Монгол дахь кастын систем

Хориодхон жилийн өмнө бид чинь хаана амьдрахаа ч шийдэж чадахгүй хувийн эзэмшил гэж байхгүй үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлчих ч эрхгүй байлаа. Нам засаг юу л хий гэнэ, юу хийж болохгүй гэнэ тэр бүхнийг нь үг дуугүй дагах эрхтэй торон доторх сармагчин адил байв. Эсэргүүцвэл эхэн үедээ буудуулна дараа үедээ цөлөгдөнө. Зиа тэгээд ардчилсан хувьсгал яллаа. Урдын хориглоод байсан зүйлийн хүлээс тайлагдаж эрх чөлөө гээчийг лоозонгийн хэдэн үгнээс биш буй биеэрээ эдлэж амсч эхэлсэн дээ. Би чинь нээрээ өөрөө өөртөө эзэн нь юм, заавал төрийг царайчлах хэрэггүй юм байна гэх сэтгэлгээ тогтож эхэлсэн.

Харамсалтай нь хуучны цаг хараахан улираагүй үүлэн чөлөөний нар байж. Төрийн нэрээр далайлгагсад, мөнгөтэй нэгнийх нь өмнө бидний эрх чөлөө хөсөр хаягдаж эхлэв. Ард нийт дургүйцэж эхлэв. Иргэдийн бухимдал асар их боллоо. Гол нь баялгийн тэгш бус хуваарилалтаас үндэстэй ядуурлаас гадна нийгэмд хүчтэй орших болсон ялгаварлан гадуурхалт энэ бухимдал дургүйцлийн шалтгаан болсон юм. Нас бие, зүс царай, өмссөн хувцас, зүүсэн зүүлт, амьдарч буй байр, унаж буй машин, барьж буй гар утас, танил тал, түрийвчин дэх хөрөнгө мөнгөнөөс болж  олон нийт шууд л хуваагдаж эхлэв.

Хэдэн мянганы туршид амь бөхтэй оршсоор байгаа Энэтхэгийн кастын систем хорьхон жилийн дотор Монголд сонгодог утгаараа оршин тогтох боллоо. Нийт баялгийн 90 гаруй хувийг хүн амын зургаа хүрэхгүй хувь нь шууд эзэмшиж, 94 хувийг эзлэж буй масст 10 хүрэхгүй нь ноогдох болов. Хуулийн өмнө тэгш үйлчлэх зарчим энэ хэрээр эсрэгээр мөнгөтэй эрх мэдэлтэйд нь үйлчлэхгүй бусдад нь үйлчилнэ гэсэн зарчим тогтов.

Баялаг эзэмшиж байгаа бүхэн муу гэж хэлж байгаа хэрэг огт биш шүү. Өнөөгийн монголын баячуудыг хоёр хэсэгт хуваамаар санагддаг. Өөрийн мэдлэг боловсрол, авьяас чадвар, хичээл зүтгэлээрээ хөрөнгө мөнгөтэй болж байгаа ухаалаг нь цөөнгүй. Гэхдээ цөөхөн л дөө.

Харин улс төрийг бизнес болгон хувиргаж газрын хөрсөн дээрх болон хөрсөн доорх баялгийг хууль бус аргаар завшин баяжиж байгаа нь дийлэнх олонх нь болж байгаад л хэргийн учир оршиж байгаа юм. Гартаа хүрз барьж үзээгүй ч Монголын нүүрсийг хэдэн сая тонноор нь гадагш худалдан мөнгийг нь хуваан авч байна. Тэд толгойдоо тоо бодож зовоогүй ч "хамтын ашигтай ажиллагаа" гэдгээр Монголын баялгийг гадныханд ашигтай байдлаар "худалдсан"-ыхаа төлөө сая саяар мөнгө авч байна. Тэд өчүүхэн тархитай мөртлөө Монголын улс төрд "шургалж" элдэв айлчлал, гэрээ хэлэлцээр, төсөл төсөв нэрээр маш их мөнгийг "угааж" үүнээсээ "завшин хулгайлж" байна. Тэд өнөөдрийн Монгол "цээж өвчтэй" шинэ "баячууд".

