С.Оюун сайд Зайсангийн амны оршин суугчидтай уулзав

Зайсангийн амны оршин суугчид өчигдөр БОНХ-ийн  сайд С.Оюунтай уулзаж, "БОНХЯ-наас томилогдсон ажлын хэсэг Богд хан уулын Дархан цаазат газрын газар ашиглалтын байдалд хийсэн шалгалтынхаа  дүгнэлтэд  биднийг  нүүлгэн шилжүүлнэ гэж мэдээлснийг эсэргүүцэж байна" гэдгээ илэрхийллээ.

Сайд С.Оюун энэ үеэр "Нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлүүлэх асуудлыг манай яамнаас тавиагүй. Монгол Улсын хуулийн дагуу БОНХЯ  иргэдэд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эрх өгдөг байгууллага биш. Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулахаар холбогдох бусад газрын зөвшөөрлийг авсан  иргэд, аж ахуйн нэгжид 5 хүртэлх жил газар ашиглах эрхийг хуулиар олгодог. Эрхээ авчихаад зориулалтын дагуу газраа ашиглалгүй өөр зориулалтаар аж ахуй эрхэлж байгаа байдал 10 жил гаруй үргэлжилж байна.  Үүнийг дагасан маргаан ч мөн тасардаггүй. Тусгай хамгаалалттай газар нутагт иргэд, өрхөд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудлыг шийдэх эрх нь УИХ-ийн бүрэн эрхийн асуудал юм"  гэдэг тайлбар өглөө.

Уулзалтын дараа БОНХЯ-наас Зайсангийн аманд амьдарч иргэдэд хандан албан  бичиг явуулсан байна. Уг албан бичигт "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль"-д айл өрхөд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх эрх зүйн зохицуулалт байдаггүй. Уг асуудлыг шийдэх эрх нь УИХ-д зөвхөн байгаа. БОНХЯ Дархан цаазат Богд уул, Зайсангийн аманд оршин суугаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх асуудлыг албан ёсоор тавиагүй бөгөөд иргэд буруу ташаа ойлголтоор асуудалд хандахгүй байхыг хүсье" гэсэн байна.

П.Наран

0 comments:

Post a Comment