
Хятад мөрөөдөл 1: Дундчууд нэмэгдэж, ядуус багасна
Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлээр Хятад улс нийгмийн бусад салбарыг нэгэн жигд сайжруулахын тулд зарцуулах хөрөнгийг хоёр хувиар нэмжээ. Үүнтэй уялдан 2025 он гэхэд Хятад улсад дунд давхаргыг 51 гаруй хувиар нэмж, ядуурлын хэмжээг 2,2 хувьд хүргэх аж. Ажиглагчид үүнийг биелэх боломжгүй хэмээн харж байгаа ч тус улсын эдийн засагчид үүнийг боломжтой гэж хэлж байгаа. "Хятадын удирдлагууд нийгмийг ерөнхийд нь дээшлүүлэхийн тулд маш өндөр хэмжээний хөрөнгийг төсөвлөж байгаа. Хятадын бүх иргэд хөдөлмөрийн үнэлэмжийг сайжруулж, аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж, төрөл бүрийн даатгалыг төрөлжүүлж, хэрэглээндээ хүрдэг тийм л ирээдүйг хүсч байгаа" гэж эдийн засагч Ли Ган ярьжээ.
Тоон хэлээр:
- Хятадын хүн амын 13 хувь буюу 503 сая хүн өдөрт нэгээс доош долларын орлоготой амьдарч байна.
- 40 хувь буюу 593 сая хүн 2-3 доллароос бага орлоготой амьдарч байна.
- Нийтдээ 21 сая хүн жилд 88 доллараас бага орлоготой амьдарч байна. Энэ нь нийт хүн амын 9 хувь болно.
- Туйлын ядуу иргэдийг нийт хүн амын 2,2 хувьд хүргэнэ
- Ядуу иргэдийг нийт хүн амын 9,9 хувьд хүргэнэ.
- Дунджаас доогуур иргэдийг 51,1 хувьд хүргэнэ.
- Чинээлэг иргэдийг 17,1 хувьд, тэрбумтнууд 19,1 хувьд хүргэнэ.
Хятад мөрөөдөл 2: Хүн амын өсөлтийг барьж, хүйсийн харьцааг хадгална
1970 оны сүүл үе хүртэл Хятадын хүн ам гэрлийн хурдаар өсч байх тэр үед төрийн томоохон бодлого гарч "Нэг айл, нэг хүүхэд" аяныг өрнүүлж эхэлсэн билээ. Гэхдээ хүйсийн тэгш эрхийг хангахын тулд ямар нэгэн бодлого хэрэгжүүлээгүйн улмаас хүйсийн харьцаа алдагдаж эхэлсэн. Хүйсийн харьцааг нөхөхийн тулд хятадын удирдлагууд эмэгтэй хүүхэд төрүүлсэн айлыг нэг хүүхэдтэй болохыг нь зөвшөөрч, ямар нэгэн нийгмийн халамжийг эдлүүлэх, татвараас хөнгөлөх зэрэг бодлогыг хэрэгжүүлсэн юм. Энэ бодлогын үр дүнд сүүлийн 30 жилийн хугацаанд хүйсийн харьцааг 3,2-3,8 хувьд барьж чаджээ. "Энэ тухай судлахад үнэхээр хэлж ярихгүй бол болохгүй зүйлсүүд их байдаг. Сүүлийн 25 жилийн хугацаанд үр хөндөлтийн тоо бараг 20 гаруй хувиар өссөн. Хятадын үе, үеийн удирдлагууд үр хөндөлтийн талаарх ямар ч бодлого хэрэгжүүлээгүй" гэж биологийн хөгжлийн судлаач Роб Брүүкс ярьжээ.
Тоон хэлээр:
- Хятадын нийт хүн амын 51,9 хувь /700 сая/ нь эрэгтэй бол 48,1 хувь /640 сая/ нь эмэгтэйчүүд аж.
- 1980 онд хятадын хүн ам 977 сая хүрээд байхад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн зааг 3,2 хувьд хүрсэн байна.
- 2011 онд Хятадын хүн ам нэг тэрбум 340 саяд хүрэхэд эрэгтэй, эмэгтэй хүйсийн зааг 3,8 хувьд хүрч өсчээ.
- Хятадын хүн ам одоонгийнхоос 60 саяар өснө.
- Хүйсийн харьцааны заагийг 3,8 хувьд барина.
- Эрчүүд 20 сая, эмэгтэйчүүд 60 саяар нэмэгдэнэ.
Хятад мөрөөдөл 3: Хүнс, ус, агаар сайнаар хянах
Хятадын эдийн засаг өсөхийн хэрээр хүрээлэн буй орчинд нь сөргөөр нөлөөлсөн гэх таагүй судалгаа гарчээ. Тухайлбал Хятадын Бээжин, Шанши, Хэбэй, Хянан гэх дөрвөн том хот усны эрсдэлтэй хотуудын тоонд багтдагаас нийслэл Бээжин хот ч мөн усны хэт эрсдэлтэй хотод багтжээ. Тиймээс Хятад улсыг ерөнхийд нь усны эрсдэлтэй хэмээн тогтооход буруу зүйл байхгүй. Дээрээс нь дэлхийн банкнаас Хятад улсыг дэлхийн хамгийн агаарын бохирдолтой орны тоонд багтаажээ. Азийн хүн амын 40 хувь нь хүнсний дутагдалд орсон байдгаас Хятад 15 хувийг нь бүрдүүлдэг аж. "Хятадын зүүн хойд хэсэг усны эрсдэлд хамгийн бага өртсөн ч гэсэн төвийн бүсүүд усны хэт эрсдэлтэй хотуудын тоонд багтдаг. Шэнгду мужид гүний ус болоод хөрсөн дэх бохирдлын хэмжээ дэлхийн бусад улсаас өндөр байсан. Хятад улс ерөнхийдөө усны болоод хүнсний асар их эрсдэлтэй орчинтой гэдгийг тэмдэглэх хэрэгтэй" гэж Хятадын экологи болоод хүнсний хүрэлцээний талаар мэргэжсэн судлаач Гиоф Хисок ярьжээ.
Тоон хэлээр:
- Хятадын жилд гаргаж байгаа нүүрстөрөгчийн хийн хэмжээ 11,9 сая тн2 аж.
- Хятадын зүүн хойд бүс нутаг усны хомсдолтой, баруун хойд муж усны хагас хомсдолтой, төвийн бүс нутгууд усны хэт хомсдолтой юм байна.
- Хятадын 40 сая хүн хүнсний нэн хомсдолтой амьдарч байгаа бол 200 сая хүн хүнсний хомсдолтой амьдарч байна.
- Агаарын бохирдлын хэмжээг 5 сая тн2-нд хүргэнэ.
- Усны дахин цэвэршүүлэх төхөөрөмжийн тусламжтайгаар зүүн хойд болон баруун хойд мужуудын усны хомсдлыг бууруулна.
- Хүнсний хомсдлыг амьжиргааг нь дээшлүүлэх замаар бууруулж хүнсний нэн хомсдолтой хүмүүсийн тоог 20 сая, хүнсний хомсдолтой хүмүүсийн тоог 100 гаруй саяд хүргэнэ.
Б.БОЛОРСҮХ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №3

0 comments:
Post a Comment