Нийслэлийн улсын бүртгэлийн газар нь иргэдийн баримт бичгийн зөрчлийг арилгах, иргэний баримт бичиггүй иргэдийг бичиг баримтжуулах сарын аянг өнөөдрөөс эхэлж байгаа юм. Түүнчлэн цахим үнэмлэх хэвлэхгүй байна гэсэн гомдол иргэдийн зүгээс ирж байгаатай холбогдуулан эл асуултад Нийслэлийн улсын бүртгэлийн газрын дарга С.Содномдорж хариулт өгч байна.
-Бичиг баримтгүй иргэдийг хэрхэн бичиг баримтжуулах вэ?
-Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оны гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2013 оны дөрөвдүгээр сарын 20 хүртэл хугацаанд сарын ажлын аян зохион байгуулахаар болсон. Энэ сард багтан иргэний бичиг баримтны зөрчлийг арилгах, бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтыг нь олгох гол үндсэн зорилго тавьж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 2012 оны статистик тоогоор 1 сая 200 мянган иргэн бүртгэлтэй амьдарч ажиллаж байна. Эдгээрээс 850 мянган иргэн 2010 онд зохион байгуулсан иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан. Үлдсэн нь 16-гаас доош насны хүүхэд. Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдсан иргэдээс гадна бүртгэлд хамрагдаагүй 16 мянган иргэн нийслэлд бий. Эдгээрээс огт бичиг баримтгүй 300 гаруй хүн. Түүнчлэн бичиг баримтны зөрчилтэй 2500 гаруй иргэн бий. Манай бүртгэлийн газраас сарын хугацаанд зохион байгуулж буй үндсэн үйл ажиллагаа зорилго маань 16 мянга гаруй иргэн рүү чиглэж байна. Дээрх хүмүүсийг бүртгэлт хамруулахад бэрхшээлтэй зүйлүүд байгаа. Бичиг баримтгүй иргэд нийгмийн харилцаанд орж чадахгүй байна. Тиймээс нийгмийн харилцаанд орох эрхийг нь хангах үүднээс энэ сарын аяныг зохион байгуулна. Уг сарын аян Улаанбаатарт хотын 152 хороо, 9 дүүргийн хэмжээнд явагдана. Сарын аяныг зохион байгуулах ажлын хүрээнд нийслэл, дүүргийн бүртгэлийн ажилтнууд ажлын өдрөөс гадна сарын дөрвөн долоо хоногийн хагас сайн өдөр бүр 10.00-16.00 цаг хүртэл ажиллана. Энэ ажлын болон амралтын өдрүүдэд иргэдийг хүрээн авна.
-Ямар зөрчил түлхүү байна вэ?
-Улаанбаатар хотын хэмжээнд байгаа зөрчилтэй зарим иргэдийн бүртгэлийн мэдээллийн санд овог нэр, зөрүүтэй төрсөн он сар нь буруу, хаяг нь буруу бичигдсэн зөрчлүүд бий.Түүнлчэн шилжилт хөдөлгөөний улмаас бүртгэл зөрчилтэй асуудал байна. Тухайлбал, орон нутгаас шилжин ирж буй иргэд мэдээллийн сангаас бүртгэлээ хасуулаагүй ирснээс хотод бүртгэл нь баталгаажиж чадахгүй тохиолдол ч бий. Тэгэхээр орон нутаг Улаанбаатарын хооронд шилжилт хөдөлгөөн их байна. Тухайлбал, 2012 онд аймгаас 57300 мянган иргэн шилжин ирсэн байна. Улаанбаатар хотоос 19500 иргэн шилжсэн. Нийтдээ 70-80 орчим мянган хүн хөдөлгөөнд орсон. Энэ иргэдийн шилжилт хөдөлгөөний улмаас зөрчил их байна. Энэхүү аяны хүрээнд уг зөрчлийг арилгана гэсэн зорилт тавьж байгаа.
-16 насанд хүрээд бүртгэлд хамрагдсан хүүхэд цахим үнэмлэхээ авч чадахгүй байна гэсэн мэдээлэл бий. Үнэмлэх олгогдож байгаа юу?
- 16 насанд хүрсэн хүүхдүүд дүүрэг дүүрэг дээр бүртгэл нь хийгээд явж байгаа. Иргэний цахим үнэмлэхний нөөц багассантай холбоотой цахим үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдийн төлбөр хураамжаа төлсөн иргэний цахим үнэмлэхийг хэвлээд явж байгаа. Тухайлбал, 2013 он хүртэл 11 мянга орчим цахим үнэмлэх хэвлэсэн.
