Оросын нефть, Японы оролцоо

Оросын нефть, Японы оролцоо, "Үндэсний" үйлдвэр

Өчигдөр 7 цаг 18 минут

Монгол Улс газрын тос олборлогч улсын тоонд ороод багагүй удаж байгаа боловч өнөөдрийг хүртэл энэ төрлийн бүтээгдэхүүнээ 100 хувь ОХУ-аас авч, дотоодын хэрэгцээгээ зөвхөн импортоор хангаж байна. Харин тун удахгүй  энэ байдал өөрчлөгдөнө. Гэхдээ яаж өөрчлөгдөх вэ? Товчхондоо бол өөрийн орны түүхий эдээ экспортлохын зэрэгцээ өрөөлийн түүхий эдийг импортлогч болох замаар үйлдвэрлэлээ явуулна.

Дархан хотод барьж байгуулахаар болсон боловсруулах үйлдвэрийн ерөнхий захирал, академич Т.Намжим хэвлэлд өгсөн ярилцлагадаа үйлдвэрийн түүхий эдийг ОХУ-аас авах тохиролцоо меморандумын хэмжээнд хэдийнэ хийгдсэн гэж мэдэгджээ. Өөрөөр хэлбэл, жилд хоёр сая тонн түүхий тосыг Монголд импортлоход асуудалгүй гэж Оросууд Япончуудад хэлснээ санамж бичгийн хэмжээнд баталгаажуулаад байгаа аж. Бид л тэр үед нь мэдээгүй болохоос биш аль 2010 онд "Монгол секию" компани, Японы "Марубени" корпораци Эрхүүгийн нефтийн компанитай Дарханы үйлдвэрт жилд хоёр сая тонн түүхий тос нийлүүлэх харилцан тохиролцооны меморандумыг байгуулсан байна. Гэхдээ тэр үед Дарханд үйлдвэр байгуулах шийдвэр Засгийн газраас гараагүй байсныг хэлэх хэрэгтэй болов уу.

Харин "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК байгуулагдсаны дараа буюу саяхан ОХУ-ын "Роснеть"-ийн ерөнхийлөгч И.Сечин Токиод ажиллах үеэрээ "Марубени" корпорацийн удирдлагуудад "Хоёрхон сая тонн түүхий тос манайд асуудал биш. Танай эцсийн хэрэглэгч хаана байх нь бидэнд хамаагүй" гэж хэлсэн талаар Дарханы боловсруулах үйлдвэрийн захирал мэдэгдсэн байна. Нэмж тодотгоход "Роснефть" "Марубени" хоёрын хооронд түүхий тос нийлүүлэх үндсэн гэрээ хэдийнэ байгуулагдсан бөгөөд энэ дундаасаа "Марубени" хэдэн тонныг нь хэнд хаана өгөх нь хамаагүй гэсэн санааг Оросууд илэрхийлжээ. Тэгэхээр Дарханд 2016 онд ашиглалтад орохоор тооцоолсон боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг бидэнд Оросоос авч өгөх ажил япончуудын гараар дамжих юм байна.

Дарханы боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ-ийг  Японы "Тоёо инженеринг" компани боловсруулсан бөгөөд уг тооцоо, төслийг үндэслэн Японы Засгийн газрын Олон улсын хамтын ажиллагааны банк жилийн гурван хувийн хүүтэй 100 сая ам.долларын зээлийг Монголын талд өгөхөөр зэхэж байна. Одоохондоо зээлийн хэлэлцээрийн төсөл дээр хоёр тал ажиллаж байна. Дээрх зээлийн хөрөнгөөр үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлэх бөгөөд Японы "Тоёо инженеринг" корпораци түлхүүр гардуулах нөхцөлөөр барьж өгөхөөр болжээ. Ингээд Монгол Улс япончуудын хөдөлмөр, хөрөнгөөр баригдаж, Оросын түүхий эдээр ажиллаж, дотоодын хэрэглээгээ 100 хувь хангах үндэсний боловсруулах үйлдвэртэй болохоор шуударлаа.

Монголын зах зээл жилд нэг сая 50 мянган тонн нефть бүтээгдэхүүний хэрэглээтэй. Энэ хэмжээний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ихэнх мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар жилд 2.5 сая тонн түүхий тос шаардлагатай. "Дархан-газрын тос боловсруулах үйлдвэр" ХХК-ны ерөнхий захирлын хэлснээр дотоодын хэрэглээг эцсийн бүтээгдэхүүнээр хангахын тулд жилд 2.0 сая тонн түүхий тос хангалттай.

