Удахгүй зам, барилгын ажил эхлэх гэж байна. Энэ замын бүтээн байгуулалтад 400 тэрбум гаруй төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан. Нийслэлийн гэр хорооллын 12 байршилд дахин төлөвлөлт хийхээр зэхэж байна. Иргэдийн ид хүсэн хүлээсэн "100 мянган айлын орон сууц" дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн сураг чимээ бүр ч бүдгэрсэн ч хотын мэр Э.Бат-Үүл энэ ажлыг арай шинэлэг хэлбэрээр ийнхүү үргэлжлүүлэх бололтой. Өнгөрсөн жилийн Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөнөөс орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, иргэдэд орон сууцны урт хугацаатай зээл олгох, ипотекийн зах зээлийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, Орон сууц хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг эхлүүлэх, барилгын материал, хийц, бүтээц, эдлэхүүний сорил, шинжилгээний төв лабораторийг ашиглалтад оруулж, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах зэрэг 45 ажлыг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн юм. Гэвч сонгуулиар засаг солигдож, энэ ажил замхарсан.
Харин өнөөдөр "Барилга, бүтээн байгуулалт, хөгжил" уулзалт хэлэлцүүлгийг БХБЯ, Барилгын хөгжлийн төв, Орон сууц санхүүжилтийн корпораци, Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар болон тус салбарын гүйцэтгэгч, захиалагч аж ахуйн нэгж, байгууллагуудын хүрээнд зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнээс их бүтээн байгуулалтын тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх арга замыг хүлээж байгаа ч өнгөрснөө мартах учиргүй. Үе үеийн Засгийн газрын өнгөнд болсон олон уулзалт зөвлөгөөний шийдвэр тэгсхийгээд бүдгэрдэг нь нууц биш.
Өнгөрснийг эргэн саная. Өмнөх сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хорооноос "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрт хамрагдах орон сууцны барилга, хотхон, хорооллын эхний болон хоёр дахь ээлжийн жагсаалтыг Засгийн газраас баталжээ. Эдгээрт 127023 айлын орон сууцны 212 барилга хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар 98 барилга баригдаж буйгийн 75 нь 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Жагсаалтад багтсан орон сууцны тал хувь нь бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах журамд заасан 55 ам. метр хүртэл талбайтай ажээ. Барилгын материал, хийц, бүтээц, эдлэхүүний сорил шинжилгээний төв лабораторийн барилгын ажлын гүйцэтгэл 82 хувьд хүрсэн хэмээн илтгэж байлаа.
Өнгөрсөн хавар Төрийн ордонд болсон "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр болон "100 мянган айлын орон сууц" төслийг хэрэгжүүлэхэд "Барилгын салбарын өмнө тулгамдаж буй асуудлууд" сэдэвт зөвлөгөөнд оролцогчдын анхаарлыг дээрх хүрээнд баригдах орон сууцны нэг ам. метр талбайн үнийн асуудал татаж байсан билээ. Энэ талаар Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү Засгийн газраас өнөөдөр орон сууцны бодит үнэ ямар байна вэ гэдгийг индексийн хуулийн дагуу боловсруулсан. Чанартай материалаар хийсэн орон сууцны нэг ам. метрийн үнэ 1193000 төгрөг байна гэж гаргасан юм. Үүнээс дээш байвал үнийн хөөрөгдөлтэй байна гэж ойлгож болно. Орон сууцны үнэ, барилгын материалын чанараас хамаарч байх ёстой. Муу материалаар хийсэн барилгын үнэ сая 500 мянган төгрөг байж үнэхээр болохгүй гэсэн билээ. Харин Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд асан Ц.Дашдорж барилгын үнийн боломжтой байх ханшийг энэ зөвлөгөөний үер зарлана. Ерөнхийдөө миний тушаал шийдвэрээр гарсан үнэлгээ бол 1193000 төгрөг. Энэ бол тухайн компанийн ашиг, хүүгийн зардал шингэсэн үнэ гэж сонгуулийн шоу хийж байсан нь хөрсөн дээрээ буусангүй.
