Дэлхийн хамгийн баян гурван хүний чансаад сүүлийн хэдэн жилийн хугацаанд анх удаагаа өөрчлөлт орсон байна. Жагсаалтын гуравдугаарт Inditex компанийн хувь нийлүүлэгч 76 настай Амансио Ортега бичигдэв. Тэрбээр домогт Уоррен Баффетыг дөрөвт илгээсэн аж.
Сүүлийн нэг жилийн хугацаанд Ортегагийн хөрөнгө чинээ 19.5 тэрбум доллараар нэмэгдэж өдгөө 57 тэрбумд хүрчээ. Энэ хүн Inditex компанийн хувьцааны 60 хувийг эзэмшдэг бөгөөд Zara брэндийн эзэн юм.
Харин "Омахагийн зөнч" хэмээгддэг Баффет жилийн дотор ердөө 9.5 тэрбум доллараар баяжиж 53.5 тэрбум доллартай болов. Ийнхүү тэрбээр 2000 оноос хойш анх удаагаа тэргүүн гурван баяны тооноос хасагджээ.
Жагсаалтыг урьдын адил Мексикийн магнат Карлос Слим тэргүүлж байна. Түүний хөрөнгө чинээ одоогоор 73 тэрбум доллар байгаа аж. Харин Microsoft компанийг үндэслэгч Билл Гэйтс 67 тэрбум долларын хөрөнгөтэйгээр хоёрт бичигдэв.
Өнгөрсөн жил хамгийн их мөнгө алдсан хүн бол Бразилийн иргэн Эйк Батиста юм. Түүний хөрөнгийн хэмжээ 19.4 тэрбум доллараар багассан нь өдөрт 50 орчим сая долларыг алдаж байсан гэсэн үг. Ингэснээр Батиста долоодугаар байрнаас шууд 100-д бичигджээ.
Forbes сэтгүүл дэлхий дээр 1426 тэрбумтан байгаа гэж тооцоолсны 210 нь шинэковууд аж. Тэрбумтнуудын хөрөнгийн нийт хэмжээ 5.4 их наяд доллартай тэнцэх гэнэ. Урьдын адил хамгийн олон тэрбумтантай улсаар АНУ шалгарчээ.
Эх сурвалж www.wikimon.mn
0 comments:
Post a Comment