Монгол Улс эцсийн бүтээгдэхүүний хараат байсан бол түүхий эдийн хараат байдалд орох вий гэсэн болгоомжлол боловсруулах үйлдвэрийн яриаг заавал дагалддаг. Дээрх мэдээллээр бол түүхий эдээ ОХУ-аас, гэхдээ Японы корпорациар дамжуулан авахаар болж байна. Түүхий эдийн хувьд хараат байх нь тодорхой, харин хаанахын хараат болох вэ гэсэн асуулт эндээс ургаж байна. Хараат гэдэг нь заавал муу утгатай байх албагүй байх. Тэр тусмаа эцсийн бүтээгдэхүүний хангамжаар хараат байснаас түүхий эдийн хараат болсон нь дээр гэж шийдвэр гаргагчид үзсэн бололтой.

Хардлагыг бататгах хачирхалтай тоонууд


Монголтой адил түүхий эдээ, эсвэл эцсийн бүтээгдэхүүнийг импортоор авдаг улс орнууд олон бий. Харин манайх шиг түүхий тос экспортлогч хэрнээ импортлогч улс хэд бий бол? Ийм нөхцөл байдлыг юу гэж тайлбарлах ёстойг бүү мэд.

Газрын тосны агентлагаас мэдээлсэнээр бол Монгол Улсын газрын тосны боломжит нөөцийн хэмжээ 870 гаруй сая тонн, үүнээс баталгаат нөөцийн хэмжээ 2012 оны нэгдүгээр улирлын байдлаар 332,6 сая тонноор тогтоогдоод байна. Гэтэл Дарханы боловсруулах үйлдвэрийн захирлын ярьж байгаа тоо үүнээс тэс зөрүүтэй юм. Түүний ярьж байгаагаар Тамсагийн сав газар орчимд 42 сая орчим тонн нөөц, Зүүнбаянгийн хувьд албан бус судалгаагаар бол 20 орчим сая тонн нөөц бийгээс 3 сая тонныг л олборлох боломжтой гэжээ. Ер нь бол 1-2 оронтой тоогоор яригддаг, хэмжигддэг газрын тосны нөөц гэж байдаггүйг захын мэргэжилтэн хэлнэ дээ. Өөрсдөө үйлдвэр ажиллуулах хэмжээний газрын тосны нөөцгүй гэдэгт итгүүлэх оролдлого эндээс бас ажиглагдаж байна.  

Бас нэг онцлохоор тоо гэвэл дээрх агентлагийн гаргасан судалгаагаар 2015 он гэхэд Монгол Улс жилд 1.5 сая тонн тос олборлох юм байна. Гэтэл 2016 онд ашиглалтад орох Дарханы боловсруулах үйлдвэр жилийн хэрэгцээт түүхий эд 2.0 сая тонн тосоо ОХУ-аас Япончуудаар дамжуулан авах гэж байна. Тэгэхээр энэ салбарт ер нь бодлого байна уу? Байгаа бол эцсийн бүтээгдэхүүний хараат байдлыг түүхий эдийн хараат болгож өөрчлөх байдлаар тэр нь хэрэгжиж буй бололтой. Түүнчлэн энэ хараат байдал, үгүй юм гэхэд хамааралтай байдлыг ОХУ-аас салгаж, Японы талд өгөх сонирхол, эсвэл хэрэгцээ бас буй бололтой.

Монгол Улс хоёр хөрштэй ч гуравдагч хөршийн бодлоготой. Энэ нь хоёр хөршийн эсрэг бодлого гэсэн үг огт биш бөгөөд гуравдагч хөршийн сонирхлыг хангах, хөрөнгө оруулалтыг татах замаар ардчиллын ололт, эдийн засгийн өсөлтөө хангах, эцсийн дүндээ хоёр хөршөөс үл хамаарах зорилго бүхий бодлого гэж бид ойлгодог. Өнөөдөр уул уурхайн салбарт гуравдагч хөршүүдийн байр суурь, оролцоог хангах хэрэгцээ бий ч тийм нөхцөл хангалттай бүрдэхгүй байгаа. Үүний дутууг нөхөх, тэнцвэрийг хангах  үүднээс гуравдагч хөршүүдийн нэг Японыг газрын тосны салбарт давуу эрхтэйгээр татан оролцуулж буй энэ юм болов уу гэсэн ажиглалтыг хөндлөнгийн шинжээчид хэлж байгаа нь үндэсгүй зүйл биш бололтой.

З.БОРГИЛМАА

Эх сурвалж: "NEWS WEEK" сонин


0 comments:

Post a Comment