МАХН Н.Удвалд хариуцлага тооцох уу?
Өнөөдөр 9 цаг 26 минут
МАХН-ын Бага чуулган маргааш эхэлж, хоёр өдөр үргэлжлэхээр товлогдсон бол түүний урьтал болгож МАХН-ын удирдлагууд Гүйцэтгэх товчооны хурлаа өнөөдөр хийнэ. Гүйцэтгэх товчооны хурлын цаг тодорхойгүй ч тус хурал МАХН-ын Цагаан ордонд болно. Эх сурвалжаас авсан мэдээллээр МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлаар Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хариуцлага тооцох тухай асуудлыг Бага чуулганаар оруулах тухай хөндөхөөр болжээ. Ийм асуудал тавигдах болсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангид хоригдож байгаа Н.Энхбаярын эрүүл мэндтэй холбоотой бололтой. Түүний бие өнгөрсөн долоо хоногоос хүндэрч, эмчлэгч эмч н.Доржсүрэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, прокурор зэрэг хэд, хэдэн газарт мэдэгдэн, Улсын клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эмчлүүлэх шаардлагатай хэмээн үзсэн байна. Улмаар эмчлэгч эмч н.Доржсүрэн нь Улсын клиникийн нэгдсэн хоёрдугаар эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид энэ тухай мэдэгдсэн боловч тэрээр "Хүлээн авах боломжгүй" гэжээ. Энэ бүхэнд МАХН-ынхан Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг буруутгаж, намынхаа даргыг эмчлүүлэх эрх авч чадахгүй байгаа нь хариуцлага тооцохоос аргагүй гэж үзэхэд хүргэсэн бололтой. Гэхдээ Гүйцэтгэх товчооны хурлаар энэ асуудал орсон ч Бага хурлын гишүүдийн олонхийн шийдвэрээс Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хариуцлага тооцох эсэхийг эцэслэх аж. Сайд Н.Удвалын хувьд намынхандаа тийм ч амар бууж өгөхгүй бололтой. Нам дотроо өөрийн хүмүүсээ бүрдүүлчихсэн түүнийг сайдын албан тушаалаас буулгана гэдэг тэгж ч амар хялбар шийдэгдэх ажил биш болохыг хэлэх хүн бас байна. Тиймээс ирэх хоёр өдөр үргэлжлэх МАХН-ын Бага чуулган нэлээд халуухан болох төлөвтэй байна.
Тэгвэл Гүйцэтгэх товчооноос Бага хурал руу оруулах хоёр дахь сценарь нь өнгөрсөн хугацаанд олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татсан МАН-аас илгээж байгаа хоёр намыг нэгтгэх тухай санал юм байна. УИХ дахь МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн гишүүд болох З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү, мөн Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нарын "жижиг" улстөрчдийнх нь байр сууринаас харвал МАХН-ын гишүүдийн дунд МАН-тай нэгдэх асуудлыг шууд хүлээн авах боломжгүй. Тэр тусмаа дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн хэлснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай эвсэх нь буруу гэсэн чиглэл өгсөн. Үүгээр бол МАН-ынхан хэчнээн хошуу дэвсэн гүйлээ ч МАХН-ынхан МАН-аас илгээсэн асуудлыг хүлээн авах боломжгүй бололтой. Гэхдээ МАХН-ын нөлөө бүхий улстөрчдөөр нэрлэгддэг Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан нар "МАХН, МАН хоёр бол тасарсан мах, үсэрсэн цус нэгтэй нам" хэмээн тодорхойлж, хоёр намыг нэгтгэхийн төлөө тууштай явах болно хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тиймээс намын даргаас өгсөн зааврыг дагах уу, эсвэл сэтгэл зүрхээ даган хоёр намыг нэгтгэхийн төлөө Ц.Нямдорж нарын үгийг мартаад "Нэгдэхийн төлөөх хөдөлгөөн өрнүүлэх үү" гэдэг ч хоёр хоногийн дараа өндөрлөх Бага чуулганы шийдвэрээс хамаарах болж байна.
Гүйцэтгэх товчооноос Бага хурлын гишүүдээр хэлэлцүүлэх асуудлын гуравт Шинэчлэлийн Засгийн газарт багтсан МАХН –ын мөрийн хөтөлбөрөөс хэдэн хувь биелэв гэх дүгнэлт байх бололтой. Түүнчлэн зарим мэдээллээр бол Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүнийхээ тухай ярилцах төлөвтэй байна. Үүн дотор нь 5-6 хүний нэр явж байгаа гэжээ. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол МАХН-ынхан УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл нэрээр оролцсон шигээ энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шийдвэрийг Бага хурлаас бас гаргаж мэдэх нь.
Г.ДАРЬ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:
Post a Comment