“Аюулгүй байдлын харанга дэлдээгүй”

Гадаад худалдааны тэнцэл хоёрдугаар сард 88.6 сая ам.долларын алдагдалтай гарч, жилийн өмнөхөөс 66.2 сая ам.доллар буюу 42.7 хувиар буурсан үзүүлэлтийг статистикчид гаргажээ. Гадаад харилцаа, худалдаа, цаг үеийн байдалтай холбoгдуулан хөндлөнгийн байр суурийг сонсох үүднээс Гадаад харилцааны сайд асан /1988-1996 онд сайдаар ажилласан/ Ц.Гомбосүрэнтэй ярилцлаа. 

-Ярилцлагаа өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлаас эхэлье гэж бодлоо. Гадаадтай хийх худалдааны тэнцлийн алдагдал жилийн өмнөхөөс 42 хувиар буурсан гэх юм. Худалдааны салбар нааштай болж байна уу даа?

-Монгол Улсын өнгөрсөн жил гаргадаг нүүрс маань эрс багассанаас болоод экспорт буурсан. Импорт одоо бас буурч байна. Экспорт маань буурсан нь муу, импорт багассан нь сайн хандлага гэж хэлж болохоор. Тэгэхээр тэнцлийн алдагдал нааштай өөрчлөгдөх хандлага тодорхой биш байна л даа.

-Гадныхныг царайчлахгүйгээр дотооддоо үйлдвэрлэл хийх нөхцөл боломж нь хэр байна?

-Дотооддоо хийхийн тулд манайхны хийх юм гаднаас авдаг юмнаас чанараар илүү, үнэтэй биш байх ёстой. Ингэж байж өрсөлдөж чадна. Үүндээ татварын болоод урамшуулал өгөх байдлаар төрөөс оновчтой бодлого явуулах хэрэгтэй. Бүтээгдэхүүн хийж байгаа компани, төр хоёр нийлвэл импортын бүтээгдэхүүнийг орлохуйц байна. Түүнээс биш, илэрхий юмыг хийх гээд оролдоод хэрэггүй. Жишээ нь, бид суудлын машин онгоц хийх гэж үзээд хэрэггүй. Учир нь бид жирийн эд ангиас эхлээд жижиг эд ангийг ч хийж чадахгүй байна шүү дээ. Харин эд ангийг нь авчраад угcрахад хямдхан тусах бол боломжтой зүйл. Хүч тэнхээгээр биш, мэдлэгээр хийж болно шүү дээ. Улайм цайм утгагүй зүйл рүү хошуурах хэрэггүй. Харин уул уурхайн салбар эдийн засгийн өсөлтийг хангаж байгаагийн хувьд цаашдаа тууштай  бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.

-Ямар тууштай бодлого хэрэгжүүлнэ гэж?

-Үндэсний компаниудаа бүтээн байгуулалтад идэвхтэй оруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгтэй. Ашигт малтмалын тухай хууль болон Стратегийн орд газрыг тойруулсан хуулийг сайтар боловсруулах хэрэгтэй. Ер нь цаашдаа Засгийн газрын  хуралдаанаар дээрх хуулиудад өөрчлөлт оруулахаар болж байх шиг байна. Энэ ч зөв.

-Хуулиудын үзэл баримтлалд та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ хуулийг Ерөнхийлөгчөөс санаачлан ажлын хэсгийнхэн гаргаж ирсэн бол одоо  буцаагаад татлаа. Хууль манайхны болон гадныхны дургүйцлийг их хүргэж байна гээд татаж байгаа нь зөв. Ингээд түүхий байгааг хүлээн зөвшөөрсөн. Одоо гадныхныг үргээх амьсгаатай түүхий хууль дээр юу ярих вэ. Буруу, зөвийг зассан хууль нь гарч ирсэний дараа ярих биз.

-Тa найман жилийн турш Монголын гадаад харилцааг зангидаж, гадаадад Монголыг төлөөлөх нүүр царай болж байсны хувьд бид одоо гадаадынхантай хэрхэн харилцаж байна вэ?

-Бид ер нь гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцаж байгаад тохирсоноосоо ухрах хандлагатай байна. Энэ нь тухайн компани гэхээсээ улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлдөг. Монголчууд хаврын тэнгэр шиг, нэг өдөр "за" гэчихээд, нөгөө өдөр нь "биш байна" гээд зөрчихдөг найдваргүй гэж дүгнэнэ. Буруу зөрүү хийсэн юмыг засах нь зүй ч оновчтой боловсон аргаар хийх ёстой.

