МАН, МАХН нэгдвэл

Улс төр унтаж, чуулган завсарласан энэ өдрүүдэд Монголын улс төрийн  хамгийн халуун сэдэв нь МАН, МАХН хоёр эргэн нэгдэх болсон тухай л асуудал. "Юун наадам, юун цагаан сар" гэгчээр юун Оюутолгойн гэрээ, төмөр замтай манатай болж байх шиг. Гэхдээ эдгээр намуудын нэгдэл монголчуудад ашиг хонжоо авчирахаасаа илүүтай алдаа эндэгдэл дагуулж болзошгүй нь анхаарал татаж байгаа хэрэг.

Шинэ жилийн дараахнаас эхэлсэн МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын уулзалт сар шинийн үеэр намын удирдах бүрэлдэхүүний хэмжээнд өргөсч, энэ долоо хоногоос бүр залуучууд, ахмадуудын түвшинд хүртлээ хавтгайрав. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН нэгдэх нь тодорхой боллоо. Гэхдээ хачирхалтай зүйл гэвэл МАХН нь МАН-даа биш, МАН нь МАХН-даа нэгдэхээр яарч байгаа явдал.

Хэдхэн сарын өмнө дөө, МАН-ын нөлөө бүхий лидер Ц.Нямдорж "МАН бол далай, МАХН бол шалбааг юм. Далай тэнгис шалбаагтай нийлдэггүй юм" хэмээн ам гарч байсан билээ. Тэгвэл өнөөдөр МАН хэмээх "далай" МАХН хэмээх "шалбааг"-т цутгахаар яарч байна. Харин нэгдсэн намын нэр юу байх нь хамаагүй. Сүүлийн өдрүүдэд өрнөсөн үйл явдлаас харвал намын удирдлагын түвшинд энэ талаар аль хэдийн тохироонд хүрсэн бололтой. Түүнээс биш энэ намын жирийн гишүүд, ахмадууд, залуус гэнэт босч ирээд намынхаа дарга нарт "МАХН-тай нэгтгэ" гэж хэлж чадахгүй, тийм хүмүүжил ч байхгүй. Ихээ дээрээс утасны үзүүрийг доргиож байж энэ шаарлагыг хоёр намын дарга нарт хүргүүлсэн нь лав. Ө.Энхтүвшин даргын хөл алдаж, хадаг дэвсэн угтаж авч байгаа байдал энэ тэрийг харсан ч тэр жирийн гишүүдийн зүгээс гарч байгаа гэх тэр санаачилга, шахалт шаардлага нь намын дарга нарын захиалсан бас нэг жүжиг, дээрээсээ дохио зангаатайгаар явж байгаа үйлдэл болохоос зайлахгүй.

МАН, МАХН нэгдэнэ гэх энэ хийрхэл улс төрийн бусад намуудын хувьд ч бас багахан хэмжээний доргилт үүсгэж байх шиг байна. Ялангуяа МАХН-тай эвсч сонгуульд орсон МҮАН-ын хувьд. МҮАН-ын дарга М.Энхсайхан сүүлд өгсөн ярилцлагадаа "Монгол Улсын эрх ашгаас урвасан Оюутолгойн гэрээ гэгчийг өөрчлөх, буруу тийшээгээ эргэчихээд байгаа төмөр замын бодлогыг өөрчлөх гээд төрийн түвшинд явж байгаа дампуурлыг засахын тулд МАХН, МҮАН хамтарч ажиллах ёстой. Өнгөрсөн найман жил засагласан МАНАН-гууд үүнийг хийнэ гэж байхгүй" хэмээн мэдэгдээд амжсан. Гэхдээ Засгийн газарт ажилласан сүүлийн зургаан сарын туршид хоёр тийшээгээ харж явсан эвслийн намуудын талаар М.Энхсайханы энэ удаа хэлсэн үг жаахан ташаа болсон ч байж магадгүй. Ялангуяа шоронд ял эдэлж буй Н.Энхбаяр намынхаа улс төрийн зөвлөлийг гишүүдийг өөр тийш залчихаад байгаа энэ үед. Учир нь "Шударга ёс" эвслийн удирдах байгууллага дотор МАХН, МҮАН-ын харьцаа 70:30 хувьтай байгаа энэ үед. Эхний удаа МАХН-ын улс төрийн зөвлөл "Засгаас гарна" гэсэн шийдвэрийг гаргасны дараа тэднийг тогтоон барьсан ганц зүйл нь МАҮН-ын дарга. Тэр эвслийн удирдах байгууллагад ордог өөрийн намын гишүүдээ эвслийн удирдах байгууллагын хуралдаанд оруулалгүй гацаасан төдийгөөр үйл явдлын өрнөлийг тогтоон барьсан билээ. Харин энэ удаа МАН, МАХН нэгдэх шийдвэрт хүрлээ гэхэд М.Энхсайхан ганцаараа, эвслийн удирдах байгуулагын 30 хувийг бүрдүүлж байгаа МҮАН-ын гишүүд энэ шийдвэрийг тогтоон барьж чадахгүй нь тодорхой.

