Дайны дараахан ертөнцийг үзэх үзэл баримтлал, төрийн бодлого нь үндсээрээ дампууралд орсон Япончуудыг эргэж сэхэхээсээ өнгөрсөн гэсэн дүгнэлтийг судплаачид хийцгээж байлаа. Нийгэм эдийн засгийн байдал нь доройтож ирээдүйдээ итгэх итгэл нь алдарсан тэднийг бүсээ чангалж ирээдүй рүүгээ итгэл бардам харах тэр их хүч тэнхээг япон мөрөөдөл асаасан юм. Үндэсний баялаг түүх, ёс заншил дээр суурилсан япон хүний уйгагүй, хөдөлмөрч зан араншинг сэрээсэн япон мөрөөдөлийг япон хүн нэг бүр дээр сэргээх бүхэл бүтэн тогтолцоо ажиллаж эхэлсэн юм. Солонгос ч мөн ялгаагүй иргэний дайныхаа дараа хэцүүхэн л байсан. Бас л солонгос мөрөөдөл нь өнөөдөр тэднийг ази бүү хэл дэлхийн хөгжлийн тэргүүлэгчид болгосон.
Ийм мөрөөдлийг асаах зориг тэнхээ, туршлагыг америкчууд тэдэнд өгсөн. Дайны дараа америк шиг хүчирхэг гүрэн байсангүй. Дэлхийн геополитикийн бодлогыг Зөвлөлт холбоот улстай хамт тэд л тодорхойлж үлдсэн. Зөвлөлт нь өөрийн соц улсууддаа тоталитари дэглэмийн чанга гар дор хөгжин дэвжихийг сануулж байсан бол америк капиталист системийн орнууддаа хүний эрх эрх чөлөөг дээдлэсэн үндэснийхээ мөн чанарт тохирсон хөгжин дэвжих Мөрөөдөлийг санал болгосон.
Хоёр систем задрахад соц системийнхэн гүн хямралд автаж байхад нөгөө талд үндэснийхээ мөрөөдлийг тэргүүндээ залсан орнууд дэлхийн хөгжлийг хэдийн тодорхойлж байлаа. Өнөө ч энэ хөгжил дэвшлийн зааг ялгаа бүрэн гүйцэт гараагүй л байна. Хуучин системтэйгээ зууралдан үлдсэн Хойд Солонгос, Куба мэтийн цөөхөн орон хүний хөгжлийн түүхийн гадна үлдчихжээ. Улс гүрнийг хөрөнгө мөнгө бус ирээдүйдээ итгэл дүүрэн ажиллаж зүтгэх ард түмнийх нь ниитлэг мөрөөдөл хөгжүүлдэг ажээ. Энэ бүхнийг нуршин өгүүлэхийн учир нь өнөөдөр монголчууд бидэнд мөрөөдөл хэрэгтэй байна. Хөгжин дэвжих гэгээн сайхан Мөрөөдөл. Хоосон мөрөөдөлөөр хоол хийж идэх биш гэж хэсэг нь хэлэх л байх. Гэхдээ мөрөөдөлгүйгээр ямар ч аугаа зүйл биелэлээ олж байгаагүй юм.
Дэлхийн талыг эзлэхдээ бус дэлхийд монгол үндэстнийг тэргүүлэгч болоход Онон мөрний гүн цээлд хүзүүн дэх дөнгөө урсган хэвтэж байсан Тэмүжин хүүд мөрөөдөл нь тусласан. Тусгаар тогтнолын төлөөх үе үеийн эх орончдын үр удамд улсаа улс шиг болгох мөрөөдөл нь тусласан. Мөрөөдөл гэдэг өнгөрсөн үеийнхээ өв уламжлал, зан суртахуун, үйл хэргийг сохроор магтан дуулж хийрхэлээр цээжээ дэлдэх бус ирээдүйд үрийн үрд бөмбөрцгийн хаа ч монгол хүн болсноороо бахархах хөгжин дэвжсэн улс гүрэн болохын төлөө сурч боловсорч, ажиллаж хөдөлмөрлөж түнэр харанхуйд ганц ч гэсэн лаа асаахыг хэлнэ. Монгол мөрөөдөлийн гол утга учир нь тэр л байх учиртай.
