Их бүтээн байгуулалтын үүдийг нээв

Өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Шинэ төмөр зам" төслийн эхний санхүүжилтыг шийдсэн нь  их бүтээн байгуулалтын  ажлын эхлэлийг тавьсан чихэнд чимэгтэй мэдээ байлаа. Түүнчлэн Данийн Вант Улсын Парламентын тэргүүн манай улсад албан ёсны айлчлал хийсэн гээд улс төрийн амьдрал үйл явдлаар дүүрэн долоо хоног болж өнгөрлөө. Ингээд "Шууд Эм Эн" мэдээллийн дэлгэц  өнгөрөгч долоо хоногийн үйл явдлын мэдээллийг товчлон хүргэе.

                                                    Могенс Ликкетофт айлчлав

УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Данийн Вант Улсын парламентын тэргүүн Могенс Ликкетофтын айлчлал өнгөрөгч долоо хоногт амжилттай  болж өндөрлөлөө.

Ноён Могенс Ликкетофт айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Л.Болд, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нартай уулзаж, цаашид уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дулааны шугам сүлжээ, хөдөө аж ахуйн чиглэлээр хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцсон юм.

Уулзалтынхаа талаар УИХ-ын дарга З.Энхболд болон Данийн Вант Улсын парламентын дарга ноён Могенс Ликкетофт нар Төрийн ордноо сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Түүнчлэн ноён Могенс Ликкетофт Нийслэлийн Налайх дүүрэгт зочилж, тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Данида"-ын санхүүжилт, Дани-Монголын нийгэмлэг, Монгол-Данийн нийгэмлэгийн тусламжтай хэрэгжиж буй "Нийгмийн түншлэлийн сүлжээг Монголд бэхжүүлэх нь" төслийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Айлчлалынхаа гурав дахь өдөр Өмнөговь аймгийн Ханбогд суманд хэрэгжиж буй "Оюутолгой" төслийн үйл ажиллагаатай танилцаж улмаар энэ сарын 6-ны өдөр тэрбээр эх орондоо буцсан юм.

                                                               Нефть экспортлоно

УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй албаныхан  өнгөрөгч долоо хоногт Дорнод аймагт томилолтоор ажиллалаа.

Тус аймгийн хувьд одоогоор газрын тосны дөрвөн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас хамгийн том нь "Петро Чайна Дачин Тамсаг" аж.  Эл компани аймгийн төсөвт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ус, агаар бохирдуулсан, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласан, тээвэр, газрын төлбөрийн зэрэг дөрвөн төрлийн татварт нийтдээ 335 сая 980 мянган төгрөг төлжээ.

УИХ-ын дарга томилолтынхоо хугацаанд "Петро Чайна Дачин Тамсаг" компанийн үйл ажиллагаатай танилцжээ. Томилолтын үеэр олон нийтийн анхаарлыг татсан гол мэдээлэл нь "Петро Чайна Дачин Тамсаг" компани энэ жилээс түүхий нефтиэ экспортлохоор болсон байна. Ингэснээр  үүнийг дагаад хоёр хөрштэй хэлэлцэх нефтийн бодлого өөрчлөгдөх аж.  Энэ оноос эхлэн Монгол Улс нефть экспортлогч орон болж байгаа юм. 

                                              Д.Цогтбаатар гэмт хэрэгт холбогдолгүй гэв

Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газарт онц хүнд гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа тухай мэдээлэл өнгөрөгч сарын сүүлээр зарим сайтаар цацагдсан юм. Тэгвэл эл мэдээллийг Тагнуулын ерөнхий газраас ор үндэслэлгүй гэсэн мэдэгдлийг гаргажээ.

Тус газраас гаргасан мэдэгдэлд дурдаснаар "Тус газрын албан хаагч Д.Цогтбаатарын талаар сайтад тавигдсан "Тагнуулын хурандаа Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэжээ" гэсэн гарчигтай мэдээлэл нь огт үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй болохыг мэдэгдэж байна.

Энэ мэтээр тагнуулын байгууллагын ажилтнуудыг гүтгэн доромжилсон хууль бус үйл ажиллагаа нь тус байгууллагын хэвийн үйл ажиллагаанд шууд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд дээрх үйлдлийг хэн, ямар зорилгоор явуулж буйг нягтлан шалгаж байгаа болно" гэжээ.

Сануулахад, хурандаа Д.Цогтбаатар нь тагнуулын албанд ажиллахдаа улсын хилээр хууль бусаар алт гаргаж буй гэмт хэргийг илрүүлэх нэрийдлээр өөрийн ах дүү, тойрон хүрээлэгчдээ оролцуулан хууль бус алтны бизнес хийсэн хэрэгт шалгагдсан гэх мэдээлэл цацагдсан байна.

Түүнчлэн Д.Цогтбаатарыг ТЕГ-ын хэдэн хэдэн ажилтнаа Хятадын тусгай албанд элссэн хэмээн зохиомол хэрэг үүсгэн шалгасан гэх мэдээлэл ч гарч байсан аж.

                                                         Эхний төслийг санхүүжүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Шинэ төмөр зам төслийн 2013 оны эхний санхүүжилтэд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг шийдлээ. Өөрөөр хэлбэл, "Чингис" бондын эх үүсвэрээс Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг Эдийн Засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, тус банкны ТУЗ-ын даргад зөвшөөрсөн.

Тавантолгой-Сайншанд-Баруун Урт-Хөөт-Чойбалсан, Хөөт-Нөмрөг, Хөөт-Бичигт чиглэлийн 1800 орчим км төмөр замын суурь бүтцийн техникийн зураг төслийг боловсруулан барилгын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлыг гүйцэтгэх зэрэг ажлыг энэ хөрөнгө оруулалтаар хийх юм байна.

Улаанбаатар хотын автозамын 33 уулзварыг шинэчлэх, Туул болон Сэлбэ голын даланг дагуулан барих Хурдны замын санхүүжилтийн эхний ээлжинд шаардагдах 200 сая ам.долларын хөрөнгийг мөн "Чингис" бондоор санхүүжүүлэхээр тогтлоо.

Н.Бүжин

0 comments:

Post a Comment