-Та Оюутолгойг хэлээд байна уу?

-Яг тийм. Одоо бужгиналдаад л байна. Ярилцаж, тохирсон, эхлүүлсэн ажлаа болиулах биш, харилцан ойлголцох хэрэгтэй. Жишээ нь нэг үг байдаг. Улс төрийн бодлого гэдэг бол бололцоог бодит болгох урлагийг хэлдэг.

-Одоо гадныхнаас тусламж авахгүй л бол болохгүй цаг үе үү?

-Ер нь бид өнөөдрийн байдлаар уул уурхайн салбартаа гадныхны хөрөнгө оруулалтад дулдуйдахаас өөр аргагүй байгаа. Учир нь Монголын зарим компаниуд овоо хөрөнгөтэй болсон ч Тавантолгой, Оюутолгойг барьж авч чадахгүй. Хажууд нь зүүгдэж бүтээн байгуулалтад оролцох компаниуд бол бий. Тиймээс нэг хэсэгтээ л гадныхныг дулдуйдахаас өөр арга алга.

-Төмөр замын асуудлыг танаас асуухгүй үлдээж яаж болох вэ. Ямар царигаар төмөр зам тавих уу гэж их маргалдах юм? 

-Ухаа худагаас Хятадын хил рүү төмөр замыг хоёр жилийн дотор тавих болчихсон байсныг болиулсан. Тэр хоёр жил нь ч өнгөрсөн. Одоо нэг метр ч төмөр зам алга. Тэгэхээр үүнээс юу харагдаж байна вэ гэхээр, манайхан бодлого гээд маргалдаад цагаа алдаад байна. Миний хувьд, төмөр замын цариг дагасан бодлогыг ойлгодоггүй. Монгол төмөр замыг ганц өргөн царигтай байх юм шиг яриад байх юм. Гэтэл уул уурхайн гол түнш маань нарийн царигтай төмөр замтай. Ингээд БНХАУ-аар дамжаад гадаад зах зээлд гарах бүрэн боломжтой. ОХУ-ын нутгаар дамжаад далай хүрэх нь БНХАУ руу далай хүрэхээс гурав дахин хол шүү дээ. Ингэхээр замын зардал гээд гурав дахин илүү өртөгтэй болно. Одоо бол яах вэ шуурхайлах бодлоготой байна лээ.

-Төмөр замыг болгоомжтой барихгүй бол том гүрнүүдийн "хоол" болно гэдэг?

-Хуучны цагт бол төмөр замаар зэр зэсвэг зөөдөг ноцтой үе байсан. Өнөөдөр бол Монголтой байлдах улс алга. Тэд нар чинь Монголыг зүгээр цусыг нь хольё гэвэл агаараар явуулчихдаг мундаг зэвсэгтэй болсон шүү дээ. 

-Сонгуулиас сонгуулийн хооронд амласан амлалтаас болж манай гадаад өр замбараагаа алдчих шиг боллоо. Энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц их болчихсон гэвэл та санал нийлэх үү?

-Өнөө хүртэл Монголын тавьж ирсэн өр бол эргэн төлөгдөх боломжтой. Дийлэнх үнэмлэхүй хэсэг нь ийм эргэн төлөгдөх боломжтой төсөлд зориулагдсан. Тиймээс үндэсний аюулгүй байдалд ч гэсэн хор хүргэх аюултай биш.

-Хэмжээний хувьд ч гэсэн үү?

-Өрийн хэмжээ том ч гэсэн аюул учруулахаар биш.

-Гадаад харилцааны онцлох асуудал гэмээр ч юм уу, өгсөнийхөө хариуд түргэмгийлэх хандлага байх юм. Бидний хувьд ямар байна гэж та харж байна вэ?