Өөрөө зовж байж олоогүй мөнгийг хэн ч хэрэггүй зүйлд үрэхдээ харамсдаггүй. Тэд ийнхүү "тэнэглэж" байхдаа бусдыг өөртөө "атаархаж байна" хэмээн эндүүрдэг юм. Бусдын зусардлыг "хүндэтгэл" хэмээн андуурна.  Тэд мөнгийг "цаас" гэж үзэн, эрх мэдлийг "мөнхийн" гэж бодож, эд баялгийг "барагдахгүй" хэмээн санадаг юм. Гагц тэд л өнөөгийн Монголын нийгэм дэх ялгаварлан гадуурхах их СОЛИОРОЛ-ыг өдөөж байна. Харин зусардагчид үүнийг улам улмаар дэвэргэж байгаа. Тэд бусдаас улам ихээр ялгаран харагдахыг хүсч байна. Гэхдээ эрдэм мэдлэгээр бус эд баялгаар. Ухаанаар бус тэнэглэлээр. Даруу зангаар бус сагсуурлаар.

Хүн болгон хууль дүрмээ мэдэж, өөрсдөө сахин биелүүлж, бусдыг шударгаар биелүүлэхийг шаардаж байх нь бидний л үүрэг. Эхэндээ амаргүй байвч нэлээд хугацааны дараа бүгд л үүнд дасах болно. Учир нь өнөөдөр хүн болгоны дотоод сэтгэлд "бусдыг царайчилж, авлига өгөхгүй байх" нууцхан хүсэл оршиж л буй. Энэ байдлаас залхаж байгаа хэдий ч өөрчлөх зориг нь хүрэхгүй, өөрийгөө өмөөрөх олон шалтгийг бид өөрсдөө олж л байгаад хамаг учир нь байгаа юм.

Харин хууль дүрмээ боловсронгүй болгож, авлига хээл хахууль, шударга бус байдлын эсрэг, хууль бусаар завшин баяжиж байгаа эрхмүүдийн эсрэг бодлого явуулж арга хэмжээ авах нь төрийн үүрэг. Ядаж л ялгаварлан гадуурхаж байгаа хууль бус олон үйлдлийг хянаж, олон нийтийг бухимдалгүй амгалан тайван байлгах талаар төр бас л анхаарах ёстой. Харин төрийн түшээдийг бид өөрсдөө сонгодог гэдгээ ч мартаж боломгүй.

Хэвлэл мэдээллийн хэрэгслэлийнхэн зар мэдээ болон элдэв "хар" "шар" мэдээндээ анхаарлаа хандуулж, олон нийтийн сэтгэл зүйд аятай сайнаар нөлөөлөх үүрэгтээ анхаарлаа хандуулж баймаар. Хэдийгээр "мөнгөө төлсөн хүн хөгжмөө захиалдаг" зарчимтай ч олон нийтийн өмнө ямар хөгжим тоглож байгаа нь уншигчид болон хэрэглэгчдэд хамаатай. Тэр тусмаа та нарт татвараар дамжуулан мөнгөө төлж байгаа олон нийтэд.

Хүний эрхийн төлөө болон хүчирхийллийн эсрэг зорилготой,  хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зорилготой олон байгууллага,  хүний эрхийн асуудлаар мэргэшиж улс төрд орж ирсэн олон ч залуу байгаа. Харин тэднийг ийм үзэгдлийн эсрэг яагаад дуугүй байдгийг би ойлгодоггүй юм. Өнөөдөр тэдний дуу хоолой болон үзэл бодол улам ч ихээр үгүйлэгдэж байна. Хүний эрх гэдэг улс төрийн ямар нэгэн сонирхолд захирагддаг байж боломгүй.

Хүмүүс бид алив болохгүй байгаа зүйлийн бурууг бусдаас хайж, өөрсдийгөө зөвтгөх түмэн шалтгийг олцгоодог. Буруу муу зүйлтэй эвлэрэн зохицож, дагалдан зусардах тусмаа л бид өөрсдөө улам ихээр бухимдацгаана. Бухимдах тусмаа сайн гэхээсээ муу зүйлийг улам ихээр бодож эхэлдэг.

Бид энэ ертөнцөд хүн болж төрцгөөсөн болохоор олон ч эрхтэй, бас олон ч үүрэгтэй.  Хамгийн үнэтэй АМЬД ЯВАХ эрхээс гадна, ЭРҮҮЛ байх, бусдад ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАХГҮЙ байх эрх их чухалд ордог. Хэрэв энэ эрх минь зөрчигдөх аваас бид өөрсдөө үүний төлөө тэмцэж, буруутай этгээдэд ХАРИУЦЛАГА тооцуулж байх учиртай. Тийм болоод ч ХҮНИЙ ЭРХ-ийн төлөө дэлхий нийтээрээ маш их анхаарал тавьдаг юм даа.

Н.Бадамжав

0 comments:

Post a Comment