Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулийг маргааш 16.00 цагт улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногт мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдлыг шалгах, түүнд хамрагдаж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын оролцоог дээшлүүлэх зорилгоор Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага сургуулийг өнгөрсөн жилээс уламжлал болгон зохион байгуулж эхэлсэн байна. Энэ удаагийн дадлага, сургуулийн үеэр Сүхбаатар дүүргийн зургадугаар хороонд гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл хүргэж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх дадлагыг хийх аж. Мөн Ерөнхийлөгчийн болон УИХ-ын Тамгын газар, ЗГХЭГ, Нийслэлийн Тамгын газрын нэг, хоёрдугаар байранд гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллах, нүүлгэн шилжүүлэх дадлага, сургалтыг зохион байгуулах юм.
Дашрамд дуулгахад, нийслэл хотын хэмжээнд хуучнаар иргэний хамгаалалтын зориулалтаар ашиглагдаж байсан "Серень" дохиолол 20 ажиллаж байгаа ч орчин үеийн зарлан мэдээллийн хэрэгцээ шаардлагыг хангахгүй байгаа гэнэ.
Тиймээс ОБЕГ-аас Мэдээлэл шуудан, харилцаа холбоо, технелогийн газартай хамтран "Газар хөдлөлтийн гамшгаас амжиж анхааруулах систем" төслийг боловсруулж Монгол Улсын Засгийн газрын 11.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд энэ төвд ажиллах 24 хүний орон тоог батлуулсан байна. Одоогоор "Зарлан мэдээллийн удирдлагын төв"-ийн байрыг засч тохижуулах, техник хэрэгслийг угсарч тоноглох ажлууд хийгдэж байгаа аж.
Энэ төслийн хүрээнд Улаанбаатар хот болон Налайх, Багануур, Багахангай зэрэг алслагдсан дүүргүүдэд нийт 60 ширхэг орчин үеийн серень дохиоллын иж бүрэн цамхгууд суурилуулах ба үүрэн телефоны оператор компаниуд, телевиз, FM радиогийн сувгуудаар "Зарлан мэдээллийн удирдлагын төв"-өөс шуурхай дамжуулах боломж бүрдэх аж.
Түүнчлэн газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Дундговь аймгийн Дэрэн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Булган аймгийн Могод зэрэг сумдын газар нутаг дээр газар хөдлөлтийн чичирхийлэлтийг мэдрэх төхөөрөмжүүдийг суурилуулж, "Зарлан мэдээллийн удирдлагын төв"-тэй шууд холбогдох юм байна.
П.Наран
0 comments:
Post a Comment