МАН “Эв санааны” тунхаг бичигт гарын үсэг зурав

МАН-ын удирдлагууд өнөөдөр намынхаа шинэчлэлийн төлөөх жигүүр, хөдөлгөөнүүдтэй "Эв санааны" тунхаг бичиг байгуулан гарын үсэг зурлаа. Энэхүү тунхаг бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эв санааны" тунхаг бичиг

2013 оны 3 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Монгол Ардын Намын гишүүд бид тусгаар тогтнол, түүхэн уламжлал, үнэт зүйлсдээ үнэнч байж сэтгэлгээ, үзэл баримтлал, бодлого, үйл ажиллагаагаа цаг үетэйгээ нийцүүлэн шинэчилж, эв нэгдлээ эрхэмлэж, үндэсний аюулгүй байдал, төрийн тогтвортой байдлыг хангаж, эдийн засаг, нийгмийн хөгжлийг эрчимжүүлж, ард түмнийхээ эрх, эрх чөлөег баталгаажуулах, Монгол хүний хангалуун сайхан амьдрах бүхий л боломжийг бүрдүүлэхийн төлөө тууштай тэмцэн зүтгэхээр энэхүү "ЭВ САНААНЫ" хэмээх 10 зүйл бүхий Тунхаг бичгийг түмэн олондоо сонордуулан, зарлаж байна.

Нэг. Монгол Улсын язгуур эрх ашигт ямагт үнэнч байж, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын дархлааг сулруулахад чиглэгдсэн үйлдэл бүхэнтэй эвлэршгүй тэмцэнэ;

Хоёр.
Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчиж буй үйддэл, хууль дээдлэх зарчмыг уландаа гишгэж буй үзэгдэл бүхэнтэй зогсолтгүй тэмцэнэ;

Гурав. Монгол орны газар нутаг, нөөц баялгийг цөөн хэсэг нөхөд, хэсэг бүлэглэлийн зууш, харийнхны идэш болгохоор санаархаж буй үйлдэл бүрийг таслан зогсоож, хойч үедээ, иргэн бүрдээ ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, баян хоосны ялгаа гүнзгийрч байгаад дүгнэлт хийж, тэгш журамт нийгмийн дор иргэн хүн бүр чинээлэг хангалуун амьдардаг дундаж ангид зориулсан нийгэм байгуулах, Монгол хүний төлөө тууштай тэмцэнэ;

Дөрөв. Бурууг залруулж, зөвийг дэмжиж Засгийн газрын Мөрийн хөтөлбөрийн биелэлт, амлалт-ажлын нэгдлийг нэхэж тэмцэнэ;

Тав. Улс орны эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй байх, инфляц, үнийн хөөрөгдлийг хязгаарлаж, өрх бүл, иргэн бүрийн амьдралыг дордуулахгүй байхыг УИХ, ЗГ-аас шаардан тэмцэнэ;

Зургаа.
Нэг намын дарангуйлал тогтоох санаархалтай этгээдүүдийг илчлэн зарлаж, хазаарлан зогсоож, улс орныхоо сайн сайхны төлөө ажиллаж буй бүхий л нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдтэй дуу хоолойгоо нэгтгэж, ардын тусад зорьж, нийтийн тусад хичээн хамтран тэмцэнэ;

Долоо.
Ард түмний дуу хоолой болсон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлаж, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг боомилон хаасан төрийн аддаатай бодлогийг эсэргүүцэж, шүүмжилэн тэмцэнэ;

Найм.
Олон нийтийг төөрөгдүүлэх замаар, өвөг дээдсийнхээ нэр хүндийг худалдан байж борлуулсан "Чингис бонд"-ын үр ашиггүй зарцуулалт, өрийн дарамт, эдийн засгийн аюулгүй байдал алдагдахаас сэргийлэн хатуу хяналт тавьж, сануулан тэмцэнэ;

Ес.
Хууль ёсыг уландаа гишгэн төрийн албан хаагчдыг хомроглон халж, хэлмэгдүүлэн хохироосон үйлдэл бүрийг илчилж, төрийн албыг төрлийн алба болгож буй хууль завхруулагч-эрх мэдэлтнүүдтэй хариуцлага тооцож, хатуу тэмцэнэ;

Арав.
Монгол Ардын Намыг доромжлох, бүтээсэн бүхнийг нь үгүйсгэн харлуулах, устган намнахыг санаархсан бүхий л этгээд, тэдгээрийн үг, үйлдлийг таслан зогсоож, төрийн тулгуур бодлого, намын мянга, мянган гишүүдийг басамжлсан оролдлого хэмээн үзэж, хатуу тэмцэнэ;

Монгол Ардын Намын гишүүд бид:
Энэхүү Тунхаг бичигт дурдсан зүйл бүрийг хүлээн зөвшөөрч, эх орныхоо хөгжил, хүн ардынхаа сайн сайхны төлөө өндөр хариуцлага, нэр хүндтэй даалгавар авч байгаагаа гүнээ ухамсарлаж, намын бүх шатны байгууллага, гишүүн бүр эв нэгдэлтэй, нэгэн цул болж, хүчээ нэгтгэн, нэр төртэйгээр биелүүлж, үр дүнд хүргэхээ баталж "дуугарвал дуу НЭГ, дугтарвал хүч НЭГ"-тэй байхаа батлан илэрхийлж байна гэжээ.

0 comments:

Post a Comment