Хүн бүрийн сэтгэлд аавын тухай гэгээн сайхан дурсамж бий. Бид энэ удаагийн зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвалыг урьж, улс төр, нийгмийн амьдрал, эрүүл мэндийн салбарын талаар биш дурсамж дүүрэн сэтгэлд нь мөнхөрсөн аавынх нь тухай ярилцсан юм. Тэрбээр хазайлгаж болохгүй титэм хэмээн аавынхаа тухай ийнхүү хуучиллаа.
-Та аавыгаа бурханлаг хүн байсан гэж "Би эвдрэхгүй" номдоо дурссан байсан?
-Тийм ээ. Миний эцэг Намжилын Нацаг гэж нутаг усандаа нэртэй, ах дүү нартаа хүндлэгдсэн ноён нуруутай сайхан хүн байлаа. Аав маань эхээс олууллаа ч гэсэн эр ганц хүн. Ах нь дээр үед дайнд яваад амь үрэгдсэн гэж ярьдагсан. Олон охин дүүтэй. "Эр ганц хүнд элдэв юм бодогдоно" гэж аав маань ярих дуртай хүн байж билээ.
-Сэтгэлд тань мөнхөрсөн аавын тань дүр?
-Аавыгаа би урт цагаан соруултай гаансаа мөнгөн тойгонд тогшин бодлогоширон суух дүрийг тодоос тод санадаг юм. Аав иймэрхүү байдалтай байх нь удахгүй бидэнтэй холбоотой томоохон шийдвэр гаргах гэж байна гэсэн үг.
-Аав тань хүүхдүүддээ ямар сургааль айлддаг байв?
-Аавын маань сургааль ямар ч ном хэвлэлээс эрээд ч олдохгүй, эгэл жирийн ард хүний амьдралаас олж авсан номлол байж дээ гэж надад өөрийн эрхгүй бодогддог. Аав маань би найман банктай хүн дээ гэж биднээрээ бахархана. Биднийг эрдэм номтой хүн болгохын тулд байдаг бүхнээ зориулж, хөрөнгө оруулсан нь үнэндээ банктай төстэй ч юм уу даа. Ямар ч хүнд өөрийн гэсэн ухаан байдаг. Ухаанаа зарж амьдар гэж бидэнд сургана. Энэ нь одоогийн зах зээлийн онолтой дөхүү ойлголт юм уу даа. Мөн хүнийг танина гэдэг хамгийн хэцүү. Тэр хүн хэн ч бай, эхлээд танилцахдаа ямар байсан бэ? тэр хэвээрээ байвал зүгээр гэж сургадагсан. Дурсамж яриандаа хоёр хүүдээ амь шигээ хайртай. Охидоосоо үхээд боссон юм болохоор нь Удваадаа илүү хайртай гэж аав маань дурсан ярьдаг байсан юм. Аавын сэтгэл санаа хамгийн гундуу байсан үе бол Бархүү ахыг их сургуульд сурч байгаад Дорнод аймагт цэрэгт явсан үед байсан гэж боддог юм. Хүүгээ санахдаа Очир ах,аав хоёр тал нутгийн дууг дуулж уйлж байхыг хараад миний сэтгэл ч бас тавгүйрхдэг байж билээ.
-Таны аав ямар ажил эрхэлдэг байсан бэ?
-Нэгдэлд мал малладаг малчин байсан. Малчин хүний амьдрал их өвөрмөц. Тэдний ажилд цаг нар гэж байхгүй. Хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажиллаж , цас, бороо, халуун нар, салхи шуурганаар тэдний ажил ердийн үеэсээ хэд дахин нэмэгдлээ ч тэдэнд илүү цаг, иймээ тиймээ нэмэгдэл хөлс гэж байхгүй. Тэд хүнээсээ илүү малынхаа төлөө үхэн хатан зүтгэнэ. Ийм л үед аав маань мал маллаж, хатуу хүтүүг нугалж явсан малчин хүн дээ. Малчин хүн малаа өсгөн, онд мэнд оруулж, тарга тэвээрэг авахуулж ашиг шимийг нь хүртэж байгаа үедээ л хөдөлмөрийнхөө үр шимийг үзэж байна даа гэж бахархан сэтгэл тэнийдэг ийм л цаг үед миний аав,ээж амьдарч байлаа. Одоогийнх шиг малынхаа түүхий эдийг зах зээлд арилжаалж, бараагаар солилцож ,ашиг орлого олж амьдралаа өөд татах тийм сэтгэлгээ тухайн үед малчдын дунд суугаагүй байсан үе дээ. Аав маань алдартай сайн уяач байсан. Аавын уядаг хурдан морьд зассан шагай шиг цэмцийсэн сүрэн дотроо онцгойрч явдаг хэн ч харсан нүд унагамаар сайхан хүлгүүд байж билээ. Намайг бага байхад манайх бүх насны морь уядаг, их насны морь гэхэд л 2-3-ыг уяж тэдгээр нь ихэвчлэн айргийн тавд ирдэгсэн. Хэдийгээр аав, ээж маань үр хүүхдээ асарч хамгаалах шинжлэх ухааны мэдлэг байхгүй ч энэ талын уламжлалт арга ухаанд суралцсан хүмүүс байсан.