Жишээ болгосон олон орон ийм л мөрөөдлийг улс үндэстнийхээ хүн нэг бүрт асаасанд оршиж байсан юм. Америкт хүн болж төрсөн хүн болгон өөрийгөө америк хүн гэж бахархах үзлээр нэвт хүмүүжсэн байдаг. Америкийн төрийн тэргүүн болгон тангараг өргөхдөө яагаад америк мөрөөдөлтэй байхыг хүн нэг бүрээсээ хүсдгийн учир энэ. Дан ганц хий яриад байхгүй. Боловсролын бүхий л шатанд чухам үүнийг л номлоно. -Та гуталчин, жолооч, парламентын гишүүн, ерөнхийлөгч хэн ч байж болно. Гагцхүү ирээдүйн Америкийн хүчирхэгийг хангагч америк мөрөөдөлтэй байх учиртай. Басхүү үр хүүхдүүдээ энэ үзэл баримтлалыг багаас нь суулгах ёстой. Ингэж хүн болгон ажил мэргэжилдээ ямагт тэргүүлэгч байхыг эрмэлзэж хэрэгжүүлж байж сайн сайхан амьдралтай болох учиртай. Энэ бололцоог нь төр засаг нь хангах учиртай. Бултаараа ийм гэгээн сайхан мөрөөдөлтэй болохоор аль ч шатандаа улайм цаймдаа гарсан авилгал, луйвар бартагтаа гарахгүй. Хүний л нийгэм болсон хойно мэр сэр үзэгдэл байна аа. Харин түүнийг нь хаасан тунгалаг, нээлттэй төрийн механизм төгс ажиллах болохоор төрийн төмөр нударгыг хатуухан шиг хүртэнэ. Ингэж гэмээн аварга гүрнүүд хөгжин дэвждэг юм байна шүү дээ. Ардчилал тийм төгс сайн нийгмийн байгуулал биш ч гэлээ хүн төрөлхтөн түүнээс сайн тогтолцоог бодож олоогүй гэж Черчилийн үг миний эрх чөлөө чинийхээр хязгаарлагдаж, олонхийн шийдвэрээр шийдэлд хүрэх алтан зарчмын зарим нэг алдаа эндэгдэлтэй талыг хэлсэн ч байж болох. Эртний Грекийн долоон мэргэдийн нэг Софокл хотынхныхоо гаргаж буй буруу шийдвэрийн эсрэг ганцаараа тэмцсний эцэст толгойгоо авахуулдаг шиг алдаа эндэгдэл гаралгүй яахав. Гэхдээ л бид эзгүй цөлд ганцаараа амьдарч байгаа бус хүний нийгэмд мөр зэрэгцэн бид амьдарч байгаа. Ялангуяа монголчууд шиг мах цусанд нь шингэсэн мөнөөх алдарт Гумилёвын хэлсэнчлэн урт дурын хүмүүст энэ үг хамгаас их хамааралтай. Хөгжих гэж байгаа ганц нэгээрээ бус олуулаа бүүр монгол даяараа хөгжмөөр мөрөөдөл надад байна. Багаас нь хүүхдээ монгол мөрөөдөлтэй болгоё, өөрсдийнхөө сайн сайхан мөрөөдөл рүү ус цацахгүй л байя л даа. Өнгөрсөн түүхээрээ бус хийж бүтээх үйлстээ сэтгэл ханамжтай явья.
Монголчууд бид дэндүү цөөхүүлхнээ. Монгой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэгсэн дээ. Алийн болгон нэг нэг рүүгээ хар хорын муу үг чулуудаж эвдрэлцэж суухав дээ. Яагаад нөгөө хүний буруу өөрийнх нь зөв дандаа байхав. Надад ч буруу бий. Хүн хүнээ ойлгож эхлэхээс хайр энэрэл, халамж эхэлдэг шүү дээ. Дээрээ ч доороо ч ултай суурьтай биесдээ хандаж байхсан.
