Улаанбаатар хотын гэр хорооллын гудамж заримдаа өөхөн дэнгийн үеийг санагдуулж байна. Нийслэлд 20 мянга орчим гэрэлтүүлэг нэмж тавих шаардлагатай гэсэн тооцоо бий. Утаандаа дарагдсан гэр хороололд 12 мянган гэрэл тавьсан боловч бүрхэг хэвээр байна. Цаашдаа их хотын гэрэлтүүлгийн технологийг лед технологит шилжүүлэхгүй бол горьгүй болж. Энэ нь сүүлийн хоёр гурван жилд дөнгөж нэвтэрч эхэлж байгаа хэдий ч хотын бүх гэрэлтүүлгийг шинэчлэх боломж одоохондоо хараахан алга.
Цаашид нийслэлийн гэрэлтүүлгийн тоног төхөөрөмжүүд эрчим хүчний хэмнэлтээ зохицуулдаг, шаардлагагүй газарт гэрэл асаахгүй хэмнэдэг системд шилжих зайлшгүй шаардлагатай байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хот нийтийн аж ахуйн хэлтсийн гэрэлтүүлэг хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат ярьж байна. Үүний тулд "Ухаалаг гэрэлтүүлэгч" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр цахилгаан эрчим хүч хэмнэхээс гадна гэрэлтүүлгийг шат дараалан хянах, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд засах зэрэг удирдлагын шинэ системд шилжих юм.
Гэмт хэргийн гаралт ч буурна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Хамгийн гол нь шинэ системийг суурилуулах, ашиглахад зарцуулах хөрөнгийг шийдэхийн хамт хүмүүсийг шинэ технологи эзэмшихэд сургаж дадлагажуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийслэлийн өнөөгийн орчин нөхцөлд тохируулж хэрэглэх нь чухал юм.
Ер нь аливаа гэрэлтүүлгийг шинээр тавихад засвap үйлчилгээ хийх, хаана, ямар гэрэл илүү тохиромжтой гэх мэт гурван түвшинд авч үздэг. Тухайлбал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, автозамын ойролцоох газруудад илүү тод гэрэл байх ёстой. Түүнчлэн орон сууцны болон гэр хорооллын гудамжны хэсэгт харилцан адилгүй байдаг аж. Нөгөөтэйгүүр хотын гэрэлтүүлэг олон нийтэд зориулагдсан учраас байгаль орчинд ямар нэг хал балгүй, хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд нөлөөлөхгүй байх учиртай.
Сүүлийн хоёр жилд хотын захиргааныхан гэрэлтүүлгийн менежментэд зарим өөрчлөлт хийж, Шинжлэх ухааны академитай хамтран төвлөрсөн удирдлагаар хянах системийг хэрэгжүүлж байна. Одоогоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт төрийн өмчийн нэг компани, захын гурван дүүрэгт хот тохижилтын компаниуд хариуцан ажиллаж байгаа ч шуурхай ажиллагааны чадвар тааруу байгаа нь нууц биш.
Одоогийн байдлаар хотын гэрэлтүүлгийн 93 хувь нь асч байна. Харин ашиглалтын гэрээнд энэ үзүүлэлт 95 хувьтай байх ёстой гэж заасан байдаг. Цаашид шинээр тавьсан автозам, зуслангийн газруудад гэрэлтүүлэг нэмж тавихаар төлөвлөж байгаа ажээ. Өнгөрсөн жилээс дүүргүүдэд гэрэлтүүлгийн асуудлыг хариуцуулах болсноор тус бүр оператор компанитай болж, 17 мянган гэрлийн шон дээр 4200 гаруйг нэмжээ. 2011 онд зарласан 70 сая төгрөгийн шагналын сантай "Гэрэлтэй хот-Гэгээтэй амьдрал" уралдааны ул мөр одоо хэр алга.
Нөгөөтэйгүүр гэгээн цагаан өдөр хар мөр татуулсан таггүй траншейны нүх аюулын харанга дэлдсээр байна. Дулааны худаг буюу траншейны нүхэнд хүн унаж бэртэхээс эхлээд амиа алдсан хэрэг үе үе гарч, тэрүүхэндээ шуугиад л өнгөрдөг. Нийслэлийн хэмжээнд инженерийн шугам сүлжээний худаг буюу 50 мянга гаруй траншей байдаг ажээ.
Хотын ерөнхий менежер нэгэнтээ, нийслэлд буй инженерийн шугам сүлжээний худгийн 150 гаруй нь стандартын бус тагтай. Мөн 80 гаруй худаг таггүй. Эдгээрт 700 гаруй гэр оронгүй иргэд амьдардаг. Манай зүгээс худгаа таглаагүй байгууллагын дарга нарт хариуцлага тооцож байгаа хэмээн нэгэнтээ өгүүлж байсан. Гэхдээ нэг удаа хариуцлага тооцоод өнгөрөх биш, байнгын хяналт тавих нь чухал байна. Нийслэлд буй таггүй траншейны эздээр "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК тодорчээ.
Уг нь Эрчим хүчний тухай хуульд зааснаар мэргэжлийн байгууллагуудаас гэрээний дагуу үйлчилгээ авч буй хэрэглэгчид тухайн эзэмшлийн траншейны тагны бүрэн бүтэн байдлыг хангаж хариуцах ёстой. Мөн хэрэглэгчид өөрийн худгаа хэрхэн эзэмшиж буйг хангагч байгууллагууд хянадаг байх учиртай гэнэ. Энэ хяналт сул байдгаас худгийн таг ийнхүү эзэнгүйддэг байна. Нөгөө талаар урт гартнууд траншейны тагийг хулгайлж, хоёр дахь түүхий эдэд тушаадаг олз хайсан араншингаа гээхгүй байна.
Таггүй траншейны учрыг "Дулааны шугам сүлжээ" компанийн ажилтнаас тодруулахад, манайхан дуудлагаар тагладаг. Шөнө дөлөөр гэр оронгүй иргэд хулгайлж борлуулдаг. Шахмал хуванцар тагийг машин дайраад хагалчихдаг гэв. Гэтэл жолооч нар таггүй траншейнд машины дугуй орж, эд ангиа гэмтээж, ихээхэн хохирол гардаг талаар мөн л гомдоллодог. Эдгээрийн цаана нийслэлийн Дулааны шугам сүлжээний газар, Ус сувгийн удирдах газар, "Цахилгаан холбоо", "Усны барилга байгууламж" зэрэг байгууллагын үүрэг хариуцлага ямаршуу төвшинд байгаа нь харагдах ажээ.
Траншейны даацын нэг ширхэг таг 145 мянган төгрөгийн үнэтэй. Мөн зүлэг, ногоон байгууламж дээрх худгуудад тохиромжтой хуванцар тагийг "Магван" компани, дээрээс нь "Мэдээлэл холбооны сүлжээ" ТӨХК-ийн худаг суваг засварын бригадынхан өөрсдөө 30-40 мянган төгрөгийн үнэ бүхий бетонон таг, худгийн дээвэр хийдэг байна. Манайхан нэг үеэ бодвол бүхнийг урд хойд хөршөөсөө зөөхөө больж.
Монголд траншейны төрөл бүрийн таг хийдэг газрууд цөөнгүй байдаг бололтой. Зарим эзэмшигчид худгаа цоожилчихсон харагддаг. Харин одоо өөрийн мэдлийн инженерийн шугам сүлжээний худгийнхаа таган дээр логогоо байрлуулаад эхэлчихэж. Шөнөдөө гэрэлгүй гудамж, өдөр таггүй траншей хар мөр дагуулсаар байх уу.
Г.Болор
0 comments:
Post a Comment