“МИАТ”-ийн захирал Г.Жаргалсайханыг албан тушаалаа хэтрүүлсэн гэв

"МИАТ" компанийн хуучин захирал Ц.Орхон нарын есөн хүн мөнгө угаасан хэргээр УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж буй. Тэгвэл  тэдний араас тус компанийн шинэ удирдлага болох Г.Жаргалсайхан ч шалгуулж эхэлсэн тухай мэдээллийг тус газрын Бодлогын хэлтсийн дарга С.Билэгсайхан өгч байна.

-Танай "МИАТ" компанийн Гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхантай холбоотой мэдээллээ тодруулаач?

-Зөрчил дутагдлыг шоронд шомбойхоос нь өмнө илрүүлж засч залруулах ёстой. Бид шинэ удирдлагадаа маш их шүүмжлэлтэй хандаж байна. Дотоод хяналтаа сайжруулах, ил тод болгох чиглэлээр ажиллана. Ард түмэндээ нээлттэй ил тод байх үүднээс  энэ мэдээллийг өгч байна гэж ойлгоорой. Манай "МИАТ" компанид өмнө нь нууц тушаалууд их гардаг байсан. Үүний хор уршиг нь ажилтнуудын цалинг 10-20 саяар тогтоох зэргээр илэрдэг. Өдгөө хуучин удирдлагууд бүгд шоронд орсон гэдгийг та бүхэн мэднэ.

-Уучлаарай одоогийн удирдлагууд тань хууль зөрчсөн үйлдэл гаргасан юм уу?

 -Өнөөдрийн нөхцөл байдлыг танилцуулахын өмнө танд нэг л зүйлийн уншиж өгье. Тодруубал, "Зам тээврийн сайдын зөвлөлийн 2013 оны хоёрдугаар сарын 19-ны өдрийн зөвлөлийн хуралдаанаар "Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай" Зам, тээврийн сайдын 2012 оны 37 дугаар тушаалын хэрэгжилтийн байдлыг хэлэлцээд "Нүхт-тур" ХХК-тай байгуулсан гэрээг цуцлах, катерингийн үйл ажиллагааг тус компанид гэрээгээр шилжүүлсэнтэй холбогдон "МИАТ" ТӨХК-д учирсан хохирлыг хууль хяналтын байгууллагад хандаж нэхэмжлэх, гэрээ байгуулсан үйл ажиллагаанд "МИАТ" ХК-ийн холбогдох албан тушаалтнууд эрх мэдлээ хэтрүүлсэн гэмт хэргийн шинжтэй байгааг шалгуулах зэрэг арга хэмжээ авахыг даалгасан. Сайдын зөвлөлийн хуралдааны шийдвэрийг хэрэгжүүлж, дээр дурьдсан арга хэмжээг авч, хариу мэдэгдэхийг хүсье" гэсэн шийдвэр гарсан.

Өөрөөр хэлбэл, одоогийн удирдах албан тушаалтнуудын  "МИАТ" компанид учруулсан хохирлын хэмжээг гаргаж байна. Дотоод хяналтаа сайжруулж байна гэсэн үг. Сэжиглэж, хардах олон асуудал гарч байна. Тухайлбал, 2011 онд  хоёр тэрбум төгрөг  катерингид шилжүүлсэн. Өнгөрөгч 2012 онд жилийн дотор 3.8 тэрбум төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл манай удирдлагууд шатахууныхаа мөнгийг төлж чадахгүй чичирсэн мөртлөө катерингийн мөнгийг шилжүүлж ирсэн. Тодорхойгүй 1.8 тэрбум төгрөгийн асуудлыг шалгуулахаар боллоо. Өнгөрсөн жилүүдэд манай захирал Г.Жаргалсайханы тушаалаар  Баянхонгор аймгийн "Нүхт-тур" компанид 200 сая төгрөгийг  шилжүүлдэг байсан гэх мэтчлэн санхүүгийн хэргийн шинжтэй үйлдэл олон байна.

-Эдгээр хууль зөрчсөн гэх  үйлдлийг харьяа байгууллагад нь шалгуулж байна уу?

-Үнэнийг хэлэхэд, манай компанийн удирдлагууд садан төрлөөр дүүрсэн. Өдгөө Г.Жаргалсайхан захирал гарын үсэг зурдаг бол эхнэр нь аудит хийж байна шүү дээ. Ах дүү нар нь бүх салбарт бий.  Тийм учраас энэ бүхэнд хариуцлага тооцохоор ярьж байна.

Шинэ удирдлага Г.Жаргалсайхан нь хуучин захирал Ц.Орхонтой адилхан нууц тушаал гаргаж эхэлсэн. Манай компани  вино худалдан авахад жилд 500 сая төгрөг зарцуулдаг. Өнгөрсөн жилд ширхэг бүрийг нь  5.6 еврогоор авдаг байсан. Гэтэл энэ жил 4.7 еврогоор худалдан авах санал орж ирсэн атал  7.6 еврогоор вино худалдан авах гэрээ байгуулсан зэрэг маш олон булхай луйвар хийж байна. Энэ булхай луйвраа зогсоо гэдэг шаардлагыг би хэлээд сууж байна. Энэ мэтчлэн маш олон хууль зөрчсөн үйлдэл бий. Өдгөө манай компанийг Төрийн өмчийн хороо, Цагдаагийн ерөнхий газар, Аудитын газраас томилогдсон мэргэжилтнүүд шалгаж байна. Нэг жишээ татахад, саяын аудитын шалгалтаар л гэхэд манай санхүүгээс  130 сая төгрөг дутсан.  Түүнээс гадна хууль зөрчсөн гэрээнд захирал Г.Жаргалсайхан андуурч гарын үсэг зурсан нь эрх мэдлээ хэтрүүлсэн гэх хардлагыг төрүүлж байгаа. Тэр бүү хэл нутгийн бөхөө сая төгрөгөөр цалинжуулдаг.

