АН-ынхан сонгуулиас өмнө хууль бус үйлдэл хийж байна гэв

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороон йУИХ сонгуулийн дахин санал хураалт болохтой  холбоотойгоор хууль бус үйл ажиллагаанууд ихээр явагдаж байна хэмээн тус дүүргийн Ардын намын хорооноос мэдээлэл хийлээ.

Тэд энэ үеэр "Сонгинохайран дүүргийн 26 дугаар тойрогт дахин санал хураалт явуулах шүүхийн шийдвэр гарсны дагуу тус Тойргийн хорооноос энэ сарын 14-ний Ням гарагт дахин санал хураалтын тов зарлагдсан юм. Хуулийн дагуу дахин санал хураалтын ямар нэгэн сурталчилгаа явуулах хориотой тул МАН-ын хувьд хуулиа дээдлэн ямар ч сурталчилгаа явуулахгүй байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

Харин АН-ын зүгээс өмнөх сонгуулиудаар давтагдаж байсан хууль бус үйлдлүүдээ дахин давтаж эхлээд байна. Тухайлбал Өрхийн эмч нарт үүрэг өгөн гэрээр үнэгүй үзлэг оношлогоо хийх нэрээр сурталчилгаа хийхээр анхны хурлаа хийгээд заавар зааварчилгаагаа өгчихөөд байгаа тухай зарим шударга эмч нар мэдээллээд байна. Өнгөрсөн сонгуулиудаар ч гэсэн АН яг ийм байдлаар өрхийн эмч нарыг ажиллуулан аман сурталчилгаа хийлгэсэн билээ. Бид энэ хууль бус үйлдлийг нь баримтжуулан зохих хууль хяналтын байгууллагад өгөхөөр болоод байгаа.

Мөн дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний төвөөс хороодын нийгмийн халамж үйлчилгээний ажилтнууддаа өчигдөр дуудан хуралдаж "Хорооныхоо хөгшид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг гарга. Л.Эрхэмбаярыг дэмжүүлэх талаар ярь. Санал хураалтын өдөр машинаар зөөнө гэдгээ хэл" хэмээн үүрэгджээ. Ингээд судалгаа авах хуудас тараасан байна.

Үүгээр ч зогсохгүй АН өнгөрсөн өдрөөс эхлэн сонгогчдод мөнгө тараагаад эхэлсэн тухай мэдээллүүд эхнээсээ ирж байгаа гэдгийг дашрамд дуулгахыг хүсч байна. Энэ мэт хууль бус үйлдлүүд олноор мэдээлэгдэж байгаа тул хэвлэл мэдээллийнхэн та бүхнийг хууль бус үйлдлүүдийг олон нийтэд мэдээлж, шударга ёсны төлөө ажиллана гэдэгт итгэж байна" хэмээн мэдээллээ.

П.Наран

0 comments:

Post a Comment