"Автомашингүй өдөр" буюу энэ сарын 31-ний өдөр 1000 дугуйчдын парадыг зохион байгуулах талаар Монголын залуучуудын холбоо, Мянганы сорилтын сан, Монголын дугуйн холбооноос өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Парад нь Сүхбаатарын талбай-Баруун дөрвөн зам-Гэсэр сүмийн уулзвар-Чингис зочид буудал-Бөхийн Өргөө-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явах юм байна.
Монголын залуучуудын холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Түвшинжаргал "Энэхүү ажил нь цаашид Монголд дугуйн замтай болоход эерэгээр нөлөөлнө. "Нарны зам"-ын хоёр талын зам, Сэлбэ, Туул голын орчмыг дугуйн замтай болгох ажлыг эхлүүлэхээр болсон" гэсэн юм.
Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн биеийн тамирын газар, Монголын дугуйн холбоо, Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх "Залуу дугуйчин" клуб, Монгол аялагч клуб, ШУТИС-ийн МИС-ийн дугуйн баг, "Mongolian Trails Cycling Club" мөн дугуйн худалдаа эрхэлдэг "Дугуйн ертөнц" компани, "Cannondale", "Атилла" дэлгүүрийн хамт олон залуусын эрүүл мэндийг дэмжиж энэ ажилд нэгджээ.
Д.Цэцэг

0 comments:
Post a Comment