-"Зан сайтай айлд хүн бүхэн цуглана, замаг сайтай нууранд шувуу бүхэн цуглана" гэдэг. Нацаг гуайнд хэр их хүн цугладаг байв?
-Явуулын хүн тасардаггүй хөл хөдөлгөөнтэй айл байлаа. Намрын намарт өрөм зөөхий, архи айргаа дараа жилийн зунтай золгох хүртэл нөөцөлж авдагсан. Зуу, хоёр зуугийн модон хувингаар дүүрэн цагаан тос, монгол архи хийж модон таглаагаар таглан өөхөөр тагийг нь шавж битүүлдэгсэн. Ээж хаваржин ирсэн гийчдэд таван зуун граммын сиян аягаар монгол архи халааж өгнө. Аав маань шимийн архийг жилийн дөрвөн улирал тасралтгүй балгадаг ч ажил амьдралаа нэг ч өдөр алддаггүй нэгэн байж билээ. Аав маань түлээ түлшээ бэлтгэн, ногт чөдрөө зангидан адуу малаа адгуулах зөвлөгөө зааврыг үр хүүхэд, ач зээ нартаа өгч, буусан суусан гийчдэд үнэтэй сургаалиа хайрласан бурхан ухаантан байсан юм.
-Та ааваасаа хэр зэмлэл хүртсэн бэ?
-Аав маань дуу цөөтэй, дугарвал жинтэй үг хэлчихдэг нэг ёсондоо аавын минь үг биднийг сургадаг ташуур, ухаарал хайрладаг номлол байлаа. Ааваасаа би бага насандаа гурван удаа том зэмлэл хүртэж билээ. Нэг нь дүү Дулмааг долоо нас хүрч шүдэлж байхад "Чамайг хавар мал махнаар шүдлэнгийн оронд мал маханд тавина. Харин гэрээ нүүлгэх ч юм уу түлээ мод татах болохоороо очиж эзнээс чинь гуйж хааяа хөсгөнд хэрэглэж байна шүү. Битгий гэрээ санаад байгаарай"гэж хэлж дүүгээ уйлуулаад аавд загнуулж жавтий хүртэв. Аав маань бэлэг дэмбэрэлгүй үг хэллээ, хэзээ чи хүнийг мал маханд тавихыг үзсэн юм" гэж ирээд л намайг загнасансан. Хожим нь долдугаар ангид байхдаа дүү Жамбаад ээж хурган дээл хийж өгөхөд нь "чамайг хүмүүс хараад яасан олон хурга үхүүлсэн айлын хүүхэд вэ? гэж бодно доо гэж хэлж байгаад аавд зэмлүүлж билээ. Бас наймдугаар ангид байхдаа дүүтэйгээ тэвэг өшиглөж байгаад сураар ороолгуулсан даа. Харин эмч болсон хойноо цагаан сарынхаа ууцны өөхөөр гал түлж байгаад аавдаа зэмлүүлж билээ. Цагаан сарын дараахан аав маань манайд ирж намайг ууцны өөхөөр гал түлж байхыг хараад "Чи бид хоёрын бодол өдөр шөнө шиг зөрөөтэй юм байна. Би чамд сүргээ шилж ууц бэлтгэж өгч байх, чи түүгээр нь гал түлж байх гээд нөгөө ууцны үлдэгдлийг гэр рүүгээ явахдаа аваад явж билээ.
-Аав тань ямар хүмүүстэй найзалдаг байв?
-Найзаар минь намайг таньдаг учиртай гэдэг дуу ч хүртэл байдаг. Хүмүүс өөрийнхөө ижил төстэй сонирхлыг дагаж нөхөрлөдөг юм билээ. Аавын найзууд голдуу хурдан морь уядаг хүмүүс байсан. Наадмын урьд өдөр аавын хурдан морины найзууд/тэд ааваас олон насаар дүү боловч морь уях сонирхол нь тэднийг нэтгэдэг байсан байх/ болох Дэмбэрэл, Ласранжав, Батсүрэн, Бямбасүрэн ах гээд олон найзтай. Хурдан морьдоо уяа тойруулаад хүүхдүүд хангинатал гийнгоолоод хөдлөх ч бас сэтгэл хөдөлмөөр шүү. Бас аавд даалууны найз олон. Пэрэнлэй, Батболд том, бага Самбуу, Даваадагва, Банзар гээд олон хүн байлаа даа.
