Дээд шүүх хэргийг эцэслэн шийднэ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэгдүгээр сарын 16-нд Увс аймгийн нэр бүхий 13 иргэн болон тус аймгийн Ардчилсан намын нэхэмжлэхтэй хэргийг хэлэлцэж Увс аймагт МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарыг хууль зөрчин иргэдийн саналыг худалдан авах зорилгоор бэлэн мөнгө тараасан, сонгуулийн сурталчилгааг хаасан үед мэдээллийн салбар ашиглан сурталчилгаа хийсэн, насанд хүрээгүй хүүхдийг сурталчилгаанд ашигласан, мөн төрийн жинхэнэ албан хаагч Ш.Чинбатыг сурталчилгаанд оролцуулсан гэж үзэн УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүй болгож, СЕХ-ны холбогдох тогтоолыг хүчингүй болгох шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны ерөнхий шүүгч Цогт тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн гаргасан. Шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдсан бөгөөд Дээд шүүх өнөөдөр эцсийн шийдвэрийг гаргах юм.

2012 оны зургадугаар сарын 27-ны өдөр буюу сонгуулийн сурталчилгаа дууссаны маргааш МАН-ынхан төрийн өмчийн электрон самбарыг ашиглан 19.00 цаг хүртэл сурталчилгаа явуулж хууль зөрчсөн юм. Энэ талаар МАН-аас нэр дэвшигчид "Эвдэрхий самбарыг унтраах боломжгүй байснаас болсон" гэж тайлбарласаар ирсэн юм. Тэгвэл тухайн үед болсон үйл явдлыг баримтжуулан бичлэг хийсэн бөгөөд энэ нь хөдлөшгүй баримт болж хавтаст хэрэгт хавсрагджээ. Тиймээс энэхүү баримтыг та бүхэнд үзүүлж байна. Та бидний харж байгаа энэхүү  сурталчилгааны электрон самбар нь Улаангом сумын төвд байдаг юм. МАН-ын зүгээс 2011 оны сүүлээр гэрээ байгуулан "Бүтээснээсээ ихийг бүтээнэ МАН" гэсэн энэхүү сурталчилгааг сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө явуулж эхэлсэн байна. Сонгуулийн сурталчилгааг дуусгавар болсон үед сурталчилгаа явуулбал нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасах үндэслэл болно гэж сонгуулийн хуульд заажээ. Түүнчлэн төрийн эд хөрөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хуулиар хориглосон заалт ч бий. Тиймээс энэ бүхнийг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын УИХ-ын гишүүний үнэмлэхийг хүчингүй болгох шийдвэр гаргасан юм.

Тухайн үед хууль бус сурталчилгаа явуулж байсныг тойргийн хорооны гишүүд болон хэсгийн хорооныхон ирж үзсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй юм. Харин Улаангом сумыг хариуцсан цахилгаанчин Даваажав энэхүү самбарыг эвдрээгүй гэж унтрааж асааж үзүүлж байжээ. 

Л.НАРАНТӨГС

0 comments:

Post a Comment