Өнөөдөр Үндэсний Хоккейн Лигийн мөсөн талбайд нэгэн сонирхолтой тоглолт болсон нь шинэ багтайгаа анхны тоглолтоо хийж буй Яромир Ягр тэргүүтэй "Бостон Брюинз" болон Нью Жерси Дэвилз" багуудын тоглолт байлаа. Чехийн шигшээ багийн ахмад тоглогч Ягр энэхүү тоглолтын цорын ганц гоолыг оруулан баг нь 1:0 харьцаатай талбай дээрээ ялалт байгуулсан байна.
Бостончууд талбай дээрээ Нью Жерсиг хүлээн авсан тоглолт нь Яромир Ягрийн шинэ багтаа хийж буй дебют тоглолт нь байсан юм. Тэрээр энэ сарын 2-нд Даллас Старс багаас солигдон ирж Брюинзийн эгнээнд нэгдсэн билээ. Өнөөдрийн тоглолтод Нью Жерсичүүд бүх хүчээрээ довтолж байсан ч талбайн эздийн хаалгач Туукка Раск гайхалтай байлаа. Финлянд эр өнөөдөр хаалга чиглэсэн 40 цохилтыг бүгдийг нь амжилттай хамгаалсан бөгөөд нэгдүгээр үе талдаа орж байхад хоёр ч дараалсан итгэмээргүй хаалтыг Алексей Поникаровский болон Дэвид Кларксон нар дээр хийсэн байна.
Хаалгачийнхаа хичээл зүтгэлийг үр дүнгүй болгохгүйг Бостончууд ч хичээж байсан бөгөөд хоёрдугаар үе эхлээд удаагүй байхад тоглолтын эхний гоолыг оруулж чадсан юм. Канадын шигшээ багийн жигүүрийн тоглогч Брэд Маршаны дамжуулалтаар Чехийн шигшээгийн домог болсон тамирчин Яромир Ягр, Мартин Бродогийн хаалганд шайбыг оруулжээ. Энэхүү гоол нь түүний улирлын 15 дах, карьерын 680 дах гоол болон тэмдэглэгдэн үлдсэн байна. Үүнээс хойш аль аль баг гоол оруулж чадаагүй бөгөөд Брюинзийн хаалгач Туукка Раск карьертаа 14 дэх удаагаа хаалгаа цэвэр манасан юм. Ийнхүү Бостон Брюинз улирлын 24 дэх ялалтаа авч 52 оноотой дорнод бүсийн дөрөвдүгээр байранд бичигдэж байгаа бол Нью Жерси Дэвилз улирлын 13 дахь хожигдлоо амсч 39 оноотой мөн дорнод бүсийн ест бичигдэж байгаа билээ.
Ж.Цогтсайхан
0 comments:
Post a Comment