Тэгэхээр МАХН, МҮАН-ын нэгдэх эсэх нь аль хэдийн эвслийн хяналтаас гарчихсан гэсэн үг. Харин үүнийг парламентын түвшинд нэг удаа тогтоон барьж болох юм.

Өөрөөр хэлбэл, өмнөх УИХ-ын үед хуулинд өөрчлөлт оруулахдаа "сонгуульд эвсэл байгуулж орсон нам сонгуулийн дараа эвслээ тараах юм бол авсан суудал нь хүчинггүй болох"-оор заасан байгаа. Улс төрийн намуудын хариуцлагыг чангатгах гэсэн энэ заалт хэрэгжвэл МҮАН ч, МАХН нь 2012 оны УИХ-ын сонгуульд эвслийн жагсаалтаар авсан 11 суудлаа алдана гэсэн үг. Эвсэл парламентад бүлэггүй болж, Ардчилсан нам парламент дахь бие даагчид, сул гишүүдийг оролцуулан дангаараа эрх барих болно. Ингээд ч хамаагүй МАХН, МАН нэгдэнэ, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд даагаа нэхнэ гэх юм бол хамаа алга. МАХН-ын хувьд тэргэй тэргүй Засгийн газарт байгаа хоёр гишүүн нь кабинет дотроо ямар ч үүрэггүй /ядахдаа намынхаа даргыг ялаас чөлөөлж чадаагүй/ байгаа учраас энэ замыг сонгож болох юм. Харин М.Энхсайханы хувьд түр зуурын холбоотон болсон МАХН-ыг төрхөмд нь буцаагаад өөрөө Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бас нэг сонголт байна.

Ямартай ч өнөөдөртөө "Монголын төмөр зам" компанийн захирлын ажлаас хоёр сар бололгүй зайлуулагдсан, Х.Баттулга, А.Гансүх гэсэн өөрийнх нь зиндаанд хавьтахгүй нөхдөд шахагдсан шарандаа засаг барьж байгаа Ардчилсан нам дээр гүйж очих хүсэлгүй байгаа нь илт. Тиймээс ч "М.Энхсайхан Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд шалтаг зааж, сайн дураараа ажлаа өгчээ" гэх цуурхлыг хариуд "Асуудлаа битгий бултуулаад бай, үүний цаана М.Энхсайхан гэдэг ганц хүний эрх ашиг байгаагүй шүү. Би Монгол Улсын эрх ашигт маш чухал асуудлыг хөндөж тавьсан, Засгийн газар үүнээс битгий зугтаасай" гэх анхааруулгыг хэлсэн билээ. Хэрвээ Засгийн газар үүнийг нь хайхарч үзэхгүй бол М.Энхсайханы өөрийнх нь хэлсэнчлэн "болохгүй нөхдүүдтэй болохгүй аргаар тэмцэх"-ээс өөр аргагүй болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нь түүнд саад хийх шалтгаангүй болно. Энэ бол М.Энхсайханы хувьд аль ч талаараа алдагдалгүй тоглоом. МАХН, МАН хоёр нэгдээд, Ардчилсан нам МҮАН хоёр бие биеийнхээ өөдөөс хутга бариад сонгуульд орвол улс төр гоё болно биз.

М.Энхайхан бол улстөрчийн хувьд том улстөрч. Улс төрийн стратегичийн хувьд ч гэсэн муугүй гэдгээ өнгөрсөн хугацаанд харуулсан. Нэгэнт эхэлсэн энэ тоглоомыг хааш нь эргүүлэх нь түүнээс ихээхэн хэмжээгээр шалгаална. Тогоочийн гарт хутга бариулбал яадаг, хулгайчийн гарт хутга бариулбал яадаг гэдэг билээ дээ.

