АН-аас бусад улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн хөзрөө дэлгэх болоогүй байна

Дөрөв хүрэхгүй сарын дараа болох гэж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн нууцхан ПИАР-ууд ерөнхийдөө хийгдээд эхэлжээ. Гэхдээ өнөөдрийн байдлаар улс төрийн хүчнүүд бие биенээ харсан, тандсан байдалтай байгаа бол АН-ын хувьд хэн нэр дэвших вэ гэдэг нь бараг тодорхой болжээ. Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг намаа УИХ-ын сонгуулиар ялж, олонхи болоход багагүй нөлөөлсөн гэж намын нөхөд нь үнэлж байгаа тул АН-ын дотор ямар нэгэн өрсөлдөгчгүйгээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болжээ. Тэрбээр сонгуулийн ПИАР-ын ажлаа ч эхэлсэн гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй. Сар шинийн өмнөхөн 25 дугаар суваг телевизийн "Bon appetit" нэвтрүүлэгт гэр бүл, үр хүүхдийнхээ хамтаар оролцон бууз чимхсэн түүнийг үндсэндээ сонгуулийн сурталчилгаагаа эхэллээ гэж хөндлөнгийн хүмүүс дүгнэж байна. Автомашины буруу, зөв үрүүлийн хязгаарлалт, интернэтийн сэтгэгдэл бичих эрхийг нээлттэй хэвээр үлдээх зэрэг шийдвэрүүдээрээ тэрбээр иргэдээс үнэлгээ авахаар ажилласан гэдэг нь нэгэнт тодорхой. Хэдийгээр төрийн тэргүүний үүрэгт ажлаа хийж яваа боловч түүний сүүлийн үед хийж буй ажлууд, хэлж буй үгс иргэдэд таалагдах тал руугаа болсныг үзвэл сонгуулийн сурталчилгаандаа аль хэдийн орсныг нь илтгэнэ.

Харин МАН-ын хувьд МАХН-тай эвсэх, нэгдэх асуудал нь өдрөөс өдөрт тодорхой болсоор байна. Гэхдээ одоохондоо хэнийг Ерөнхийлөгчид сойхоо тодорхойлоогүй аж. Нам дотор яригдаж байгаагаар МУ-ын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди энэ жил дахин нэр дэвших магадлал өндөр байгаа бөгөөд тэрбээр нэр хүндээ зэхэхээр "Оюу толгой" компанийн ТУЗ-өөс өөрийн дураар гараад байгаа юм. Харин ИЗНН-ын хувьд АН-ыг дэмжиж ажиллах гэрээтэй. Энэ асуудлыг 03 дугаар сарын сүүлээр болох намын их хурлаараа эцэслэн шийдвэрлэнэ гэсэн байр суурьтай байна. МАН удаа дараалан сонгуульд ялагдал хүлээсэн бол Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулах нь тэдний 2016 оны УИХ-ын сонгуулийн нэг гарц бол хүчтэй өрсөлдөгч нь АН юм. Иймээс энэ жилийн Ерөнхийлөгчийн сонгууль улс төр судлаачдын харж байгаагаар, олны хандлагаар ч АН, МАН хоёрын дунд л өрнөх нь гэсэн прогнозыг  гаргаад байгаа юм. Харин МАН, МАХН-тай нэг хөнжилд орж гэмээнэ ямар нөхцөл байдал үүсэх вэ гэсэн асуулт мэдээж урган гарна.

МАН-ын ахмад гишүүд МАН-ын дарга Ө.Энхтүвшин болон МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нарт хоёр нам Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч нэгдэн оролцох ёстой гэсэн уриалгаа өчигдөр албан ёсоор гардуулж өглөө. Ингэснээр аман яриа төдий өрнөж байсан цуу баталгаажиж, МАН, МАХН-ын удирдлагын түвшинд эвсэх санал хүрч очлоо. Гэхдээ үүний цаана МАН, МАХН хоёр хэрвээ эвсч сонгуульд оролцвол хамтарсан засагт орохдоо байгуулсан гэрээ юу болж хоцрох тухай асуудал урган гарч ирнэ. Уул нь МАХН-д МҮАН-тай есөн жилийн хугацаатай байгуулсан эвслийн гэрээ, АН, ИЗНН-тай байгуулсан "Шударга ёс" эвслийн шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллах будаг нь ханхалсан гэрээ ч бий. Шинэчлэлийн Засгийн газарт орж ажиллахдаа байгуулсан гэрээгээр АН-ыг дараагийн сонгуульд дэмжиж ажиллана гэсэн үүрэг хүлээсэн билээ.

Цаасан дээр АН болон МҮАН-ын өмнө хүлээсэн ийм үүргүүд  МАХН-д байгаа ч МАН-тай эвсч нийлэх яриаг үгүйсгэхгүй өрнүүлсээр байгаа нь МАХН-д МАН-тай Ерөнхийлөгчийн сонгуульд нэгдэн орсон ч яах вэ гэсэн бодол байгааг илтгэнэ. "Шударга ёс" эвслийн дотор хагарал, хүндрэл байсан ч МАХН, МҮАН хоёр байгуулсан гэрээндээ захирагдсаар өдийг хүрсэн. Харин хамтарсан Засгийн газар байгуулахдаа ИЗНН, "Шударга ёс" эвсэл, АН-ын хооронд байгуулсан гэрээний бие биенийгээ сонгуульд дэмжиж, хамтарч орох гэсэн заалт аль орон нутгийн сонгуулиар л зөрчигдсөн юм. Орон нутгийн сонгуульд АН МАХН-тай байтугай эвссэн нам МҮАН-тайгаа ч хамтарч сонгуульд оролцсон аймаг, сум ховор аж. Ингэлээ гээд эвсэл задарч, бутраагүй.

Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН МАН-тай эвслээ гэхэд ингэнэ тэгнэ, засаг тарна гэх мэт тодорхой заасан зүйл ч одоогоор сонсогдохгүй л байна. Монголд гэрээ битгий хэл хууль өдөр тутамд л зөрчигдөж, түүнийг энгийн иргэд биш улс нь өөрсдөө өдөр тутам зөрчиж байдгаас харвал хамтарсан Засгийн газар байгуулахдаа тусгасан гэрээний энэ заалтыг зөрчих нь нэг их том асуудал мэт санагдахгүй юм. Тиймээс одоогоор МАН МАХН-тай эвсч Ерөнхийлөгчийн сонгуульд орлоо гэхэд засаг задрах хэмжээний доргио үүснэ гэж ярихад арай эрт байна.

Эх сурвалж www.wikimon.mn

0 comments:

Post a Comment