Гэр бүлд суурилсан хөгжлийн асуудлыг ярилцлаа

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас Хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан уг бодлогод хүн амын бүлгүүдийн санал, бодлыг тусгах зорилгоор цуврал чуулган зөвлөгөөнүүдийг зохион байгуулж буй. Энэ ажлын хүрээнд ХАХНХЯ болон Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр хамтран "Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого-шинэчлэл" үндэсний чуулган анх удаагаа Орхон аймагт өнгөрөгч хоёрдугаар сарын 27-28 ны өдрүүдэд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд 21 аймаг, есөн дүүргээс төлөөлөл болсон 550 гаруй эмэгтэйчүүд ирж оролцсон юм. Мөн Орхон аймгийн ЗДТГ, НҮБ-н хүн амын сан зэрэг олон улсын байгууллагууд, салбар дундын бодлогын асуудлаар Хөдөлмөрийн яам, ЭМЯ, ХЗЯ зэрэг яамдын төлөөлөл оролцсоныг онцолж болно. Хоёр өдөр үргэлжилсэн уг арга хэмжээний эхний өдөр нь хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулсан олон сэдвээр эмэгтэйчүүд санал бодлоо солилцсон юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ энэ үеэр "Хүн амын хөжглийн цогц бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн асуудлыг авч үзэж байна. Энэхүү чуулганаар эмэгнтэйчүүдэд тулгамдаад буй асуудал, тэдний оролцоотойгоор шийдвэрлэх, хөдөлмөр эрхлэлт болон түүний орчин нөхцлийг хэрхэн сайжруулах талаар санал солилцох юм. Мөн эмэгтэйчүүдийн эрхийг зөвхөн жендерийн асуудал гэж ойлгож болохгүй. Манай улсын хэмжээнд өрх толгойлсон эмэгтэй маш их байдаг. Тиймээс эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлыг ярихаас илүүтэй гэр бүлд суурилсан хөгжлийн бодлогыг дэмжиж, цогцоор нь шийдэхэд тэдний оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдлийг дэмжих зорилгоор олон хүүхэд төрүүлж эрүүл энх өсгөн хүмүүжүүлж, тэднийгээ боловсрол эзэмшүүлэн амьдралын арга ухаанд сургаж буй эхчүүдийг өргөмжлөн, тэргүүн туршлагыг нь сурталчлах нь гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх нэг арга болох юм. Мөн энэ удаагийн чуулганыг Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэртэй хамтран зохион байгуулж байгаа нь учиртай. Яагаад гэвэл Монгол улсын хөгжлийн бодлогын нэг тулгуур нь уул уурхайн салбар хэмээн Засгийн газраас үзэж буй. Тэгвэл Эрдэнэт хот нь уул уурхайн салбарт ажиллагсад, тэдний гэр бүл, үр хүүхдийн ажиллаж амьдрах, сурч боловсрох хөгжих асуудлыг цогцоор нь шийдэж чадсан билээ. Тиймээс манай уул уурхай томоохон олд газрыг түшиглэн аймаг сумдууд хөгжихдөө Эрдэнэт хотыг жишиг хот болгох боломж бидэнд байна" хэмээн мэдэгдсэн юм.

Манай Улсын нийт хүн амын 50.4 хувь нь эмэгтэйчүүд  бөгөөд ажиллах хүчний 49 хувь, их, дээд сургууль төгсөгчдийн 51 хувь, мэргэжлийн болон техникийн албанд ажиллагсадын 58 хувь, багш нарын 79 хувь, эмнэлэгийн байгууллагад ажиллагсадын 82 хувь нь эмэгтэйчүүд гэнэ. Улсын хэмжээгээр нийт 81.3 мянган өрх толгойлсон эмэгтэй байгаагийн дотор амьдралын ханиа алдан ганц биеэр өрх үүсгэн амьдарч буй 23.1 мянган өндөр настай эмэгтэй байдаг аж. Иймд нийт хүн амын тал хувийг эзэлдэг, хүн амын хамгийн чухал бүлэг болох эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудлаар чуулганд оролцогчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байсан юм. Мөн энэ өдөр Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд тусгай шалгуурыг даван гарсан шилдэг есөн гэр бүлийг алдаршуулсан юм.

Чуулганы хоёр дахь өдөр чуулганаас гарсан үр дүн, Засгийн газрын хэмжээнд авч хэлэлцэх асуудлуудын талаар санал солилцсон бөгөөд Эрдэнэт хотын эмэгтэйчүүдийн гаргаж буй үзэсгэлэнг үзэж сонирхсон. Мөн чуулганд оролцогч эмэгтэйчүүд "Эрдэнэт" үйлдвэрийн 35 жилийн ойн баримтат киног үзэж, "Эрдэнэт" хивсний үйлдвэрийн ажиллагаатай танилцсан. Мөн УИХ-дахь эмэгтэй гишүүд Орхон аймгийн тэргүүний IV цэцэрлэг, "Энэрэл" асрамжийн газар, "Найдвар" хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр өнжүүлэх төвтэй танилцлаа.
П.Наран

0 comments:

Post a Comment