Утаатай шинэчлэл

Улаанбаатарыг утаанаас нь салгах гэж төрийн тэргүүнээсээ эхлээд санаа зовж байна. Жилд улсын төсвөөс хэдэн тэрбум төгрөгийг барих биегүй утааны эсрэг зарцуулдаг боловч Засгийн газраас нүүрс шатааж, дулаан үйлдвэрлэх уурын зуух барихаар шийдвэрлэсэн нь хачирхалтай.Дэлхий нийт хүлэмжийн хийн ялгарлыг багасгах, өртөг зардлыг бууруулах зорилгоор цахилгаан, дулааныг хамтад нь үйлдвэрлэдэг технологид шилжих нь зүйтэй юм байна гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг Манай Засгийн газар анхаарч байгаа болов уу. Уг нь Олон улсын эрчим хүчний агентлаг, Европын холбоо болон хөгжингүй орнууд дээрх дэвшилтэт технологийг одоо ч дэмжиж, бүр бодлого болгон хэрэгжүүлэх зорилт тавиад байгаа юм.Гэтэл арваад жил яригдсан Улаанбаатарын V цахилгаан станцын асуудлыг тасалдуулж, УС-15 байгууламжийг түшиглэн халаалтын зуух эхэлж барихаар шийдвэрлэсэн нь нийслэлийн зүүн хаяанд бас нэг утааны томоохон эх үүсвэрийг бий болгоно гэсэн үг.

Бид хөрш орнуудаасаа ч суралцах учиртай.Хойд хөршийн Санк-Петербург хот 300 орчим хуучин уурын зуухтай бөгөөд ОХУ-д энэ тоо нийтдээ 80-100 мянгад хүрдэг байна. 2009 онд Якутад гэхэд дулаан,цахилгааныг хамтад нь үйлдвэрлэдэг бага чадлын станцыг ашиглалтад оруулснаар Депутатский гэдэг сууриныг цахилгаан, дулаанаар  бүрэн хангаж байгаа ажээ. Ер нь ОХУ-д нэг квт цахилгаан 3,3 рублийн өртөгтэй байдаг бол энэ төрлийн станцад үйлдвэрлэсэн нь 40-70 копейк болдог гэнэ. Мөн зах зээлд нэг Гкал дулааны үнэ 1800 рубль байдаг ч бага чадлын цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх станцад 2-3 дахин хямдаар үйлдвэрлэх боломжтой юм байна. Ингэснээр нам параметрийн эрчим хүч хэмнэх уурын турбины төхөөрөмжүүдийг ашиглаж, цахилгаан,дулаан үйлдвэрлэснээр хот суурин газрын эрчим хүчний хангамжийг найдваржуулан их чадлын станцуудын ажиллагааны горимыг сайжруулж, эрчим хүчний анхдагч эх үүсвэрийг хэмнэлттэй ашиглах гол зорилготой юм байна. Өмнөд хөрш ӨМӨЗО-ны Хөх хотод халаалтын зуухнуудыг татан буулгаж,төвлөрсөн дулаан хангамжийн системд шилжүүлэх судалгааг АХБ-ны санхүүжилтээр хийгээд амжилттай хэрэгжүүлж эхэлсэн байна.

Ихэнх халаалтын уурын зуухнууд ихээхэн хэмжээний цахилгаан зарцуулан зөвхөн дулаан үйлдвэрлэж үр дүнгүй ажилладаг учраас бага оврын цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх станц болгон хувиргаснаар дотоод хэрэгцээний цахилгаанаа тэр чигээр нь хангаж, улмаар илүүдэл цахилгаанаа нэгдсэн сүлжээнд нийлүүлэх боломж бүрддэг байна. Уурын болон усан халаалтын зуух бүхий дулааны станцыг бага чадлын цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэх станц болгон хувиргаснаар дулаан үйлдвэрлэхэд зарцуулах түлшний нийт зарцуулалтыг багасгах, эрчим хүчний барилга байгууламжийг шинээр барихад шаардагдах хөрөнгийн хэмжээг бууруулах, цахилгаан энергийн алдагдлын эргэн төлөгдөх хугацааг хэд дахин багасгах болон агаар мандалд хаяж буй хорт бодисын ялгарлыг бууруулах үндсэн ач холбогдолтой ггэдгийг мэргэжилтнүүд баталж байна. Иймээс  дэлхийн их гүрэн болох АНУ-ын засаг захиргаа дээрх технологийг нэвтрүүлэх нь агаар мандал дахь хорт бодисын ялгарлыг бууруулдаг, эрчим хүчний анхдагч эх үүсвэрийг хэмнэлттэй ашиглах боломжтой болохыг тодорхойлон цаашид цахилгаан, дулааны хослон үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхээр зорьж байгаа юм.

