment