Монголынхоо тоонотыг эргэв

Хүндэтгэн бишрэх ёстой газар


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 24-25-нд Өвөрхангай аймгийн Бүрд суманд ажиллалаа. Энэ сумыг зүгээр ч нэг сонгосонгүй. Өвлийг зудтай, бүр гамшгийн байдалтай өнгөрүүлсэн, хүн ам, мал сүрэг олонтой, бас Монгол Улсын төв цэг, хүйс, нэг үгээр хэлбэл Монголын хүй дарсан тоонот гэдгээрээ яах аргагүй хүндэтгэн бишрэх ёстой газар. Их Монгол гүрний үед ч Монголынхоо тоонот байсан. Хэдэн зуун улирч Монголын газар нутаг тал талаасаа хумигдан багассан ч улсынхаа хүйс нь хэвээрээ үлдсэн, тийм л онцлог газар. Тэнд 1994 онд Монгол Улсын төв цэгийг тэмдэглэж суварга босгожээ. Анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын үүсгэсэн анхны нийслэлийн туурь ч энэ сумын нутаг Ширээ цагаан нуурт бий.

Өвөрхангайнхан зудтай өвөлжсөн гэхэд тавтай сайхан хаваржиж байна. Цас хайлан шар ус гүйж, жалга судгаар хоржигнон урсч, тэгш газраа ч намагтай бамбалзуур адил гишгэх аясаар ус шүүрэн, зарим газартаа шагай даван халих нь өвөл хэр их цас унасныг гэрчилнэ. Газрын хөрс дэвтэж хэвгий газарт машин шарван явахад төвөгтэй болжээ. Түүнээс өөрөөр зуд болсон шинж алга. Халуун намраар шахам цас дарсан болохоор нар наашилж, цас ханзрахад дороос нь борог өвс гарч ирэн ногоо үндэслэхээс өмнө мал цадах янзтай. Хавар биш, намрын сүүл сар налайж байгаа юм шиг сайхан шаргал бэлчээртэй. Бог мал ид дундаа, бодын түрүүч төллөж эхэлжээ.

Мал бага хорогдсоноос үзвэл ажил сайтай ард түмэн юм. Бүрдийнхэн ажилсаг гэдэг нь зудтай ч хур таргатайгаа онд орсон мал сүрэг, шуугисан олон хурга, ишиг, хүмүүсийн айвуу тайвуу төрхөөс илт харагдаж байлаа. Ажил төрөл сайтай газарт ингэж л тос нүнжиг дааж байдаг даа.

Төрийн тэргүүний нийслэлээс гарч дөрөө мулталсан анхны газар нь Бүрд сумын Хөөвөрийн гүүрийн Үзүүр овоонд хаваржиж буй хоёрдугаар багийн малчин Тойвын Дагвынх байв. Аймгийн сайн малчин Т.Дагвынх өвлийг өнтэй сайхан давж хотондоо нялх төлийн дуу цангинуулан тухтай хаваржиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө найман хүүтэй малчин айлын отгон хүүхэд. Малчны хотонд, өтөг бууцан дээр, ишиг хургатай тоглож, тугал эргүүлж өссөн бага насаа Ерөнхийлөгч дурсч, нутгийн зон олны аж төрөл, малын тарга хүч, хаваржилтын талаар яриа хөөрөө өрнүүлээд Бүрд сумын төв рүү хөдөллөө.

Сумдын соёлын төв Иргэний танхим байх ёстой


Сумын төвийн иргэд Төрийн тэргүүнтэй хийх уулзалтад олноороо ирлээ. Уулзалт эхлэхээс өмнө, бүр Ерөнхийлөгчийн цуваа сумын төвд ирэхээс ч урьтаад сумын Соёлын төвийн суудал дүүрсэн байв. "Энэ хүүхнүүд үү" кинон дээр гардаг сумын клубын барилга шиг хуучны жижигхэн байшингийн хурлын танхимд ганц хүн зөрөх төдий зайтай эгнүүлэн тавьсан урт модон сандлууд дүүрч, олон хүн зогсоогоороо гурван цаг шахам үргэлжилсэн уулзалтад оролцов. Гол нь уулзалт ямар нэг улс төргүй, улстөрчийн тухай яриа хөөрөөгүй өрнөсөн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч гурав дахь удаагаа Бүрдэд ирж байгаа нь энэ юм. Анх ардчилал дөнгөж үүсч байхад 1991 онд, удаад нь Ерөнхий сайд байхдаа 2005 онд тус суманд ирж байсан бол гурав дахь удаагаа ийнхүү Төрийн тэргүүний хувьд Монголынхоо тоонотыг эргэж, хүйс нутгийн хүн зонтой уулзахаар очсон юм.

Төрийн тэргүүн уулзалт дээр "Би гол нь малчдаа сонсохоор  ирлээ. Иргэдэд эрх олгох, сумын иргэд асуудлаа өөрсдөө шийддэг болох зорилт тавьж байгаа. Тиймээс сум, багт ажиллах хэрэгтэй байна. Иргэдэд боломж олгоё. Сумын амьдралыг өөд татъя. Аливаа хувьсгал эрхийн шилжилт байдаг. Эрхийн шилжилт бол нэг даргаас нөгөө рүү шилжихийг хэлдэггүй. Иргэдэд шилжихийг хэлдэг. Ардчилсан хувьсгалаас хойш нэг үе өнгөрч 1990 онд 10 настай байсан хүүхэд одоо 30 гараад явж байна. Монголын хүн ам хэдхэн жилийн дараа гурван сая болно. Тэдний ядаж нэг сая нь шийдвэр гаргадаг болчихвол Монголын ирээдүй гэгээтэй болно. Монгол Улс 1575 багтай. Багийн дарга нарын 80 хувь сумын төв дээрээ амьдардаг. Дарга, сайд нар орон нутагт ажиллахдаа сумын төвөөс хэтэрдэггүй. Одоо  тэд баг дээр ажиллах ёстой. Сумд өөрийн дүрэмтэй болно. Сумдын Соёлын төвүүд Иргэний танхим байх ёстой. Засаг даргын Тамгын газар иргэддээ үйлчлэх ёстой" гэлээ.

Бүрд сумын иргэд Төрийн тэргүүн суманд нь, бүр багт, малчны хотонд ажиллахаар зорьж ирсэнд олзуурхаж түүхэнд тэмдэглэхээр үйл явдал болж буйг онцолж байлаа. Иргэд ээлж дараагаараа үг хэлэхээр дугаарлаж байв. Иргэн Ц.Доржсүрэн төв цэгийг жуулчид ирж үздэг газар болгох, орон нутагт төсөв захиран зарцуулах эрх олгох, Г.Хорлоо орон нутагт иргэний бүртгэлийн ажил тааруу, хоёр ч сонгууль өнгөрчихөөд байхад иргэний цахим үнэмлэхийн тараалт муу байгаа, Ч.Чойжинхорлоо залуучуудын бичиг үсгийн чадвар муудсаныг, Б.Бат-Очир сумдын Засаг даргыг иргэдээр сонгуулдаг болох, Г.Лодон Оюутолгойн гэрээ ашиггүй болсон, эмч Г.Оюун-Эрдэнэ иргэд өөрсдөө хөдөлж сум орноо хөгжүүлэх, хавтгай халамжийг бууруулах зэрэг асуудлыг хөндөн ярилаа. УИХ-д нэг гишүүн дутуу байгаа талаар, улс төрийн намуудыг гишүүнчлэлгүй болгохыг дэмждэгээ хэлэх хүн ч байв. Бас Бүрд суманд малын хулгай их гэнэ.

Тэдний асуултад хариулахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч "Сонгууль шударга явдаг болсон. Луйвраар авсан мянган саналаас шударгаар авсан 100 санал үнэтэй гэдгийг иргэд мэддэг болсон. Сум, багийн иргэдэд төсвийн эрхийг өгч хүн бүр суугаа газраасаа үйлчилгээ авдаг байх ёстой. Оюутолгойгоор монгол хүн бүр нэг байр суурьтай байх ёстой.

Ирж явах замын дагуу сурталчилгааны самбаруудыг буулгаж унагасан байна. Самбар босгоход  иргэд мөнгө зарсан байж таарна. Гэтэл яах гэж унагав. Интернэтэд сэтгэгдэл бичиж болохгүй гэж яах гэж тийм ажил хийв. Сайн зүйлс бас байна. Ирсэн зочдыг архиар угтахаа больсон. Төрийн арга хэмжээнд архи хэрэглэхээ больсноор цаг хугацаа тавин хувь, зарцуулдаг төсөв мөн тавин хувиар буурсан. Төрийн ажлыг ашиг бус буян бодож хийх хэрэгтэй. Иргэд УИХ-ын хоёр гишүүн нэхэх бус, хоёр компанийн хувьцаа нэхэж байх хэрэгтэй.

Хэдэн жилийн өмнө Монголын нутаг дэвсгэрийн 43 хувь ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын лицензэд орсон байсан. Хайгуулын лиценз олгохыг зогсоосноор 13 хувь болж буураад байна. Уул уурхай хөгжүүлэхдээ геологийг орхиж шууд үйлдвэрлэл рүү явж ирсэн байна" гээд халамжийг цаашид өндөр настан, хүүхэд, 20-40 насны залуу ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан гэсэн таван бүлэгт л зориулна гэдгийг хэллээ.

Ерөнхийлөгч мөн сум бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах нь зүйтэй. Засмал зам эвдэрч бартаат зам болсныг засч тордох, багийн холбоог сайжруулах талаар саналаа хэлж малын хулгайчийн тухай тодорхой баримттай мэдээ байвал хэлэхийг захисан юм.

Их Боргидойнхон төсөв хэлэлцэв


Энэ жилийн онцлог бол орон нутгийн иргэд төсвийн хөрөнгөө хэрхэн юунд зарцуулахаа өөрсдөө мэдэж шийддэг болсон явдал. Жирийн иргэд үүгээр дамжуулан шууд ардчиллыг хэрэгжүүлж дарга нар толгой даан цацдаг байсан төсвийн зарцуулалтыг өөрсдөө хянаж зардаг болсон. Төсвөө яаж зарцуулахаа ярьдаг гол газар нь хөдөөд бол багийн, нийслэлд хорооны Иргэдийн нийтийн Хурал.

Тэр жишгээр Өвөрхангай аймгийн Бүрд сумын Их Боргидой багийнхан нийтийн Хурлаа хийж түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч оролцов. Их Боргидой буюу хоёрдугаар баг  723 хүн амтай том газар. Иргэд төсвөө хэлэлцэх багийн хуралд Төрийн тэргүүн оролцсон анхны тохиолдол энэ байлаа.Хурлын зар гайгүй таржээ. Мориор, тэвшийг нь өндөрлөсөн Портер машинаар тал талаасаа иргэд цугларав.  Багийн умгар улаан буланд яагаад ч багтахгүй тул гадаа вандан сандал зэрэгцүүлж тавьж байгаад Ерөнхийлөгчийнхөө өөдөөс харж суугаад хуралдацгаав. Гэхдээ л анхны юм бүхэн бүрхэг байдаг жишгээр Их Боргидойнхон төсвөө ярих гэж багагүй тулгамдав. Зар түгээхдээ ч Иргэдийн нийтийн Хурал болно л гэснээс биш төсөв ярина гэж хэлээгүй бололтой. Тэгээд ч өдийг хүртэл дарга нар л төсөв хуваарилж байснаас биш иргэдийн оролцоо байгаагүй юм чинь.

Энэ удаа Их Боргидой багийнхан улсын төсвөөс багт ногдсон 40 сая төгрөгийн зарцуулалтыг ярих учиртай байлаа. Бүрд суманд нийтдээ 280 гаруй сая төгрөг ногдож байгаа юм. Гэтэл яриа нэг л эвлэдэггүй. Нэг дарга, аягүй бол Ерөнхийлөгч ингэж тэгж зарна гэж ярих байх хэмээн хүлээсэн байж мэднэ. Гэтэл малчин Дорж, Дулам эмээ түүнийг мэдэх ёстой болчихоод байдаг. Ингээд л тулгамдсан хэрэг.

Худаг гаргана гэсэн санал гарлаа. Их Боргидойн нутаг ус сайтай тул худаг хэдхэн айлын хэрэгцээний зүйл болох учир үүнийг орхив. Хадлан, тариалангийн газраа хашиж тордох юм боллоо. Зүйтэй санаа. Гэвч хоршиж нийлж хоршоо байгуулж ажиллах нь зүйтэй. Ганц хоёр хүн тэр хашсан газрыг эзэмшиж болохгүй, тэгвэл бараг хувийн өмч болчихно гэсэн эсэргүүцэл гарч ирлээ. Яваандаа иргэдийн санал бодол арай цэгцэрч багийн төвөө шинэ төслөөр тохижуулж хамаг амин чухал асуудлаа ярьдаг газар болгох, бага сургууль байгуулах, төв цэгийн цогцолбороо жуулчид ирж үздэг болтол нь сайхан тохижуулах гээд бүтээлч санаанууд гараад ирлээ. Замаа сайжруулах асуудал ч гарсан. Ер нь л төсөв хөрөнгө ярьж зүгшрэх шинжээ олов.

Уг нь энэ багийнхан 2005 оноос өөрийн гэсэн төсөв хөрөнгөтэй болох санаатай өрх бүрээс 2000 төгрөг цуглуулж үзсэн ч нэмэр муутай байсан тул 50-иас дээш богтой айл тутмаас нэг охин борлон авч дундын 46 ямаатай болж амьдрал тааруу айлаар маллуулжээ. Маллаж байгаа айл нь жил бүрийнхээ төлийг өөрөө авна. Ноолуурыг нь зарж борлуулж сан бүрдүүлэн мөнгөөр нь багтаа хэрэгтэй зүйл авахаар болсон юм байна. Хамгийн сүүлд л гэхэд 300 мянган төгрөгтэй болж гэр нь шатсан нэг айлыг гэртэй болгож, гадагш эмчлүүлэх шаардлагатай болсон нэг охиныг БНСУ явахад нь 100 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Бас онц сурдаг хүүхдүүддээ бэлэг авч өгсөн байна. Гэвч 2010 оны өвлийн зуднаар заримыг нь нүд аниулж, эхний цуглуулсан ямаанууд хөгширч одоо 29 үлдээд байгаа гэнэ. "Ер нь малгүй айлаар маллуулах дэмий юм. Ажил сайтай айлд ямаануудаа шилжүүлье" гэсэн санал ч гарлаа. Ямаа цөөрч, ихэнх нь хөгширсөн тул дахин айлуудаас охин борлон цуглуулж төсөвтөө нэмэрлүүлэхээр санал хурааж дийлэнхийн саналаар дэмжигдэв. Харин төсвөө тулхтай сайн ярьж баралгүй дөрөвдүгээр сарын 9-нд Нийтийн Хурлаа дахин хийхээр боллоо. Төсвөөс хуваарилагдсан 40 сая төгрөгөө долоо хэмжиж нэг огтлохоор болсон нь энэ.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч багийн иргэдэд хандан үг хэлсэн юм. Тэрээр "Сум, багт ахмад голдуу хүмүүс байна. Залуучууд хот яваад эргэж ирэхгүй байна гэж ярьцгааж байна. Хөдөө орон нутгийн хүмүүст эдийн засгийн сонирхол төрүүлэх ёстой. Эдийн засгийн сонирхол нь байвал залуус нутагтаа ирнэ. Хотоос ирсэн төлөөлөгчид сумаас хэтэрч ажилладаггүй. Ерөнхийлөгч, сайд, дарга нар багт ажиллаж байх ёстой. Хонины ноосонд урамшуулал өгдөг болсон. Маханд урамшуулал олгох талаар ярих ёстой. Багийн Засаг дарга нарын 80 хувь нь сумын төвд амьдарч байна. Цаашдаа багийн төв бол иргэд ажил амьдралаа ярих гэж ирдэг төв болно. Сум дүрэмтэй болно. Бүрд сум мянгат малчин 43-тай. Мянгат малчид багийн төвөө сайжруулахад хамгийн их оролцох ёстой.

Ардчилал бол хууль дагадаг, хууль засагладаг нийгэм. Дарга засагладаг нийгэм буруу байдаг. Хэрэв багийн иргэд төсвөө хуваарилж чадахгүй байна гэдгийг УИХ-ын гишүүд сонсвол "Иргэд төсвөө зарцуулж хуваарилж чадахгүй юм байна" гээд дээгүүр өөрсдөө шийднэ гэнэ шүү. Дээрээс өгсөн мөнгө бол даргад өгсөн мөнгө биш иргэдэд өгсөн мөнгө. Монголын 1575 багийн иргэд өөрсдөө хамгийн чухал асуудлаа гаргаж ирж төсвөө зарцуулдаг болж байна" гэлээ. Мөн хөдөлмөрөө хоршиж ажиллахын чухлыг ч сануулав.

Бүрд сум бол Монголын төв цэг. Байгаль сайхан. Брэнд нь айраг. Эртний нийслэл Хархорин ойрхон. Ширээ цагаан нуур гэж анхны нийслэл байгуулж байсан газар Элсэн тасархайн өмнөхөн Бүрдийн нутагт бий. Тийм болохоор аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой гэдгийг ч Ерөнхийлөгч сануулсан. Мөн аравдугаар Богдын хойд дүр Монголоос тодорно гэж есдүгээр Богд таалал төгсөхдөө айлдсан. Тэгвэл анхдугаар Богдын нутаг Хархоринд Богдын зуны өргөөг байгуулбал шашин, соёлын төв болох Өвөрхангайд тохирно гэдгийг ч хэллээ.

"Малчин айл хонио хотлуулж орж ирээд хоолоо идэх зуураа маргаашийн ажлаа төлөвлөж ярьдаг.Маргааш тэр морио барья. Сум орж тийм ажил бүтээе. Тэр маргааш хонио хариулна" гэхчлэн ажлаа хуваарилж төлөвлөдөг. Багийн хурал бол үүний томсгосон хэлбэр. Энэ хурал дээрээ л хамаг ажил төрлөө ярьж төсвөө хуваах ёстой" гэж Ерөнхийлөгч малчдад хэлсэн нь багийн хурлын утга учрыг товч тодорхой таниулсан хэрэг боллоо.

Багийн хурал үүгээр өндөрлөж иргэд төсвийн хуваарилалт, иргэдийн оролцоо, шууд ардчиллын тухай мэдлэгээ зузаатгаж аваад морьтой нь мориндоо мордож, Портертой нь тэвшний өндөрлөг дээрээ эгнэж суугаад тал тал тийш одов.

Мандах нарыг төв цэгээс харлаа


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өвөрхангай аймагт ажиллах үедээ Бүрд сумын нутагт орших улсынхаа төв цэгт хүндэтгэл үзүүллээ. Улсын геодези, зураг зүйн газраас хэмжилт хийн тогтоосон энэ цэг Монгол орны баруунаас зүүн, зүүнээс баруун, хойноос урагш, урдаас хойш хэмжихэд яг төв нь болдог. Их Монгол гүрний үед ч Монголын төв байсан, түүнээс хойших олон зуунд Монголын нутаг хумигдан багассаар өдийг хүрэхэд ч төв нь хэвээр үлдсэнээрээ онцлог. Төв цэгийн эргэн тойрны газар нутаг Хүйс, Уяа гэхчлэн ямар нэг байдлаар гол, төв гэсэн утгыг агуулсан нэртэй юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 25-ны үүрээр төв цэгийн ар дахь Уяа хэмээх өндөрлөгт гарч өглөөний нар мандахыг харлаа. Тэнгэрийн хаяа үл мэдэг үүлтэй байсан ч өглөөний нар тунгалаг сайхан мандав. Нар гарахтай зэрэгцэн зэргэлдээх тахилгат уулын оройгоор хэдэн буга гарч ирсэн нь олны сонирхлыг татсан юм. Буганууд налгар тайван бэлчээрлэх нь айлгах аюулгүй тайван байдгийг гэрчилнэ.

Нар харсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч өндөрлөгөөс бууж Монгол Улсын хүйс, төв цэгийг тэмдэглэсэн цагаан суварганд сүү өргөн тулганд нь гал бадрааж улс орныхоо төв цэгт хүндэтгэл үзүүллээ.

Элбэг саарал, гурван ихэр хурга, Соосооноо тэргүүтэй өхөөрдөм амьтад


Ерөнхийлөгчийн Бүрд суманд ажилласан томилолт албан уулзалтуудаас гадна эгэл жирийн амьдралын сонин сайхнаар дүүрэн байлаа. Ерөнхийлөгчийг дөрөвдүгээр багийн малчин Д.Төмөрбаатарынд хонохоор очиход тэдний адуун сүргийн могой жилийн ууган унага дөнгөж мэндлээд байсан юм. Төрийн тэргүүнийг ирэхийн өмнөхөн төрсөн бяцхан саарал унаганд Ерөнхийлөгчийн нэрнээс оролцуулан "Элбэг саарал" нэр өгөв.

Малчин Д.Төмөрбаатарынх таван хошуу малтай. Ерөнхийлөгчийг хонох үеэр халзан хониноос хоёр шар халзан, нэг бор халзан гурван ихэр хурга гарч,таван хошуу мал төллөж нялх унага, тугал, ботго, хурга, ишгээр малчны сүргийн тоо толгой нэмэгдлээ. Ерөнхийлөгч гэрийн эзэнтэй хамт морь унан адуун сүрэг эргэж малчны хотонд өссөн бага насаа дурсан ергөцгөөв.

Нэг хэсэг гадаадынхан шонхор шувуу ихээр барьснаас болж сумын нутагт бэлчээр сүйтгэгч оготно ихэсчээ. Шонхор, харцага ховордсон тул одоо муур оготно агнах үүрэг гүйцэтгэж байгаа ховор чухал амьтан болсон байна. Сэтгүүлчдийн хоносон сумын алдарт уяач В.Батжаргалынх Соосооноо хэмээх алаг мууртай. Бэлчээр сүйтгэгч оготно авлаж байгаль экологид ихээхэн тустай ажил "эрхэлдэг" ямбалаг амьтан. Өглөөгүүр гарч оготно зооглож гэдсээ цодойлгочихоод малын хотны захад наранд ээн унтаж тухалдаг энэ муужгайд "эр нөхөр" олж өгч зулзагыг нь авах хүсэлтэй малчин хэд хэд байна лээ. "Айл болгон мууртай болчихвол муусайн хулгана нутаг бэлчээр сүйтгэхгүй л дээ" гэсэн яриа тэдний амнаас гарсан. Бас шонхор шувууг Монголын бэлгэдэлт шувуу болгон гадагш гаргахыг хязгаарласан тул одоо жигүүртэн шувуу ч амрах байлгүй дээ гэцгээсэн.

Хотон дотор малчдын борви бохисхийх завгүй хурга, ишиг мэндэлж Монголын мал сүрэг арвижсаар байна. Анх төллөсөн зусаг ямаа ишгээ танихгүй "айлын маамуу" хөхүүлж будилах, удахгүй хургалах хонь ээждээ "танигдаагүй" ишгийг долоож тэнцүүлэх, том болсон хурганууд нялхынхаа эхийг гувших гээд адал явдал ч мундахгүй. Малчны хотонд нялх төлийн дуу цангинан хоног хоногоор нар наашилж өдөр уртсан хүн, малын зоо тэнийх цагийн түрүүчээр Монгол Улсын Ерөнхийлөгч ийнхүү Өвөрхангай аймгийн Бүрд сумын малчдын дунд ажиллаад ирлээ.

                        Д.ОЮУНЦЭЦЭГ

0 comments:

Post a Comment