Сирид химийн зэвсэг ашигласан эсэх нь эргэлзээтэй байна

Сирийн хойд нутгийн Аллепо хотод дайны үеэр засгийн газрын цэргүүд химийн зэвсэг ашигласан хэмээн сөрөг хүчнийхэн мэдэгдэж байгаа. Харин үүнийг засгийн газраас эрс үгүйсгэж сөрөг хүчнийхнийг буруутгасан бөгөөд ийм зүйл болоогүй хэмээн мэдэгдсэн. Хэрэв энэ үнэн гэж батлагдах юм бол хоёр жилийн дайны хугацаанд анх удаа химийн зэвсэг ашигласан тохиолдол нь болох юм байна.

Одоогоос хоёр сарын өмнө мөн Сирийн засгийн газар сөрөг хүчнийхний эсрэг химийн зэвсэг хэрэглэх гэж байна гэсэн мэдээлэл тархсан. Тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама химийн зэвсэг хэрэглэсэн тохиолдолд хатуу арга хэмжээ авах болно хэмээн хөндлөнгөөс сануулж байсан.

Гэсэн ч сөргөлдөгч талууд мягмар гаригт болсон довтолгооны үеэр химийн зэвсэг ашигласан. Энэ үед 25 хүн амиа алдаж олон тооны иргэд хүнд шархадсан гэж Сирийн төв телевизээр мэдээлжээ. Тэдгээр амь насаа алдсан болон шархадсан хүмүүст шинжилгээ хийж байгаа бөгөөд хараахан бүрэн хариу нь гараагүй байгаа юм. Харин Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхэд АНУ болон НҮБ шалгалт хийж байгаа юм байна.

Харин Израйлийн аюулгүйн албаныхан Сирид химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн хэлж байгаа. Чухам аль тал нь хэрэглэсэн нь хараахан тодорхойгүй гэсэн байна. Учир нь тулалдааны үеэр дэлбэрэлт болоход ягаан өнгийн утаа манарч агаарт дэгдсэн хэмээн нүдээр үзсэн гэрчүүд хэлж байна. Тиймээс энэ нь үнэн байх  магадлалтай юм.

Үүнээс өмнө Иракийн тав дахь ерөнхийлөгч Садам Хуссейн иргэдийн эсрэг химийн зэвсэг ашиглаж  таван мянга гаруй хүн амь насаа алдаж байсан  гашуун түүх  бий.

Э.Мөнхнасан

0 comments:

Post a Comment