-Аав тань эмч охиноороо бахархдаг байсан байх даа?
-1980 онд аав маань хүндээр өвчилсөн юм. Зун ногооноор өвөлжөөнөөсөө бүрхээрээ зөөж яваад морь нь бусгаж мориноосоо ойчжээ. Тухайн үедээ өөрт нь юу ч мэдэгдэхгүй хэвлий дор нь бага зэрэг хөндүүрлээд байсныг тоохгүй ээжид ч энэ тухай хэлээгүй юм байна. Харин есөн сард би амралтаараа хөдөө гэртээ байсан юм. Гэтэл нэг шөнө аав бөөлжиж халуурч биднийг сандаргав. Мэс заслын өвчний шинж тэмдэг улам бүр тодорч аавд маань аймгийн эмнэлэгт хагалгаа хийх боллоо. Очиржанцан/бид Оожоо эмч гэж дууддаг юм/эмчийг амралттай байхад нь би гуйж авчирч наркоз өгүүлж билээ. Аймагтаа бурхан эмч гэж нэрлэгдсэн Оожоо маань нэр хүнд сайтай , чадварлаг эмч төдийгүй залуу эмч бидэнд амьд үлгэр болсон сайхан хүн байсан юм. Хагалгааны явцад би хагалгааны өрөөнд орж гарч байсан учир аавын биеийн байдлын талаар мэдээлэл сайтай байлаа. Аавын бүдүүн гэдэс нь язарч идээлсэн байлаа. Гэдсийг нь тайрч залгах хагалгаа амжилттай хийгдлээ. Хагалгаа дуусч амьсгалын аппаратаа салган гуурсыг автал аавын амьсгал зогсож сандаргалаа. Оожоо эмч яаралтай арга хэмжээ аав дахин амьсгалж амь нас нь аврагдаж билээ.
-Та аавтайгаа хамгийн сүүлд хэзээ уулзав?
-Би тод санаж байна. 1981 оны долдугаар сарын 1-ний 18 цагийн орчимд уулзсан даа. Би хоёр ихэр хүүхэд төрүүлээд хоёр сар болж байхдаа аавындаа том хүү Мөнхзориг болон хоёр ихэртэйгээ амарч байлаа. Манайхтай Чимэд ахынх/Миний төрсөн эгчийн нөхөр/ дүү Жамбаагийнх айл байдаг байлаа. Миний хоол цайг гурван гэр ээлжлээд л зөөчихдөг байсан болохоор үндсэндээ би тэднийхээ халамжинд тохь тухтай байв. Нэг орой аав маань бидний амьдарч байсан бага гэрт халамцуухан орж ирээд их л тухалж хууч хөөрч байгаад гарч билээ. Энэ уулзалт аав бид хоёрын хамгийн сүүлчийн уулзалт байсан гэдгийг бид хоёрын хэн нь ч мэдээгүй юм. Миний охин хүүхдүүдээ өсгөөд эрдэм номынхоо мөрийг хөөгөөд гялалзаад л явж байгаарай" гэж хэлээд аав маань гэрээс гарч билээ. Харин маргааш өглөө нь тогоогоо нэрж байгаад зүрхний шигдээс өвчнөөр гэнэт нас барсан даа хөөрхий. Магадгүй сүүлчийн захиасаа захисан ганц хүүхэд нь би байсан байх. /Хоолой нь зангирав/
-Таныг аавынхаа дурсгалыг мөнхрүүлж чадсан гэдэг?
-Би Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын Манчестерийн их сургуульд суралцаж эрүүл мэндийн удирдахуйн урлагийн мастерийн зэрэг горилж бичсэн диссертацынхаа эхний хуудсанд "Намайг амьдралд бодитой ханддаг хөдөлмөрч болгон хүмүүжүүлсэн аавдаа энэ бүтээлийг зориулав" гэж бичсэн. Миний энэ бүтээл одоо Манчестерийн их сургуулийн Жон Ирландын номын санд бий. 2005 онд миний төрсөн Эрдэнэмандал сумын 80 жилийн ой боллоо. Бидэнд аавынхаа гэгээн дурсгалд зориулж хурдан хүлгүүдийнх нь тухай дуу хийх санаа төрлөө. Харин их сайхан дуу болсон шүү.
-Ямар нэртэй дуу билээ?
-"Тэнгэрийн хүлэг" нэртэй. Энэ дууны үгийг миний төрсөн ах Бархүү, аяыг хөгжмийн зохиолч Булган бичиж Монгол Улсын ардын жүжигчин Самбуу сумын ойн үеэр дуулсан. Дууны клипэнд ах дүү нараа оруулж хийсэн нь бүр ч сайхан болсон байна лээ.
П.Наран

0 comments:
Post a Comment