Мөнгөний бодлогын зөвлөлийн удаахь мэдэгдэл юу өгүүлэв
27 минутын өмнө
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны хоёрдахь мэдэгдлээ гаргалаа. Мөнгөний бодлогын зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 27-нд хуралдаж "Хүүний коридор"-ыг шинээр нэвт-рүүлэх шийдвэр гаргасныг дурьджээ. Хүүний коридорыг нэвтрүүлэх болсон шалтгаан нь нэг талаас дотоодын макро эдийн засгийн орчин, мөнгөний зах зээлийн хөгжлийн шаардлага, нөгөө талаас мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх олон улсын шилдэг туршлагыг судалсны үндсэн дээр мөнгөний бодлогын хэрэгслээ боловсронгуй болгох цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэмээн үзэж байгаа аж.Тухайлбал юуны өмнө мөнгөний бодлогын хэрэгслийн хүүний бүтэц бүрэн шинэчлэгдэнэ.
Үүнд овернайт репо санхүүжилт, овернайт хадгаламж гэсэн хэрэгслүүдийг идэвхтэй ашиглаж эхлэх юм. Эдгээр "харь үгс"-ийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлавал овернайт гэдэг нь банкны заавал байлгах нөөцийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой. Өөрөөр хэлбэл Төв банкин дахь харилцах дансандаа хүүний төлбөр төлөх хэмжээний нөөцтэй байхын тулд ажлын нэг хоногт багтаан олгодог зээл гэж ойлгож болох юм. Үүнээс гадна "өдрийн зээл" гэж шинэ аргыг Монголбанк ашиглаж эхлээд байгаа. Энэ нь мөн л төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах зорилготой арга хэрэгсэл юм.
Барьцаагүй "өдрийн зээл"-ийн хүү нь бодлогын хүүтэй тэнцүү байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар 12.5 хувийн хүүтэй гэсэн үг. Хэрэв өдрийн зээл аваад өдөртөө төлж чадаагүй бол Төв банкны овернайт буюу хоногийн зээлд шилжүүлдэг. Энэ хүүг Мөнгөний бодлогын зөвлөлийн сүүлд гаргасан мэдэгдлээр бодлогын хүүгээс хоёр хувиар бага байхаар болгож үүнийгээ "хүүний коридорын өргөнийг нэмэгдүүллээ" гэж яриад байгаа юм. Харин +2 буюу ямар хүүг хоёр хувиар нэмэгдүүлэв.
Овернайт хадгаламж гэдэг нь мөн л шинэ буюу идэвхтэй ашиглаж эхэлж буй арга хэрэгсэлд тооцогдож болох юм. Үүний хоног тутмын хүүг мөнгөний бодлогын хүүгээс хоёр хувиар илүү хүүтэй байхаар болгосон аж. Өөрөөр хэлбэл нэг хоногийн хугацаатай зээл авахад уг зээлийн хүү өмнө нь 12.5 хувь байсан бол 10.5 хувь болжээ. Тэгвэл нэг хоногийн хугацаатай хадгаламжийн хүү 12.5 хувь байсан нь хоёр хувиар нэмэгдэж 14.5 хувь байхаар болсон байна.
Энэ бол Монголбанкны мөнгөний бодлогын арга хэрэгслийн хувьд шинэ бөгөөд том ахиц мөн. Учир нь өмнө нь зөвхөн бодлогын хүүг арга хэрэгсэл гэж үздэг байсан бол энэ удаад нэг хоногийн хугацаатай зээлийг өгөөжтэй, хадгаламжийг ашигтай болгосон байна. Үүнийгээ "мэргэжлийн хэл"-ээр "Хүүний коридорыг өргөтгөлөө" хэмээн зарлаж буй юм.
Энэхүү арга хэмжээг авснаар банк хоорондын зах илүү үр ашигтай, идэвхтэй ажиллах боломжтой. Ингэснээр банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадвар нэмэгдэх юм. Мөн Төв банкны үнэт цаасны хэмжээ буурах суурь нөхцөл бүрдэх аж. Учир нь дээр дурьдсан "өдрийн зээл"нь Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/, репо санхүүжилт, репо арилжаа нь Төв банкны үнэт цаас /ТБҮЦ/ болон Засгийн газрын үнэт цаас, Засгийн газрын вексель, Монголын ипотекийн корпорацийн үнэт цаасыг барьцаа хөрөнгө болгон авч үздэг. Тиймээс шинээр авч буй энэхүү арга хэрэгсэлтэй холбоотойгоор Монголбанкнаас банкуудын авах санхүүжилтийн хүү буурч эдийн засаг идэвхжих эерэг нөлөөлөлтэй юм.