Нэг сая долоон зуухан мянган хүнтэй Катарт 44 мянган саятан тэрбумтан байна. Монгол мөнгөний саятан биш шүү америк мөнгөний саятан. Нефтиэрээ баялаг л юм байгаа биз. Хажууханд нь байх Кувьет, Иран, Ирак хар алтаараа түүнээс ч баян шүү дээ. Тэгээд яагаад Катар нь хөгжөөд нөгөө хэд нь үймээн самуунаараа зард гарч ард иргэд нь ядуу байгаад байна. Улс үндэстнийхээ мөрөөдлийг Катарчууд ойлгож асааж чадаж байгаагийн лд ач тус. Ийм л мөрөөдлийг асаах хүсэл эрмэлзэл монгол хүн бүрт асвал ээ дээ энэ Монгол хөгжинө дөө
Тогтолцооны хямрал ба хуульчилсан стандарт
Ердөө арваадхан жилийн өмнө 300 гаруйхан сая төгрөгний улсын төсөвтэй байсан Монгол улс өнөөдөр төсвөө хэдэн арван их наяд төгрөгөөр тоолох болжээ. Эрүүл саруул ухаанаар бодоход ард иргэдийн халаасан мөнгө төдийчинээ нэмэгдэх учиртай. Амьдрах орчин маань ч төдийчинээ сайжирсан байх учиртай. Гэсэн ч байдаггүй ээ. Бахь байдгаараа… Улсынхаа ирээдүйд чиглэсэн том том төслүүд хэрэгжүүлж эхэлсэн үү гэвэл бас л үгүй нөгөөх л бахь байдгаараа. Тэр их мөнгөний урсгал хаашаа ямар гээч бирдийнх нь хоолойгоор гулсчихдаг юм бүү мэд. Том том төсөл хөтөлбөр ярьсаар маргалдсаар л сууцгаана.
Тавантолгой, Эгийн голын усан цахилгаан станц, Оюутолгой энэ тэрийн бүтэлгүйтэлээр өрнөж сүүлдээ монголчууд толгой дараалаад хэдэн зуун саяын өрөнд унаж эхэлэж байх шиг. Жишээ бол хагалттай. Өнгөрсөн жилүүдэд эрчим хүчний тасалдалгүй байх гэж доноруудаас даруй хоёр том цахилгаан станц барьчих мөнгийг 4-дүгээр цахилгаан станц руу оруулчихсан байх жишээтэй. Тусламж, зээлийн тэр их хөрөнгө мөнгө огтоос ашиглагддаггүй техник хэрэгсэл болоод агуулах саванд тоосонд дарагдаад л байж байна. Таван толгойд шахсан машин техникийн сэлбэг дугуй үнэн хэрэг дээрээ уурхайд огтоос хэрэглэгддэггүй зүйл байсан нь сая л тодорхой боллоо шүү дээ. Бас тэр МИАТ-ыг хар. Хэдхэн нөхөд нийлж байгаад хэд зуун сая ам долларыг зувчуулчихсан өнөөдөр Интерполоор хайгаад ч заримыг нь олохгүй л сууж байна.