-Цахим үнэмлэх хэвлэх машинд саатал гарсан юм уу?
-Цахим үнэмлэх хэвлэх үйлдвэр хэвийн ажиллаж байгаа. Нөөц багассан. Улсын бүртгэлийн ерөнхий газраас нөөцөө сар сард нь хуваарилж байна. Сард байгаа нөөцөндөө тулгуурлаад цахим үнэмлэх хэвлэх тоо хэмжээ нь хязгаарлагдсан. Тиймээс Улсын бүртгэлийн газраас цахим үнэмлэхийг бөөнөөр нь нийлүүлэх компани, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулсан учраас дөрөвдүгээр сарын эхээр цахим үнэмлэхний бэлтэц нийлүүлэлт хэвийн болно.
-Цахим үнэмлэхний нөөц яагаад багассан юм бэ?
-Бэлдэц нийлүүлэх компанитай гэрээ хийхдээ Монгол Улсын хэмжээнд 2.7 сая иргэнийг цахим үнэмлэхжүүлэхээр тогтсон юм билээ. Явцын дунд дахин цахим үнэмлэх олгох шаардлага их хэмжээгээр гарсан учраас нөөц багассан.
-Гэрээ байгуулахаасаа өмнө яагаад энэ асуудлаа тусгаагүй юм бол. Мэдээж хаяж үрэгдүүлэх тохиолдол олон гарах байсан шүү дээ?
-Гэрээ 2012 онд шинэчилсэн бүртгэл хийх үед л байгуулсан. Тэр гэрээ үргэлжлээд явж байгаа.
Нийслэлийн улсын бүртгэлийн газрын Иргэний бүртгэлийн хэлтсийн дарга Н.Наранцэцэг
-Төрийн бус байгууллагатай ямар байдлаар хамтрах вэ?
-Бичиг баримтны зөрчлийг арилгах аян зохион байгуулж буй гол зорилго нь огт бичиг баримтгүй улмаас нийгмийн олон талын харилцаанд орж чадахгүй байгаа иргэд олон бий. Ялангуяа тэнэмэл амьдралтай харьяалагдах нутаг дэвсгэргүй хүмүүс. Тэдгээр иргэдийг бичиг баримтжуулна. Тэднийг бичиг баримтжуулахад төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран дүүргүүдийн халамжийн хэлтэс, болон бусад байгууллагатай хамтран ажиллана. Өөрөөр хэлбэл төрийн бус байгууллагаас бичиг баримтны төлбөрийг гаргуулах юм.
-Энэ аяны хүрээнд цахим үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдэд хөнгөлөлт бий юу. Тухайлбал, торгуулийг төлөхгүй байх ч гэдэг юм уу?
-Бичиг баримтаа гээгдүүлсэн иргэд харьяа хороонынхоо улсын бүртгэгчид хандан хүсэлтээ гаргана. Энэ хүрээнд иргэний үнэмлэхний үнэ 15 мянган төгрөг төлөгдөх ёстой. Тэмдэгтийн хураамж 3300 төгрөг төлнө. Цахим үнэмлэхээ гээгдүүлсэн хүмүүст захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүрээлгэдэг. Дунджаар 30 мянга хүртэл төгрөгөөр торгодог. Тэгвэл энэхүү аяны хүрээнд цахим үнэмлэхээ гээгдүүлсэн иргэдийн торгуулиас нь хасна.Иргэдийн бичиг баримтны зөрчлийг нь арилгах зорилгоор аян зохион байгуулчихаад байхад иргэд үүндээ идэвхтэй оролцох хэрэгтэй. Үнэхээр ямар бичиг баримтны зөрчилтэй байгаагаа мэдэхгүй хүн ч бий. Ямар ч байсан энэхүү үзлэгт хамрагдаад зөрчлөө мэдэх хэрэгтэй. Аяны хүрээнд өнөөдөр судалгаа аваад маргааш бичиг баримтыг нь олгоно гэсэн ойлголт байхгүй. Судалгаа гаргана. Түүн дээрээ үндэслээд тодорхой үе шаттай хэрэгжүүлнэ. Огт бичиг баримтгүй хүнийг архивын байгууллагаас лавлагаа авах гэх мэтээр ямар бүртгэл байна гэдгийг үндэслэн бичиг баримтжуулна.
-Торгуулийн тодорхой хувиас чөлөөлнө гэдгийг тодруулаач?
-Торгуулиас тодорхой хэмжээнд хасах асуудлыг улсын байцаагч нар өөрсдийн эрх мэдлийн хүрээнд шийднэ.
Н.Түвшин

0 comments:
Post a Comment