Дашрамд дурьдахад богино хугацаат зээлийн хүүг үр дүнтэй удирдах нь банк хоорондын төлбөр түргэн гүйцэтгэх ажиллагаанд нөлөөлж улмаар хувийн хэвшлийнхэнд ашигтай тусах эерэг талтай. Энэ талаар сүүлийн жилүүдэд олонтаа ярьсан ч ийнхүү ажил хэрэг болох эхлэлээ тавьж байна.
Тухайлбал 2010 онд "Зээлийн орчныг сайжруулах" чиглэлээр дэд хөтөлбөр хүртэл боловсруулан Засгийн газраар батлуулж тухайн үеийн Монголбанк, Сангийн яамны удирдлагуудад хүргүүлсэн боловч төдийлөн үр дүнд хүрээгүй. Мөн 2010 оны сүүлчээр тухайн үеийн Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос "Банк, санхүүгийн тогтолцоо үйлчилгээг боловсронгуй болгох, зээлийн хүүг бууруулах талаар удаа дараа хүсэлт хүргүүлсэн. Тэгэхээр энэхүү мөрөөдөл Монголбанкны шинэ удирдлага, шинэчлэлийн Засгийн газрын үед ажил хэрэг болж буй нь санхүү, эдийн засгийн салбарын хувьд нэн шинэ үеийг нээж буй хэрэг гэхэд хилсдэхгүй болов уу.
Инфляцийг онилох мөнгөний бодлого хэрэгжүүлж буй орнууд мөнгөний бодлогын шийдвэрээ Мөнгөний бодлогын зөвлөлөөр дамжуулан гаргадаг. Монголбанкны Мөнгөний бодлогын шинэ зөвлөл өнгөрсөн оны аравдугаар сарын 26-нд байгуулагдсан. Тус зөвлөл эхний мэдэгдлээ өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд гаргаж бодлогын хүүг 0.75 хувиар бууруулсан таатай мэдээг дуулгасан билээ. Ийнхүү бодлогын хүүг бууруулах болсон шалтгаанаа "Инфляцийн хэтийн хандлага зорилтот төвшинд нийцтэй байна, эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамт буурч нийлүүлэлтийн гаралтай инфляцийн нөлөөлөл багасах хандлагатай байгаа"гэдэгтэй холбон тайлбарласан юм.
Мөнгөний бодлогын зөвлөлийн энэхүү мэдэгдэл нь макро эдийн засгийн нөхцөл байдал тогтворжиж, мөнгө, зээлийн хүрэлцээ нэмэгдэж буйн дохиог өгсөн. Түүнчлэн бодлогын хүүгийн бууралтыг арилжааны банкууд зээлийн хүүндээ тусгахыг Мөнгөний бодлогын зөвлөл зөвлөж байна ч гэж тайлбарлаж болох талтай юм.
Ямартай ч инфляцийн хувь хэмжээ зорилтот төвшинд нийцтэй байгаа нь мөнгөний бодлогыг сулруулах боломжийг олголоо хэмээн эдийн засагчид тайлбарлаж байв. Түүнчлэн цаашид Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлөөс арилжааны банкууд болон хувийн хэвшлийнхнээ дэмжсэн эдийн засгийн өсөлтийг онилсон олон шинэ шийдвэрийг цаашид гаргах байх гэсэн хүлээлтийг үүсгээд байна. Тэд өмнөө том зорилт тавьсан. Зорилгодоо хүрэхийн тулд зоригтой, судалгаатай зөв алхам хийхийн зэрэгцээ Төрийн тэргүүний хэлсэнчлэн нэгэнт 2,7 сая хүний төлөө ажиллахаар шийдсэн бол хоёр гурав, хорь гучин хүний хэл ам, гүжир гүтгэлгээс айх хэрэггүй гэдгийг санахад илүүдэхгүй биз ээ.
У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
0 comments:
Post a Comment