Монгол улс хэдхэн жилийн өмнө гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг огтоос татдаггүй л байсан шүү дээ. Хэдэн тэрбум доллар цуглуулах нь бүү хэл сая долларын хөрөнгө оруулчих ч хүн олддоггүй байлаа. Байгалийн баялаг маань л биднийг ертөнцийн бэлтэй бүхний анхааралд өртөхүйц болголоо. Харин эхнээс нь бид ухаантай хандсангүй. Улсын гэхээсээ өөрийн хувийн эрх ашгаа дээдлэсэн төрийн түшээд нийгэм эдийн засгийн амьдралыг хэрхэн сүйрүүлж болдгийн яруу тод жишээг Төв азийн энэ баян чинээлэг хэрнээ ядуу орон үзүүлж чадаж байна гэж гадны хэвлэлд бичиж байгаа нь үнэний ортой. Бизнес улстөртэй зууралдахаар холион бантан болдгийн сонгодог жишээ ч гэж нэрлэж болно. Оруулах хөрөнгө оруулалт нь тодорхой олох ашиг орлого нь бүүр ч тодорхой байхад улстөр болоод хувийн үүднээсгацаанд оруулаад эхэлбэл алт гууль ч биш шороо болон хувирах юм даа
Төрийн хүний ёс жудаг, баримтлах үзэл санаа, ёс суртахуун гэж бий. Эрх мэдлийн цаана заавал үүрэг хариуцлага гэж байх ёстой. Төр нээлттэй тунгалаг байж гэмээн алив хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах арга зам ямагт хаалттай байдаг. Өнөөдөр төррийн албанд ямар их хүнд суртал нүүрлэснийг хэн хүнгүй л мэднэ. Иргэн танд хүндэтгэлгүй хандаж, хаалттай хаалга мөргүүлээд байх тусам цаана нь хээл хахууль авлигын гүн гүнзгий сүлжээ байна л гэсэн үг. Доод, дунд шатанд ийм байдал нүүрлэвэл дээшээгээ хэдэн зуун тэрбумаар тоологдох авлигын аалзны тор бүрхсэн байна гэж ойлгож болно.
Төр үнэндээ хамгийн муу менежер гэдэг нь үнэн. Төрийн 100 хувь эзэмшиж байгаа Эрдэнэс Таван толгой өнөөдөр үйл ажиллагаа нь доголдож саармагжих болсон нь үүнтэй холбоотой. Хувийн эзэмшлийн уурхайнуудыг хар л даа. Менежментийн бодлогоо зөв тодорхойлж идэвхтэй сайн ажилласнаар ямар их үр дүнд хүрч байна даа. Гэтэл төр нь болохоор явдаггүй. Үнэндээ бид маш сонин, хуучин сэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Иргэддээ дарамт үзүүлдэггүй өөрийнхөө үүргийг сайтар ухаарсан төрийн тогтолцоотой байх нь юу юунаас илүү чухал байна.
Манайд дутагдаж байгаа хамгийн том шинэчлэл бол стандартын шинэчлэл. Евро стандартанд нэгдэх тухай саяхнаас ярих болж. Оройтсон боловч даруй хийж хэрэгжүүлэх шинэчлэл юм шүү. Энгийнээр ойлгоход бүх зүйлийг үйлдвэрлэн бүтээн босгоход ямар материалын орц, ямар эрүүл ахуйн чанар, ямар хөдөлмөр хөлсний үнэ тарифтай байх стандартыг тогтооно. Энэ л стандартыг хуульчилж нарийн чанд мөрдөөгүй л бол уучлаарай таны үйлдвэрлэсэн бүтээсэн юу ч байсан зах зээлд нэвтрэх эрхгүй. Нөгөө улиглаад байгаа ашиг сонирхлын зөрчил, танил талаа татаж авилгалдах хар буруу юм бүхэн хаагддаг юм билээ. Байшин дээрээс мод чулуу нисч ирээд хүн амьтан алчихдаг, чанаргүй хоол хүнсээр эрүүл мэндийг нь сүйтгэдэг, улсын хөрөнгө мөнгөөр тансагладаг, завшдаг бүхэн алга болно. Яагаад гэвэл бүх юм нэг л жишгийн стандартын дагуу зах зээлд нэвтэрнэ. Зөвхөн энэ салбарт ч бус эрүүл мэнд, боловсрол бүүр цаашлаад төрийн үйлчилгээний хуульчлагдсан стандартын шинэчлэл зайлшгүй хэрэгтэй нь энэ бүхнээс харагдаад байгаа юм.
Бид авилгал хээл хахууль, төр бизнесийн дарамт гэж том том хадны мангаа босгочихоод нөгөөх рүүгээ хий хоосон цэрэглэн дайраад байдаг болохоос биш яг нийгэм эдийн засгийн тогтолцооныхоо юун дээр алдаад байгааг төдийлөн ухаарахгүй байх шиг байна. Тогтолцооны эвдрэл, хаалттай хөшигний цаадах төрийн байгууламж, үйл ажиллагаанаас болоод хямрал гүнзгийрээд байгаа юм.
Н.Бадамжав

0 comments:
Post a Comment