Намууд ба хүлээлт

Намууд ба хүлээлт

27 минутын өмнө

"Их тулааны өмнөх нам гүм байдал" гэх нь ч бий. Үнэхээр ийн их тулаанд бэлтгэх нам гүм байдал байна уу, эсвэл зүгээр л унтаад, ямар нэг зүйл хүлээгээд байна уу гэдэг асуулт Монголын улс төрийн намуудын амьдралд байна. Намын эхний зорилго сонгуульд ялалт байгуулах. Энэ утгаараа эхний зорилгыг нь сануулах Ерөнхийлөгчийн сонгууль болоход тун бага хугацаа үлдлээ. Өнгөрсөн сонгуулиудын өмнөх бэлтгэл ажил, гадаадын бусад улсын нам хүчнүүдийн туршлагаас харсан ч сонгууль болоход хоёр сар үлдчихээд байхад ийм нам жим байх учиргүй мэт. Ингээд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх намуудын амьдралд ямар орчин буйг сонирхоё.

МАН


Тус намынхан гадагш нь биш дотогшоо хамаг анхаарлаа тавьж буй. Учир нь эхний ээлжинд шийдэх ёстой асуудал нь нам дотор нь бий. Иймд "МАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ өрсөлдүүлэх гээд байгаа юм" гэх асуултанд хариулахын өмнө сонгуулийг зохион байгуулах команд хэний гарт байх вэ, нам дотроо аль замаараа явах вэ гэдгээ шийдэхийг хүлээж байна.

Намаасаа хэнийгээ нэр дэвшүүлэх вэ гэх яриа гарч байх ёстой атал МАХН-тай нэгдэх үү гэх яриаг өрдсөн дэгдээгч нь МАН-ынхан өөрсдөө. Өнөөдөр тус намын дурын энгийн гишүүнээс "танай нам ерөнхийлөгчийн сонгуульд хэнийгээ сойж байна. Ямар бодлого мөрийн хөтөлбөртэй оролцохоор яригдаж байна" гэж асуухад хариулж чадах хүн гарахгүй. Угаас энэ бүхэн нь удирдлагын түвшиндээ ч тодорхой болоогүй учраас тэр. Намын дарга Ө.Энхтүвшин нарын хэсэг нь МАХН-ын зүг гүйдэлтэй болсноос хойш дотоод зөрчил улам бүр хурцадсаар л байгаа. МАН-ын дотоодод шинэчлэлийн хөдөлгөөн гарч, жигүүр урган нисэх хүсэлтэнгүүд хүчээ зузаатгасаар л.

Ардчилсан нам


Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн буй ерөнхийлөгчийг дэмжин оролцохоо илэрхийлээд байгаа нь Ардчилсан намынхан. Мэдээж эцсийн байдлаар тодорхойлоогүй ч албан бусаар одоогийн ерөнхийлөгчийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр бараг нэгдсэн болов уу гэмээр байр суурийг гишүүд нь илэрхийлцгээж байгаа. Тус намынхны хүлээж байгаа зүйл нь ирэх таван сард болох  их хурал. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар намууд тавдугаар сарын 2-18-ны хооронд нэр дэвшигчээ тодруулах ёстой болохоор энэ хооронд Ардчилсан нам их хурлаа хуралдуулж нэр дэвшигчээ хэлэлцэж баталгаажуулахаас аргагүй. Засгийн газрыг байгуулахдаа МАХН, МҮАН-ын "Шударга ёс" эвлэлтэй хийсэн Ерөнхийлөгчийн сонгуульд эвсч оролцох тухай гэрээний заалттай ч үүнийг зөрчлөө гээд хохироод байх улс төрийн хүчин үгүй тул үүнээс хүлээх зүйл үгүй.
 

ИЗНН


Шуудхан хэлэхэд ИЗНН-ынхан эргэлзээгээ гарахыг хүлээж байгаа. Тэр нь "яаж сонгуульд оролцох вэ" гэдэг. Ерөнхийлөгчийн сонгууль тэдний хувьд өмнө хэзээ давж байгаагүй даваа. Өнгөрөгч сонгуулиар цуглуулж байсан саналуудаар нь харьцуулбал бэл хавьд очоод л суучихдаг байж. Энэ давааг давахын тулд сэтгэл байгаад хангалгүй. Ядаж эхлээд бэлтгэгдсэн хүн хэрэгтэй, цаашлавал мөнгө цаасаа бариад гүйлдэх хөрөнгө оруулагчид хэрэгтэй. Хөрөнгө оруулагчид давааны бэлээс илүү гарч үзээгүй нөхдөд мөнгөө зарцуулна гэдэг зах зээлийн хуулиараа бол эргэлзээтэй. Мэдээж сэтгэл зүрхээрээ дэмжигчид энэ эргэлзээнд багтахгүйгээр хөрөнгө оруулж болох ч өрсөлдөгч намуудтай өрсөлдүүц хэмжээнд очно гэдэг мөн л эргэлзээтэй. Ядахад намдаа суудал олж ирдэг, намынхаа өнгө төрхийг илтгэдэг брэнд болох намынх нь дарга С.Оюун ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн нь ирэх сонгуулийн хувь заяанд нөлөөлөх мэдэгдэл болсон нь гарцаагүй. 

МАХН - МҮАН


Одоогоор хамгийн идэвхитэй ажиллацгааж байгаа нь МАХН-чууд. Гэхдээ ирэх сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр, нам улсын бодлогоос илүү намынхаа даргын эрүүл мэндэд анхаарал тавьж, идэвхитэй ажиллах "үүрэг"-ийг намын тэргүүн хатагтайгаас авсан тул энэ асуудлаа хэрхэн шийдэхийг хүлээж байгаа. Тэд МАН-ын дотоодод гарч буй өөрчлөлт, "шинэчлэгчид" –ийг ажиглаж, их зүйл хүлээж буйгаа олонд зарласан. МАН-ынхантайгаа хамтдаа эх орончдын баяраа тэмдэглэсэн нь хамтрах нийлэх асуудал хоосон яриа биш шүү гэдгийг бусдад сануулах зорилготой байв. Ийн сануулснаараа өөр намуудыг хамтран ажиллах эсэхээ эртхэн мэдэгдэж санал болзлоо тавихгүй бол бид өөрсдөө мэдээд шийдлээ шүү ч гэж ойлгож болохоор байв. МАХН-аас эхний ээлжинд нэр дэвших боломжтой гэх дөрвөн хүнийг тодруулсан нь Ч.Улаан, Д.Тэрбишдагва, Н.Удвал, Л.Цог нар. Харин тэдгээр урьдчилан тодроод буй нөхөд нь "МАХН ямар ч намтай хамтран ажиллахад бэлэн" гэж зарлаж буй. Мэдээж одоогийн байдлаар МАН-тай нэгдлээ гэхэд эрсдэл дэндүү их. Хэрэв нэгдвэл жагсаалтаар сонгогдсон гишүүд, засагт орсон сайд нарын эрх хэмжээ хөндөгдөнө.   

Ийнхүү намд харьяалалтай гишүүд, дэмжигчдийн хооронд ирэх сонгуульд хэн хэрхэн оролцох таамаг хөвөрсөөр. Өчигдөрхөн бие биенээ  үгүйсгэж байсан ч өнөөдөр нь хамтдаа алхахыг сонгох улс төрийн намууд байгаа тул маргааш юу болохыг таамаглах арга үгүй.

Б.МАНДАХ

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

0 comments:

Post a Comment