Баянзүрх дүүргийн иргэдийг оролцуулсан "Эрүүл мэндэд иргэн таны оролцоо" сэдэвт эрүүл мэндийн нээлттэй форум өнөөдөр боллоо. Тус форумд Эрүүл Мэндийн Сайд Н.Удвал оролцож, Шинэчлэлийн Засгийн газрын бодлогын хүрээнд хийж хэрэгжүүлж буй эмнэлгийн тусламж, үйлчилгээг иргэдэд хэрхэн ойртуулж буй талаар танилцууллаа. Тэрбээр уулзалтын үеэр эрүүл мэнд гэж юу болох, иргэн хүн хэрхэн оролцох, бусад салбарууд яаж оролцох талаар танилцуулж, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд иргэн болон гэр бүл чухал үүрэг гүйцэтгэх талаар танилцуулсан юм.
Эрүүл мэндийг тодорхойлогч олон хүчин зүйл байдгийн 55 хувь нь хувь хүний зан үйл, эрүүл мэндийн мэдлэг, эрүүл мэндийн тусламжийг ашиглах ур чадвар буюу амьдрах хэв маягаас хамаардаг, 25 хувь нь бусад салбартай холбоотой, 10 хувь нь удамшлаас хамааралтай, 10 хувь нь эрүүл мэндийн тогтолцоо, тэнд ажиллаж буй эмч, мэргэжилтнүүд, хэрэглэж буй багаж, тоног төхөөрөмж, арга зүйтэй холбоотой талаарх судалгааг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас гаргасан аж.
Баянзүрх дүүргийн хувьд 124,4 га газартай, 70 194 айл өрх, 289 099 хүн амтай, гэр хороолол зонхилсон нийслэлийн томоохон дүүргийн нэг. 2012 онд БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгаар нийт 5932 хүн осол гэмтлийн улмаас ирж үйлчлүүлсэн бөгөөд өндрөөс болон явганаас унах, хүчирхийлэлд өртөх, цахилгаан хэрэгсэл, гэр ахуй, үйлдвэрийн осолд орох, золбин болон айлын тэжээвэр нохойнд хазуулах зэрэг нь бэртэл гэмтлийн гол шалтгаан нь болсон гэнэ.
Тус дүүргийн иргэд эрүүл мэндийн салбарын шинэчлэлд хувь нэмэр оруулах хүсэлтээ илэрхийлж, өрхийн эмнэлгийн эмч нарт тоног төхөөрөмж дутмаг байдаг, өрхийн эмнэлгийн эмч ажилтны ачаалал их, цаг наргүй ажилладгийг иргэд хэлж эмч нартаа илэрхийлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд сэтгэл хангалуун явдгаа хэлж байв. Тулгамдсан үед байр байшингаа барьцаалж эмчлүүлэх, Өрхийн эмнэлэгт ЭХО, зүрхний бичлэгийн аппараттай болгох, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй орчны бохирдол, жалга, хонхор, их хогтой, гудамжинд угаадас асгадаг талаар шүүмжлэлтэй хандсан. Мөн эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг хэвлэл мэдээллээр дамжуулан иргэдэд хүргэх, мөн тус дүүрэгт ажиллаж буй эрүүл мэндийн сайн дурын 170 ажилтанг урамшуулах, дэмжиж ажиллах саналыг хэлсэн юм.
П.Наран
0 comments:
Post a Comment