Юрий Гагарины дурсгалын өдөр

Юрий Алексеевич Гагарин 1934 оны 3-р сарын 9-нд Смоленск мужийн Клушино тосгонд төржээ. 1941 онд сургуульд орсон ч дайны улмаас 1943 оноос сургуулиа үргэлжлүүлсэн байна. Гжатск хотод тэднийх ирсний дараа зургадугаар ангиа дүүргээд гар урлалын техникумд элсэн суралцжээ.

1951 онд Саратовын аж үйлдвэрийн техникумд элсэн суралцаж байхдаа нисэх клубт давхар суралцсан байна. Жилийн дараа анхны нислэгээ Як-18 онгоцоор хийсэн аж. 1960 онд тэрээр сансрын нисгэгчдийн анхны бүрэлдэхүүнд багтжээ. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр "Восток" сансрын хөлгөөр анх удаа сансарт нисэж дэлхийг нэг удаа тойроод буусан билээ. Нислэгийнхээ дараа тэрээр дэслэгчээс шууд хошууч цол, Зөвлөлтийн баатар болсон юм. Мөн тэрээр гадаадын олон орны дээд шагнал авч байлаа.

Хожим тэрээр "Союз-1" сансрын хөлгийн орлон нисгэгч байв. 45 жилийн тэртээ1968 оны гуравдугаар сарын 27-ны өдөр агуу сансрын нисгэгч, хурандаа Серегины хамт УТИ МиГ-15 онгоцоор сургуулийн нислэг хийж яваад осолджээ. Хоёр нисгэгч хоёулаа амь үрэгдсэн юм. Гагарины чандрыг Кремлийн хананд оршуулжээ. Түүний төрөлх хот өдгөө Гагарин нэртэй болсон.

Эх сурвалж: "ТВ 7 хоног" сэтгүүл

0 comments:

Post a Comment