Ингээд МонголУлсад дулааныг дангаар ньхэрхэн үйлдвэрлэж байсан талаар эргэн харахад ч илүүдэхгүй. Дулааны ачаалал нь зөвхөн халаалтын улирал буюу өвлийн ид хүйтэн дөрвөн сарын хугацаанд л оргил хэмжээндээ хүрдэг тул заавал том хэмжээний станц байх шаардлагагүй,харин үүний оронд нийслэлийн дүүргүүдэд байдаг жижиг халаалтын зуухнуудаар энэ хэрэгцээг өлхөн хангаад явчихаж болно, заавал өндөр өртөгтэй станц барих хэрэггүй хэмээн үзэж байгаа хуучинсаг хүмүүс байгаль орчинд төдийгүй нийгэмд ихээхэн хор хохирол учруулж байгаа юм. Яагаад гэвэл Улаанбаатарт өмнө нь байсан болон одоо ажиллаж байгаа

Дулааны станц, халаалтын зуухнуудын ажиллаж байсан түүхийг авч үзвэл бүгд алдагдалтай ажиллаж улсаас татаас ихээр авдаг байжээ. Эдгээр станцуудын зарим нэгийг тоймлон дурдвал (Буянт-Ухаа, Сонгино, Баянгол, Налайх, Төв аймгийн дулааны станц, харин халаалтын зуух гэвэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хороолол (хуучнаар төмрийн заводын хажууд байсан), УС-15, одоо хэр зарим аймгийн төвд ажиллаж буй бага чадлын зуух бүхий дулааны станцуудыг нэрлэж болно.

Эдгээр нь өвөлдөө гайгүй ажиллаад зундаа хэрэглээний багаахан халуун ус шахах юмуу бүр зогсдог.Дулааны төлбөр өндөр байдгаас албан байгууллага, аж ахуйн нэгжүүд халаалтыг аравдугаар сарын нэгнээс дараа оны тавдугаар сарын нэгэн хүртэл аваад хаалгадаг. Уг нь хуульд зааснаар халаалтын улирал есдүгээр сарын 15-ннас эхэлж, тавдугаар сарын 15-нд дуусдаг шүү дээ.Эцэст нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, эмнэлгийн өвчтөнүүд, өвгөд хөгшид л зутардаг.Аль болох аргацаасаар ирсэн тоног төхөөрөмжүүд нь элэгдэж хуучраад нэг л өдөр таг зогсоно.Тэдгээрийг засч шинэчилнэ гэдэг жинхэнэ шүдний өвчин болдог.Ийм л байдал Монголын амьдралын зовлонт дүр төрх болсоор байгаа нь нууц биш.Аль ч цагт алдагдалтай ажиллаж, улсын төсвийн хөрөнгө мөнгө залгисаар ирсэн жишээг хотын гаднах хоёр дүүргийн дулааны станцын жишээнээс бэлээхэн харж болно.

