УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар гишүүд Улсын Дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчидтэй танилцлаа. Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах найман хүний танилцуулгыг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулсан. Нийт 35 хүн шалгалт өгснөөс 24 нь тэнцэж, сонгон шалгаруулалтад орсон байна.
Ингээд Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32,2 дахь хэсэгт заасныг үндэслэн Мишигийн Батсуурь, Батаагийн Батцэрэн, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Готовдоржийн Цагаанцоож, Баттогоогийн Цогт, Дашхүүгийн Цолмон, Хуушааны Эрдэнэсувд нарын найман хүнийг Улсын дээд шүүхийн шүүгчдээр томилуулах саналаа иинхүү УИХ-д танилцуулж байгаа аж.
Нэр дэвшигчдийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, "Шүүхийн ерөнхий зөвлөл нэр дэвшигчдийг шинэ хуулийн дагуу оруулж ирж байна уу, хуучин хуулиар уу. Хэрвээ шинэ хуулийн дагуу бол бусад шүүгчдийг хэзээ томилох вэ" гэдгийг тодруулав. "Дээд шүүхийн найман шүүгч хуучин хуулийн дагуу орж ирсэн. УИХ-аар баталсан шинэ хууль энэ сарын 15-аас хэрэгжинэ. Тиймээс хуулийн дагуу бусад шүүгчдийг 2013 оны 11 дүгээр сарын 1-ний дотор сонгон шалгаруулж томилоно. Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хамгийн залуу нь 36, ахмад нь 46 настай байгаа" хэмээн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг хариулт өгсөн.
Д.Цэцэг
0 comments:
Post a Comment