Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоаны манай улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.
Туркийн Ерөнхий сайдын айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай хэлэлцээр хийхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт бараалхах юм.
Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоганы энэ удаагийн айлчлал нь дэлхий дахинд энхтайвныг тогтоох үйл хэрэгт гавьяа байгуулсан хэмээн «Билэг хааны нэрэмжит энх тайвны шагнал» хүртээх болсонтой холбоотой аж. Дэлхийн турк хэлтэй болон лалын шашинт ард түмний төлөөлөгчдөд энэ жилээс анх удаа ийм шагнал олгож эхэлсэн бөгөөд анхны хүн нь Туркийн Ерөнхий сайд болж байгаа юм.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Хархоринд болох бөгөөд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагналыг гардуулах юм байна. Хархоринд Орхон голын хөвөөнөө Түрэгийн үеийн дурсгал, хөшөө, хүн чулуу элбэг байдаг тул туркчуудад бэлгэ дэмбэрэлтэй хэмээн сонгосон гэнэ.
Мөн Туркийн Ерөнхий сайд Тайип Эрдоган Анкарагийн гудамжны нээлтэд оролцох юм байна. «Зоос гоёл» ХХК- ийн уулзвараас СУИС хүртэлх Анкарагийн гудамжны тохижилтын ажлыг 2011 оноос эхлэн БНТУ өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж дууссан бөгөөд тус гудамжны нээлт маргааш болно.
П.Наран
0 comments:
Post a Comment