Сүүдрийн сайдууд дуншиж байна
53 минутын өмнө

Гэхдээ одоогоор хэнийг аль яамны сайдаар томилох нь тодорхойгүй ч Ардчилсан намынхны жишиг болгосон фракциудынхаа эв нэгдлийг хангах хуваалтыг хэрэгжүүлэх магадлал өндөр байгаа аж. Үүний нотолгоо нь дээрх хуралдаанаас байнгын хорооны даргыг томилсон үйл явцаас харж болох юм байна. Тухайлбал, МАН-ын Намын байгуулалтын хэлтсийн дарга Ч.Жаргалсайханыг Улстөрийн байгуулалтын байнгын хороог удирдах даргаар томилжээ. С.Баярыг Засгийн газрыг удирдаж байх үед Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар томилогдож байсан нь түүний хүн гэх тодотголыг зүүхэд хүргэдэг. Хэдийгээр С.Баяр захиалга өгөөгүй ч түүний фракцийн хүн гэдэг талаас нь авч үзэн дээрх албанд томилсон байх талтай гэх яриа намын нөхдийнх нь дунд цухалзаж байна. Тэгвэл Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн дэд сайдаар хоёр удаа дараалан алба хашсан, улмаар Ерөнхий сайд асан С.Батболдын зөвлөх болж байсан С.Чинзориг Нийгмийн бодлого хариуцсан байнгын хороог удирдахаар болжээ. Төвийг сахигч тэрээр аль нэг фракцид харьяалагдаад байдаггүй ч нийгмийн хамгааллын чиглэлээр дагнан туршлага хуримтлуулсан, мэдлэг чадварыг МАН-ынхан энэ удаад ашиглах нь зөв хэмээн үзсэн бололтой. Харин хүүхдийн гэх тодотголоор олонд танигдсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Н.Болормаагийн хувьд нэр бүхий байнгын хороог даргалах болсон нь олны анхаарлыг татаад байна. Нам салж сарниагүй байх үед Н.Болормаа нь Н.Энхбаярын фракцид харьяалагдаж, өнөөгийн УИХ-ын дэд дарга М.Энхболдыг НИТХ-ын хуралдаан дээр нүүр хийх газаргүй болтол түлж байсан удаатай. Гэвч Н.Энхбаярыг МАХН нэрээ сэргээн отгон нам байгуулахад олон хүн түүнийг дагасан ч Н.Болормаа нь шийр заан үлдсэн. Харин энэ удаад намынхан нь түүнийг ийн байнгын хорооны даргад зүтгүүлсэн нь Н.Энхбаяртай хэлэлцээр хийхэд хэрэг болно хэмээн үзсэн байх талтай аж. Нөгөөтэйгүүр, намын дарга Ө.Энхтүвшингийн зүгээс Н.Болормаад итгэл үзүүлсэн байх магадлал өндөр юм байна. Харин А.Цанжид, Б.Очбадрах нарыг байнгын хорооны даргаар томилсон нь намын гишүүдээсээ төдий л дэмжлэг хүлээхгүй байна. А.Цанжидын тухайд төрд ажилласан туршлага байдаг ч дэндүү хоцрогдсон үзэл нь МАН-ынхны ажлыг урагшлуулах бус хойш чангаах л аранга болох бололтой. Б.Очбадрахын хувьд нам дотроо эдийн засгийн чиглэлээр судалгаа хийж байснаас бус энэ чиглэлээр дагнаад аль нэг үйлдвэр, компани удирдаж байсан туршлагаггүй. Тиймээс Эдийн засгийн байнгын хороог даргалах нь МАН-ыг дэндүү жижиг харагдуулаад зогсохгүй бодлогын төвшинд ч ахиц гаргахгүй хэмээн үзэж байна.
МАН-д хэн хамгийн хүчтэй байна вэ?
2012 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээснээс хойш үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнах болсон МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуулиар хүчээ нэгтгэн өмнөх сонгуулиудад орж байсан шиг нэгэн цул болж орох найдвар энэ удаад биелэгдэхгүй нь бололтой. Залуучуудын байгууллагынх нь үгширсэн бодлого, дээр нь улстөрөөс завсарлага аваад байгаа У.Хүрэлсүхийн л даалгаврыг биелүүлэхээс бусдын үгийг хүлээж авах чадваргүй арчаагүй байдалд орсон энэ газраас боловсролтой, чадалтай залуус нь дүрвэж өөрийн зам мөрийг хөөх болжээ. Хэдийгээр МАН залуучуудаа дэмжин гадаадад сургаж байна гэх ч нөгөөдүүл нь У.Хүрэлсүхийн "дүү" нар. Сурах нэрийн дор хил дамжин тэнэж байгаа тэднээс эзэмшсэн мэдлэгээ эх орондоо импортлохыг хүлээх нь илүүц байж магадгүй. Өөрөөр хэлбэл, энэ үйл явц нь У.Хүрэлсүх улстөрөөс завсарлага авсан мэт харагдах ч нөгөө талдаа МАХН-д ганц улстөрч бий, тэр нь Н.Энхбаяр гэдэг шиг НАМЗХ-оо, оюутны холбооны залуусын ганц хүлээн зөвшөөрдөг удирдагч бол У.Хүрэлсүх л болж буй юм. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүхийн залуус МАН-аас нэр дэвшигчийг дэмжих бус 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаярын эсрэг ажилласан шиг тоглолтыг хийх магадлал өндөр байна. Үүгээрээ У.Хүрэлсүх намдаа нөлөөгөө алдаагүй хамгийн хүчтэй хэвээр байгаагаа харуулсаар буй бөгөөд Сүүдрийн Засгийн газрын сайд нарыг томилоход түүний багийнхан голлох рольтой оролцох бололтой. Учир нь томилгоо бүрт У.Хүрэлсүхийн талынхан өнгөлдөг жишиг энэ намд тогтжээ.
МАН-ыг Ө.Энхтүвшин дарга удирдаж байгаа ч түүнд түшиг болох хүн дэндүү цөөн аж. Нэг үгээр хэлбэл, тэр нам дотроо тулхтай улстөрчид тооцогдож ирсэн ч У.Хүрэлсүх, М.Энхболд, С.Баяр нар шиг өөрийн багийг бүрдүүлж чадаагүй нь хэдэн тийш харчихаад сууж буй гишүүдийг нэг зүгт чиглүүлэхэд хүч нь хүрэлцэхгүй байгааг хэлэх хүн цөөнгүй байна. Тиймээс Сүүдрийн Засгийн газрын сайд нарын багийг бүрдүүлэхэд Ө.Энхтүвшингийн талынхан гэхээс илүүтэй М.Энхболдын фракци голлох болж байгаа аж. Түүний багийнхан өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан намын хороодод өөрсдийн хүмүүсийг тавьж чадсанаар үндсэндээ өмнөх байр сууриа үндсэнд нь хадгалж үлдэж чаджээ. Сүүдрийн Засгийн газрын танхимын баг албан ёсоор баталгаажаагүй ч урьдчилсан байдлаар танилцуулахад ийм зураглалтай байна.
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:
Post a Comment