Төрийн гурван өндөрлөг асангууд хаана явна-3
Уншигчид та бүхэндээ бид Төрийн гурван өндөрлөг байсан эрхэмүүд энэ өндөр албан тушалаасаа буугаад одоо хаана, юу хийж яваа талаар сурвалжлан хүргэж байгаа билээ. Энэ удаад Бүгд Найрамдах Монгол ард улсын сүүлчийн буюу Монголын 17 дахь Ерөнхий сайд Дашийн Бямбасүрэн гуайн талаар хүргэж байна. Тэрээр 1942 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төржээ. Д.Бямбасүрэн нь Эдийн засгийн ухааны доктор бөгөөд Монголын гадаад харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгддэг эрхэм юм. Мөн тэрээр өөрийн сийрэг ухааны хүчинд социализмаас зах зээлийн эдийн засагт шилжих хүндхэн цаг үед " Эвслийн засгийн газрыг" эмхлэн толгойлж байсан билээ.
Оюутолгойн гэрээг шулуухан шүүмжилсэн нь
Нэгэн хэсэг Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болсон, ашиггүй болсон гэх мэтээр монголчууд хоёр хуваагдан мэтгэлцэж байсан. Харин энэ үед Ерөнхий сайд асан, эдийн засагч маань хатуухан шүүмжлэлийг зоригтой хэлж чадсан нэгэн. Тэрээр "Оюутолгойн гэрээ туйлын хангалтгүй болсон. Монгол Улсад ямар ч ашиггүй гэрээ нь тодорхой боллоо. Манай Засгийн газар байгалийн баялагтаа эзэн болж чадсангүй. Гадны луйварчдын гар, хөл болчихжээ. Хайгуулын ажил нь хэрэгжиж дуусаагүй байхад ашиглалтын лиценз олгочихсон байна. Техник, технологийн асуудал нь шийдэгдээгүй байхад гэрээг улайран хийжээ. Ингэснээр хэн хохиров? Бид, иргэд хохирч, ашиг олох гэсэн биш баахан өртэй хоцрох нь байна шүү дээ" гэж хэлсэн юм. Энэ үг ч батлагдан одоо бид хэрхэн Оюутолгойн гэрээг хөрөнгө оруулагч нараа алдалгүйгээр өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх талаар бодон толгойгоо гашилгаж байгаа.
Мөн тэрээр шинээр байгуулагдсан Засгийн газрын талаар, шинээр сонгогдон гишүүдийн талаар ч өөрийн байр суурийг шулуухан илэрхийлчихдэг нэгэн. Тэрээр нэгэн ярилцлагдаа: " Манай УИХ-д Дүлзэн ч ороод ирчихсэн сууж л байна. Молом занги ч орж ирээд сууж л байна. Нөгөө муу "Өгөр толгой" Гүрсэд чинь тэрүүгээр нүүрээ улалзуулаад гүйж явна. Хоролмаа ч байна. Хэдэн баячууд бүгд Их хурал руу түрж ороод ирсэн" гэж хэлж байсан удаатай. Энэ нь төрийн эрхэнд хэдэн бизнес хийж баяжсан баячууд гарч ирээд хөрөнгийн дарангуйлал гэдгийг бий болгож байна. Үүнийг наагуур цаагуур нь ч зохицуулж "хор найруулдаг" хүмүүс ч ороод ирлээ гэсэн санааг илэрхийлж байгаа юм.
Түүний хувьд ярихад хамгийн эвгүй сэдэв
Тэрээр төрийн хар хайрцагны бодлого гэдгийг хамгийн ихээр хэлж түүнийг хамгаалахын төлөө зүтгэдэг хүн. Төрийн өндөрлөг буюу Ерөнхийлөгчийн алба хашиж байсан эрхэмүүдийг гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компанид ажиллаж байгааг хамгийн ихээр буруушаадаг хүн бол тэр. Энэ талаар ярихад ч эвгүй, сэжгийн сэдэв хэмээн хэлж байсан удаатай. Гэтэл манай улсын хоёр ч Ерөнхийлөгч асан буюу П.Очирбат, Н.Багабанди нар яг энэ замаар явж байгаа. Харин гурав дахь Ерөнхийлөгч нь хэцүү нэртэд сууж байгаа. Монгол түмэн ард түмнийхээ итгэлийг даасан Ерөнхийлөгчөө сонгохдоо тахин шүтэх гэж сонгодоггүй. Тэднийг ард түмнийхээ төлөө зүтгээсэй, дараагийн үеээ хүмүүжүүлээсэй хэмээн сонгодог. Тэрнээс биш гадныханы гар хөл болоод тонголзож яваасай гэж хүсдэггүй гэсэн. Мөн Н.Энхбаярын талаар хэлэхдээ Ерөнхийлөгч байсан хүнийг дэндүү жаахан хэрэгт буруутган золигт гаргах гээд зүтгээд байх юм. Гэтэл тэр хүнд Японоос камер оруулсан, Солонгосоос ном оруулж ирсэнээс том хэрэг байгаа шүү дээ. Үүний оронд Ерөнхий сайд байхдаа Монгол орны 40 хувийг лицензээр олгож байсан хэргийг шүүсэн бол арай нүдээ олсон хэрэг болж монголд үнэн тогтнох цаг ойрхон болсон гэж хармаар байна гэж хэлж байсан.
Энгийн амьдралыг илүүд үзсэн нь
Түүнийг монголын ард түмэн дийлэнхи том биетэй, буурал үстэй, буриад хүн гэдгээр нь мэднэ. Тэрээр Ерөнхий сайдын албыг хашиж байсан ч одоо энгийн даруухан амьдардаг нэгэн. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүдийн ихэнхи нь бизнес хөөж тансаг сайхан амьдардаг нь нууц биш. Харин одоо тэрээр 1977 онд өөрийн анх амьдарч байсан байшиндаа бага хүүгийнхээ гэр бүлтэй, үр ач нараа хараад амьдардаг.Тэрээр Монгол улсын төлөө хийж бүтээсэн зүйлийнхээ хариуд "Чингис хаан" одон медалиар шагнагдсан цөөхөн хүний нэг юм. Гэхдээ энэ талаараа " Тиймээ нэг одон бий" хэмээн даруухан өгүүлдэг. Тиймээс түүнийг хүмүүс "жинхэнэ эр хүн" гэж ярих нь бий. Тэрээр Ерөнхий сайдын албанаасаа бууснаасаа хойш сүүлийн хэдэн жилд Чингис хааны булшийг эрэгч археологичдын эсрэг аянг толгойлж ажилладаг байгаа. Учир нь тэрээр онгон тансаг газрыг ухаж бузарласан үйлдэл, хувийн хөрөнгө оруулагчдын эсрэг хүчтэй тэмцэгч юм.
Э.Хулан
Эх сурвалж: www.times.mn

0 comments:
Post a Comment