-Аль ч улс том ч, жижиг ч нөгөө улстайгаа харилцахдаа дарамтанд орохгүй байх хүсэл эрмэлзэлтэй байдаг. Өнөөдөр бид ОХУ-аас олон зүйлээр хараат байна. Хамгийн чухал нь шатахуун. Үүний дараа цахилгаан эрчим хүч, "Эрдэнэт", "Монголрос цветмет" гээд том компанийн техник технологи бас ОХУ-аас хараат л байна. Ер нь оросууд Монголыг хараандаа байлгана гэж бодсон зүйл байхгүй л дээ. Гэхдээ үхлээ эрсэн хулгана муурын сахлаар оролддог гэдэг шүү дээ. Нөгөө талаас улс орны хувьд хараат байхаас сэрэмжлэх гэх юм уу даа бодлогын баримт бичиг бий. Хараат байдлаас сэргийлэхийн тулд нэг улсын хөрөнгө оруулалт нийт хөрөнгө оруулалтаас гуравны нэгээс илүүгүй байх ёстой гэдэг. Нэг улстай хийх худалдааны хэмжээ тэндээс илүүгүй байх ёстой гэх зэргээр баримт бичиг бий ч түүнийг сахиж, биелүүлэхгүй байна. Гэхдээ л бидэнд эдийн засаг, гадаад харилцааны хувьд ер нь гадныхнаас хараат байдлын харанга дэлдээгүй. Харин шинж тэмдгүүд л ажиглагдаж байна. Энэ даамжраад байвал аюултай.

-Давуу талаа ашиглаад биднийг чимхэх шалтгаан нь чухал юу байж болох уу?

-Тиймэрхүү бодит шалтгааныг хэлж чадахгүй ч жишээ нь, улс үндэстнийх нь хувийн асуудалд дураар оролцох. Тува, Буриадыг та нар хэдий удаан Орост дарлуулах гэсэн юм бэ гэдэг байдлаар өдөөн хатгаад байвал том гүрэн чимхэнэ биз дээ.

-Бидэнд бусад улсыг хараандаа байлгах боломж байна уу?

-Хараат байлгах чадамж байхгүй ч хамааралтай байлгах боломж бий. Уул уурхайн бүтээгдэхүүн, нүүрсээ Хятадад гаргаж байна шүү дээ. Энэ орон зайгаар хамааралтай болгох боломж бий. Жишээ нь, Хятадын хувьд ийм хэмжээний нүүрс, төмөрлөгийг Монголоос авна гээд тооцдог болно доо. Ингэхэд нь манайхаас нийлүүлэхгүй байвал хэсэг хугацаанд хамааралтай болно. Гэхдээ заавал бусдыг хамааралтай байлгана гэхгүйгээр тогтвортой түншээ байлгахыг эхэнд нь тавиад нийлүүлэлтээ тогтмол болгох хэрэгтэй.

-Таны сайд байсан үед гадаад худалдааны салбар гэдэг утгаараа байгаагүй ч харилцаа ямар  байсан бэ. Үүнийг асуулгүй өнгөрч болохгүй байх. Та л үүнийг илүү сайн ярих байх?

-Тэр үеийн асуудал одоо сонин биш байх аа.

-Харин ч сонин байна л даа?

-Тэр үед бидний сайн анд нөхөр гэгддэг Зөвлөлтийн тусламж дэмжлэг байсангүй. Гэтэл бид олон арван жил дайсан гэж үзэж байсан хэрэгтээ олигтой харилцаагүй байсан улсуудтайгаа харилцаагаа шинэчилж, тусламж дэмжлэгт нь дулдуйдаж шилжилтийн эхний үеийн зовлонгоос ангижирч эхэлсэн юм. Тухайлбал, Америк, Япон, Өрнөдийн орнууд гээд хандивлагчдийн бүлэг 30 гаруй улс, олон улсын санхүүгийн байгууллагууд тусалж байлаа. Нэг хэсэг буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл өгсөн.

-Онцын харилцаагүй хэрнээ яагаад тусалсан юм бол? 

-Бид хүн төрөлхтөний явдаг жамаар явах гэж байна. Тийм учраас дэмжээч гэдэг байдлаар бид илэрхийлж байлаа. Гадаадынхан Монгол Улсыг жаахан гэлтгүй коммунизмыг устгахад нь тус болъё гээд тусалсан гэх үү дээ. Ингэхээр ер нь гадныхныг ер нь үргээхээсээ илүү боловсон, аль аль талдаа ашигтайгаар хамтран ажиллах л хэрэгтэй шүү дээ.

У.БОЛОР

0 comments:

Post a Comment