Ер нь барилгын материал, зураг төслийн үнээс гадна дэд бүтцийн зардлаа шингээж, барилгын компаниудын барьж байгаа барилга дунджаар 18 сарын хугацаанд ашиглалтад ордог. Тэгвэл нэг ам. метрийн дундаж үнийг 1,1 сая төгрөг хэмээн тодорхойлж болно гэдгийг дээрх зорилтот хөтөлбөрт хамрагдаж байгаа компаниудад танилцуулж, гэрээ хийхийг санал болгоход үндсэндээ зөвшөөрсөн юм билээ. Гэсэн ч зургаан хувийн хүүтэй урт хугацааны зээл олгох банкууд иргэдээс нэмэлт барьцаа шаардсан тул компаниудын дутуу гүйцэтгэлтэй барилгуудад үл хөдлөх хөрөнгийн баталгаа бичиг гаргаж, банкинд байршуулахаар шийдвэрлэсэн ч зээл авах боломжтой иргэдийн тоо тун хангалтгүй, харин ч хашаа байшингаа зараад ямаан дээр тэмээний гарз гарган хохирч хоосон хоцорсон нь одоо ч бөөн гомдол дагуулсаар байна.
Барилгын салбарынхан 1970-аад оны үед элсэн цөл байсан Арабын орнуудыг харъя. Тэд өнөөдөр Америкийнхаас өндөр түвшний стандартыг тавьж байна. Яг үүн шиг бид барилгын салбар гэлтгүй төмөр замдаа ч ийм төрлийн стандарт нэвтрүүлэх нь зүйтэй гэж ойлгож байгаа. Ирээдүйгээсээ хөрөнгө татаж өнөөдөртөө оруулж байгаа бол бид ирээдүйн стандартыг нь баримтлах ёстой. Тиймээс бид сайн, муу ч бай шаардлагатай ажлуудыг эхлүүлэх ёстой гэсэн зарчим барин ажиллаж байна. Энэ утгаараа бид орон сууцны хөтөлбөрөө эхлүүллээ, бодлогоо тодорхойллоо. Гэхдээ орон сууцны үнэ буурах боломжтой. Барилгын материалын үйлдвэрлэлийг бодлогоор Монголд нутагшуулж, үйлдвэрлэлийг нь эхлүүлэх эр зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд арматур, цемент, барилгын дүүргэгч материал гуравт анхаарах ёстой. Ялангуяа цементийн үйлдвэрлэлийг бүсчилж хөгжүүлэх нь зүйтэй. Өнөөдөр тэдгээр үйлдвэрүүд босоо тэнхлэгийн төмөр замыг дагасан байгаа юм. Гэтэл нэг шуудай цементийг баруун аймаг руу зөөгөөд очиход үнэ өсөх нь тодорхой. Үүнээс Улаанбаатарт барих байрны өртөг болон баруун аймгийн барилгын өртөг хоорондын ялгаа гарч ирнэ. Тэгэхээр эхний ээлжинд энэ асуудлыг шийдэх хэрэгтэй гэдгийг тус салбарын удирдах ажилтнууд ярьж байлаа.
"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд нийслэл, аймгуудад баригдах хорооллуудын барилгын гүйцэтгэгчээр Монголын барилгачид, барилгын компаниудын нөөц боломжийг ашиглах ажлыг хамтран зохион байгуулах, барилгын материалын үйлдвэрлэлийн төслийг энэ оноос эхлэн жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээлд хамруулах асуудлыг шийдвэрлүүлэх, барилгын салбарт мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах чиглэлээр бүртгэл мэдээллийн сан байгуулж, хувийн хэвшлийн хөдөлмөр зуучлалыг хөгжүүлэх зэрэг 10 гаруй ажил зохион байгуулах зорилт дэвшүүлсэн. Их барилгын бүтээн байгуулалтын ажилд барилгын чанар, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоог шинэчилж, барилгын салбарын үйл ажиллагаанд зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх, мөн салбарын төрийн захиргааны байгууллагын үйлчилгээний чанартай зарим ажлыг салбарын мэргэжлийн төрийн бус байгууллагуудаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэхээр хэлэлцэж тогтвол шинэлэг алхам болох юм.
Ямар ч байсан их ажлыг нуруундаа үүрэх Монголын барилгачид шинэ дэвшилтэт техник технологи нэвтрүүлэх, дотоод нөөц бололцоогоо дайчлах, үндэсний үйлдвэрлэлийг өргөжүүлэх талаар идэвх санаачлагатай хандахад төрөөс дэмжлэг зайлшгүй чухал байгаа. Тохилог орон сууцанд тав тухтай амьдрах иргэдийн мөрөөдөл барилгачдын гараас багагүй шалтгаалах дулааны улирал айсуй. Цагийн аясаар замхардаг цаасан дээрх барилгуудыг барьсаар л байх уу.
Г.Болор
0 comments:
Post a Comment