2011 онд Багануурын дулааны станц улсын төсвөөс тэрбум гаруй төгрөгийн татаас авсан хэдий ч 469 саяын алдагдалтай ажиллажээ. Налайхын дулааны станц 2012 онд нэг тэрбум 645 сая 800 мянган төгрөгийн татаас аваад бас л 218.6 саяын алдагдалтай ажилласан байх юм.Улсаас ийм их татаас авсан станцууд хэвийн ажиллаж чадахгүй байхад сохор зоос ч аваагүй зарим нь юугаар засвар үйлчилгээгээ хийх вэ гэдэг нь дэндүү ойлгомжтой.Төсвийн мөнгө ийм л цоорхойгоор гоожиж, улсын хөрөнгө хог болон хэвтэж байхад төр, засгийн дээд төвшнийхөн үр ашиггүй дулааны станц барихаар үрлэгэн зан гаргаж байгааг юу гэж ойлгох вэ, таминь.Төв аймгийн дулааны станц асар их алдагдлынхаа хүлээсэнд баглуулаад ажиллахаа байсан. Нисэхийн станц олон хүний үйлийг үзэж, арай чамай дулааны шугам барьж төвлөрсөн системд холбогдсоноор чихнээс хонх уях нь багассан.Налайхад ОХУ-ын зээлийн хөрөнгөөр шинэ станц барьсан ч аанай л ашигтай ажиллаж үзсэнгүй. Гэтэл мөнөөх УС-15-ын дулаан түгээх өртөг нь Налайхынхаас хавьгүй өндөр гэж байгаа.Одоо ямаан дээр тэмээний гарз гаргах юм байна л даа.

Улаанбаатар хотод дулааны төвлөрсөн шугам сүлжээгээр хангахаасаа татгалзаад дүүрэг бүрт хэд хэдэн усан халаалтын зуухтай дулааны станц байгуулбал юу болох талаар товчхон төсөөлж үзье. Дулааны станц бүрийг барихад тэр болгонд газар шаардлагатай, усаар хангах хэрэгтэй. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам гүний ус хэрэглэхийг хориглосон төдийгүй  Улаанбаатар хот тэртэй тэргүй усан хангамжийн бэрхшээлтэй тулгарч байгаа. Цаашилбал нүүрс хадгалах, үнс гадагшлуулах талбай хэрэгтэй. Эдгээрийг хотын дунд бохирдлын эх үүсвэр болгох  хэцүү. За тэгээд нүүрсийг төмөр, эсвэл автозамаар тээвэрлэх дэд бүтэц шаардагдана. Улаанбаатарын замын түгжрэл дунд хүнд даацын машнууд хэзээ, хаагуур явах вэ гэдэг бол жинхэнэ шүдний өвчин. Жижиг дулааны станцын хувьд том хэмжээний дулааны цахилгаан станцтай дүйцэхүйц хэмжээний бохирдлыг бууруулах төхөөрөмжтэй байхад төвөгтэй.Өртөг зардал нь өндөр байх тул хэрэглэгчид дулааны үнийг төлж дийлэхгүй улсын төсвөөс татаас авахаар гар сарвайна.Энэ бүх зовлон бол хэлж ирэхгүй хийсч ирэх зовлон.

Гэтэл илт үр ашиг багатайгаар зөвхөн цахилгаан үйлдвэрлэж байхын оронд агаарт алдагдах дулааны тодорхой хэмжээг нь ашиглаад дулаанаар хэрэглэгчдийг хангаж болох цэвэрхэн, бохирдол багатай, төвлөрсөн, үр ашигтай технологи байсаар атал түүнийг үгүйсгэж, харин дутагдалтай тал нь олон жилийн туршлагаар батлагдсан хуучин технологийг ашиглах нь зүйтэй хэмээх нь шинэ зууны цэвэр эрчим хүчний бодлогод тохирох шийдвэр арай ч биш болов уу. Эцэст нь хэлэхэд өндөр хөгжилтэй орнуудын ойлгож ухаараад хэрэглэхийг дэмжиж олон улсын байгууллагууд болон улс орнуудын төр засгаас бодлогоор хэрэглэх нь зүйтэй гэж үзээд байгаа дулаан,цахилгааныг өндөр үр ашигтайгаар хамтад нь хослон үйлдвэрлэх төв станц барих уу. Эсвэл зөвхөн дулаан үйлдвэрлэдэг үр ашиггүй дулааны станц, халаалтын зуухнууд барьж асуудлаа шийдвэрлэх үү гэсэн энгийн хоёр сонголтоос монгол хүний хар ухаанаар бодоход аль нь дээр вэ гэдэг хэнд ч ойлгомжтой.

Г.Болор

0 comments:

Post a Comment