МИАТ компанийн захирал Г.Жаргалсайхан дээрх асуудалд дараахь тайлбарыг өглөө.

- Та С.Билэгсайхан даргын мэдээлэлд ямар тайлбар хийх вэ?

-Манай аав Иргэний нисэхийн ерөнхий газарт дарга хийж байсныг та нар мэдэх биз. Тэгээд 2005 онд аав компанийн захирлуудад хэлээд миний хамгийн бага дүү Г.Баатарчулууныг сургалтын албанд  мэргэжилтнээр ажилд оруулсан юм билээ. Манай компани нэг хэсэг ажилчдаа цомтгоно гэж байлаа шүү дээ. Тэр үед би сургалтын хэлтсийн даргаа дуудаад цомтгох гэж байгаа хоёр хүнийхээ нэгд манай дүүг оруулаарай гэж хэлж байсан. Харин сургалтын хэлтсийн дарга "Та яаж байгаа юм бэ. Гадаад хэлний мэдлэг өндөртэй. Сайн л ажиллаж байгаа шүү дээ" гэж байлаа. Тэгэхэд нь би "Яахын бэ, хал" гэж хэлсэн. Гэхдээ бид цомтгох бодлого бариагүй л дээ. Манай дүү үлдсэн. Хүмүүс яг л ингэж ярьдаг байхгүй юу. Тэрнээс биш хамгийн түрүүнд дүүгээ халах санал гаргаж байлаа, би. Манай гэр бүлийн хүн МИАТ-д 23 дахь жилдээ ажиллаж байна. Онгоцны үйлчлэгч байж байгаад одоо нисэхийн аюулгүй ажиллагааны албанд байцаагч хийдэг. Энэ бүхнийгээ би ашиг сонирхлын бүх юмандаа бичээд өгчихсөн. Яамандаа ч энэ тухай мэдээллээ өгсөн байгаа.

-Сая төгрөгөөр нутгийн бөхөө цалинжуулдаг хэрэг үү?

-Үндэсний бөхөөр хичээллэдэг аймгийн арслан цолтой залуу бий. Түүнд сая төгрөгийн цалин өгч байгаагүй. Харин гэрээ хийгээд  ирж, очих онгоцных нь зардалд хөнгөлөлт үзүүлээд МИАТ-ийг сурталчлах талаас нь гадаад, дотоодын тэмцээнд оролцохдоо манай компанийн логотой цамц өмсдөг ч юм уу, ер нь сурталчилгаа талаасаа л гэрээ хийсэн байгаа.

-Виноны тухайд ямар тайлбар хийх вэ?

-Би сонгон шалгаруулалт хийдэггүй. Тендерийн дүрэм журмын дагуу л шалгаруулалт болдог.

-Саяхан танай МИАТ-ийн нислэг саатсан?

-МИАТ ХХК-ийн ОМ-136 дугаар аяллын онгоц энэ сарын 24-ний өдөр Москва хотод завсрын буулт хийх үедээ техникийн дутагдал гарган саатаж зорчигч  үйлчлүүлэгчдийн ая тухыг алдагдуулж, их чирэгдэл учруулсан.

Манай компани өнгөрсөн онд 4.1 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 40 тэрбум орчим төгрөгийн банкны зээлтэй. Харилцагч байгууллагууддаа 10 тэрбум төгрөгийн өртэй, санхүүгийн хувьд асар хүнд байгууллагыг хүлээн авсан. Дандаа түрээсийн, харьцангүй насжиж яваа онгоцуудаа шинэ онгоцоор солих ажил явагдаж байна.

Энэ оны зургадугаар сард Бойнг 767-300 маягийн агаарын хөлөг орж ирнэ. Бид бүтээл багатай орон тоонуудыг цомхотгосон. Гэвч бидний ажилд дутагдал байгааг сая Москвад болсон асуудал харууллаа. Саатсан зорчигчдыг үнэн зөв мэдээллээр хангах, тогтсон журмын дагуу тэднийг хоол, байраар хангах шаардлагатай байна. Гадаад улсад компанийг төлөөлөн ажиллаж байгаа хүмүүст тавигдах шаардлагыг чангатгах, тэдний зүгээс аюулгүй байдал, үйлчилгээний тогтсон стандарт, журмуудыг хатуу мөрдөж, зорчигч нарт чин сэтгэл гарган ажиллахыг шаардах болно.

 Москва хотноо сая болсон саатлын үеэр хангалтгүй ажилласан манай компанийн Төлөөлөгчийн газрын ажилтнуудыг эргүүлэн татах шийдвэр гаргалаа. Бид санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа ч  тусгайлан онгоц гаргаж 200 гаруй сая төгрөгийн зардал гарган бүх зорчигчийг Улаанбаатарт  авчирсны дээр хохирлын нөхөн төлбөрт тус бүр 200 ам.доллар олгосон.

Н.Түвшин

0 comments:

Post a Comment