Ингэхээр энэ нэгдлээс айх ёстой хүн нь М.Энхсайхан болон МҮАН лав биш болж байна. Харин Ардчилсан намын хувьд ямар бол?

Өнгөрөгч УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам УИХ-д хамгийн олон суудал авсан нь тэдний өөрсдийн бий болгосон амжилт биш гэдгийг дээр дооргүй мэдэж байгаа. Хэрвээ МАН, МАХН салаагүй байсан бол, "Шударга ё"с эвслийн авсан 20 хувийн саналыг талаар нь хуваагаад МАН-ын авсан 29 хувь дээр нэмэхэд л Ардчилсан нам бус, Ардын нам олуулаа гарч ирнэ. Дахиад л нөгөө Ардчилсан намыг засагт урьдаг эмгэнэлт хувь заяа руу явах байсан биз.

Тиймээс МАХН, МАН-ын нэгдлээс айх ёстой нам нь одоо эрх барьж байгаа Ардчилсан нам болж байна. Мэдээж хоёр нам нэгдлээ ч гэсэн тэдний дундаас Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Элбэгдоржтой өрсөлдөхүйц лидер гарч ирэхгүй л дээ. Гэхдээ "олны хүч оломгүй далай" гэдэгчлэн энэ хоёр намын гишүүд дэмжигчдийн хүчийг чамлах аргагүй.

Гэвч үүнээс илүүгээр болгомжлох ёстой нэг зүйл бол сүүлийн нэг жилийн турш хоёр талд хуваагдан хүч тарамдаад байсан хуучин коммунистууд эргэн нэгдэж байгаа явдал. Яг өнөөдрийн байдлаар аль аль намын хувьд улс төрийн чиг баримжаа, үзэл бодол, үнэт зүйл нь төдийлөн өөрчлөгдөөгүй, төрийн эрх мэдлээр далайлган бүхнийг шийдэж, төсвөөс хувалз шиг шимэн амьдарч ирсэн энэ намуудын хувьд эргээд нэгдчих юм бол наанадаж ирэх гурван жилд Ардчилсан нам, Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг нь хийлгэхгүй. Цаанадаж 2016 оны сонгуулийг тооцоолох ёстой. 

Олон нийт одоогийн харж байгаа шигээ "Аль нь ч гарсан ялгаагүй дээ, адилхан хулгайч" гэсэн үнэлэмжтэй хэвээр байх юм бол 2016 оны сонгуулийг МАН, МАХН-ынханд өгч тэнцүүлэх гээд үзчихнэ. Ялангуяа Ц.Элбэгдорж дахин сонгогдсон тохиолдолд. Хэрвээ коммунистууд эргээд засгийн эрхэнд гарвал нөгөө шударга ёсны төлөөх тэмцэл дуусч, төсвийн зардал нэмэгдэн эдийн засгийн либералчлал үгүй болж, уул уурхайн баялаг цөөхөн хүний гарт төвлөрөн ард иргэд нь төрөөсөө царайчилж амьдардаг байдал руугаа эргээд явна.Тэгэхээр ардчилсан засаг, ардчилсан намын ажлаа хийх, өөрчилж шинэчлэх хугацаа улам л шахагдаж байна гэсэн үг. МАХН, МАН-ын энэ удаагийн нүүдэл н зөвхөн нэг удаагийн сонгуулийг харсан биш, нэлээд хэдэн нүүдлийн дараах газрыг харсан алхам болж байна.

Б.СЭМҮҮН

1 comments:

  1. UNEEN UNEN. KOMMUNISTUUD GARCH IRVEL ERGEEDL NIIGEM HOGIIN BAIDALRUUGAA OROH BOLNO BOLOMJTOI BUHEN GADAAD RUU DURVENE. HEDEN HUVALZ HEZEE MUDGUI BOLSON UVGUD HUGSHIDIIG HEDEN TSAASAAR ARGADAJ, CHADAL MUUTAI HESEG BUSAG HUMUUS YUCH HIIJ CHADAHGUI ARCHAAGUI BAIDALTAIL NIIGEM GARCH IREH BAIHDAA.!

    ReplyDelete