Манай сайт энэ долоо хоногийн онцлох сэдвээр "Нийслэл хотын ундны усны нөөц" сэдвээр мэдээ мэдээлэл бэлтгэн та бүхэндээ хүргэж байгаа билээ. Өнөөдөр ундны усны багагүй хувийг бүрдүүлдэг Туул голд цутгадаг Сэлбэ голын талаар мэдээлэл бэлтгэн та бүхэндээ хүргэж байна.
Улаанбаатар хотын ундны усны эх булаг нь Хатан Туул гол билээ. Нийт урсацаараа 704 км урт Туул голын 28 км нь Нийслэл хот дундуур урсан өнгөрдөг байна. Хот дундуур урсаж байгаа туул гол цутгадаг гурван гол байдаг. Эдгээр нь та бидний сайн мэдэх Сэлбэ, Улиастай, Амтын гол юм. Энэ гурван голын нэг болох Сэлбэ гол нь нийслэл хотоо чимэглэнхэн, мяралзанхан урсдаг байсан цаг саяхан. Гэвч сүүлийн хэдэн жилд бороо орох цагаар хааяахан нэг булингартсан, хог шороотойгоо нийлэлдэн урсдаг дүр зураг биднийг угтдаг болсон нь нууц биш. Харин гантайхан жил бол хуурай сайр харлан харагддаг болсон гэхэд хэлсдэхгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө "Сэлбэ гол үерлэж гэнэ" гэсэн яриа сонсогддог байсан бол сүүлийн хэдэн жил "Сэлбэ гол урсаж байна" гэсэн яриа содон сонсогддог болжээ.
Сэлбэ голын нөхөн сэргээлт буюу үлгэр
Өнгөрсөн оноос Сэлбэ голыг нөхөн сэргээх, урсацыг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлсэн. Харин саяхан сонсохнээ Сэлбэ голын төсөл энэ онд санхүүжилт байхгүй гэсэн шалтгаанаар зогссон байна. Учир нь энэ ажлыг гүйцэтгэж байсан хоёр компаний нэг нь зөвшөөрөлгүй байжээ. Мөн хариуцан ажиллаж байгаа Сүхбаатар дүүрэг өндийг хүртэл засварыг явуулах компаний тендерийг нь зарлаагүй байсан гэнэ. Тиймээс Сэлбийг нөхөн сэргээх, засаж тохижуулан амралтын бүс болгох 5.5 тэрбум төгрөгийн ажил хойшилсон байна. Харин энэ талаар Нийслэлээс тодруулах гэсэн боловч тодорхой мэдээлэл өгөх хүн нь олдсонгүй. Хамгийн түрүүнд Нийслэлийн захирагчийн албанаас тодруулах гэсэн боловч "Энэ талаар мэдээлэл битгий өгөөрэй гэсэн ш дээ" хэмээн эхний мэргэжилтэн хариулсан юм. Харин түүний дараагаар хэд хэдэн холбогдох хүмүүсийн хаалгыг татсан ч "Би мэдэхгүй, хариуцдаггүй. Өөр хүнээс асуу" гэсэн хариултаар нэг нэгэн рүүгээ түлхэж байлаа. Энэ бүгдээс харахад " мэдээлэл битгий өг" гэсэн эхний яриа ортой бололтой. Юуны учир Сэлбэ голын төсөл зогсонги байдалд орсоныг нууцалж байгаа нь хамгийн хачирхалтай хэрэг болоод байгаа юм. Үйл ажиллагаа нь одоо зогссоныг бодохоор магадгүй хэн нэгний халаасаа түнтийлгэх гэсэн арга байсан ч байж болох юм.
Төслийн хүрээнд хийгдэх байсан зураг төсөл
Сэлбэ голын төсөл зогссон бол баярлах хэрэгтэй гэж үү
Харин Туул голын урсацыг сайжруулах " Туул газрын сав газрын захиргаа"-наас дээрх асуудлаар тодруулга авлаа. Ус ашиглалтын зохицуулах албаны дарга Ц.Бажий: Хэрвээ энэ төслийг зогсоосон бол харин ч сайн, баярлууштай хэрэг болсон байна. Учир нь манай захиргаа байгуулагдаад удаагүй, ажилаа дөнгөж эхлэж байна. Харин өмнөх Засгийн газрын үед хэн ямар ажил санаачлан, ямар шалтгаанаар хийж байсан нь тодорхойгүй дэмий мөнгө үрсэн олон ажил хийж байсан. Тухайлбал Сэлбэ голыг сэргээн засах ажил бол ямар ч мэргэжлийн бус хүний гаргасан шийдвэр. Учир нь голын урсацийн ихэнхи хэсгийг битоноор хучна гэдэг нь манай оронд огт тохирохгүй. Энэ бол жилийн 90 гаруй хувьдаа тунадас ордог Солонгос, Япон мэтийн чийгшил оронд л тохирсон арга. Харин манайх шиг хуурайшилт ихтэй, тунадас багатай оронд энэ технологи нь голын урсацыг тэр чигээр нь таслах эрсдэлтэй ажил " хэмээн хариулсан юм.
Тиймээс тун удахгүй нийслэл дундуур урсдаг Сэлбэ гол нөхөн сэргээгдэнэ. Тэнд зундаа амралт зугаалгын төв, өвөлдөө мөсөн гулгуурын талбай болно гэсэн яриа үлгэр болон үлдэж байх шиг байна. Хэрвээ монголд таарахгүй технологи гэдэг нь батлагдах юм бол энэ хугацаанд хийсэн бага ч гэсэн хөрөнгийн зардал эргээд хэний толгой дээр хариуцлага болон үлдэх вэ. Эсвэл төсөл дараа оноос үргэлжлэн хэрэгжлээ гэхэд Сэлбэ голын урсацыг тэр чигт нь таславал эргээд хэн хариуцлага хүлээх вэ. Энэ бүхнээс эхлүүлэн олон асуулт ар араасаа хөвөрсөөр байхад энэ асуудлаар мэдээлэл өгөх, хариуцсан ажилтан нь одоог хүртэл олдохгүй л байна. Ямар үндэслэлээр, хэн хариуцаж байгаа нь мэдэгдэхгүйгээр төсвийн мөнгийг үрэн таран хийдэг байдлыг зогсоох хэрэгтэй биш гэж үү. Тун удахгүй 2016 он гэхэд ундны усны хомсдолд орох магадлалтай болоод байгаа манай улсын хувьд ундны усны эх үүсвэр болсон гол горихоо хамгаалах хэрэгтэй. Нийслэлийн ундны усыг хангадаг Туул голын нэгэн цутгал болсон Сэлбэ голыг ч мөн нөхөн сэргээх, усыг цэвэршүүлэх талаар анхааран ажиллах нь зүй ёсны хэрэг юм. Ус бол чандмань эрдэнэ.
Нөхөн сэргээх ажил зогссон байгаа өнөөдрийн Сэлбэ голын дүр зураг
Э.Хулан
Эх сурвалж: www.times.mn





0 comments:
Post a Comment