Ажилгүйдэл: Хэн юу хэлэв?

ҮХАА-н яамны газрын дарга Ц.Баярмаа:

Хүүхэд хөгшдөд хаягласан халамжийг залуус хүртэж байна


-Манай улс хүн ам цөөтэй. Түүн дотор ажиллаж хөдөлмөрлөх насны хүн ам бүр ч цөөн. Гэтэл манай улсад сүүлийн хориод жилд үйлдвэрлэлийн бодлого алдагдсанаас болж, үйлдвэрүүд хэт жижгэрч орц хонгилоос гарч чадахгүйд хүрсэн. Энэ нь ажиллах хүчнийг  тарамдуулж байна. Хойшид мэргэжлийн хол­боод хүчээ нэгтгэж нэгэн дээвэр доор нэгэн зорил­гын төлөө ажиллаж сурах хэрэгтэй. Ажил хийх ид насны залуусын цөөнгүй хувь нь гадаад руу гэрээт ажилчнаар гараад явчихсан. Үлдсэн залуусын багагүй хэсэг нь уул уурхайд ажиллах сонирхолтой. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсдын тавны нэг нь мэргэжлийнхээ ажлыг хийдэггүй гэсэн судалгаа гарсан. Сард олго­дог 190 мянган төгрөгийн төлөө МСҮТ-д сураад, дараа нь их дээд сургуульд орох жишээтэй. Тэгэхээр боловсролын тогтолцоогоо ч өөрчлөх шаардлагатай. Нөгөө талаас халамж, тусламж хэлбэрээр тараасан мөнгө хүмүүсийг бэлэнчлэх сэтгэлгээнд сургаж, залуучууд хөлсөө урсгаж мөнгө олох биш аав ээж, үр хүүхдүүддээ төрөөс олгосон халамжийн мөн­гөөр аж төрж байна. Хаан банкны АТМ-ын дэр­гэд хөдөөнөөс ирсэн оюутнууд л зогсож байгаа. Баар цэнгээний газар, зах, худалдааны төвүүдэд ч ялгаагүй малчдын хүүхдүүд "бэлчиж" байна. Тий­мээс малчид ядуу гэдэг үзлийг халах хэрэгтэй. Ингэхгүйгээр үйлдвэрлэл хөгжүүлнэ, ажлын байр бий болгоно гэдэг хоосон мөрөөдөл.

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны орлогч захирал Ц.Эрдэнэбаатар:

Ажилдаа үнэнч хүмүүст захирлууд гар татдаггүй


-Хөдөлмөрийн зах зээл дээр долоо хоногт дунджаар 200-300 гаруй шинэ ажлын байр гарч байгаа. Гэтэл өнөөдөр Монголд ажил хайж  байгаа нь олон боловч ажил хийх сэтгэлтэй хүн алга. Ажил хийж, мөнгөтэй болох хүсэл ч алга. Ажлын ур чадвар, туршлага мэдлэг ч дутмаг байна. Ажил хайж байгаа хэсэг нь ажил олгогчдоос хамгийн түрүүнд цалингийн хэмжээ, амралтын өдөр, татвар хөнгөлөлтийн талаар асуудаг. Тиймээс ажил  олгогчид шинэ ажилчдад итгэхээ больсон. Ажил хайж буй иргэд, ажлын байр хоёр тооны хувьд дүйцэж байгаа мэт харагдах ч чанарын хувьд авцалдахгүй байгаагийн шалтгаан энэ. Үнэндээ ажлыг үнэн  сэтгэлээсээ хийдэг, өсч дэвжих хүсэлтэй хүмүүсийг захын захирал мөнгө хайрлахгүй дэмждэг болсон. Цалинжуулахын зэрэгцээ сургаж дадлагажуулаад авна. Тиймээс залуучууд боловсрол, мэдлэггүй байлаа ч хувь хүний хандлага зөв байж, даргадаа "алдах ёсгүй хүн" гэдгээ л мэдрүүлэх хэрэгтэй, Түүний дараа цалин мөнгө аяндаа нэмэгдэнэ.

Баянзүрх дүүргийн иргэн Т.Мөнхбаяр:

Ажил олгогчдод цалингүй ажилтан л хэрэгтэй


-Ажлын байр их байна л гэдэг. Гэтэл бидний хөдөлмөрийг үнэлж цалинжуулдаг газар ховор шүү дээ. Найзуудтайгаа бригад байгуулаад барилгын хэд хэдэн компанид ажиллаж үзсэн. Барилгын дулаалгын хөөсөнцөр шахдаг байлаа. Амь дүйсэн ажил шүү дээ. Гэтэл компанийн захирлууд цалингаа маш багаар тогтоодог. Гайгүй цалин амласан газар олоод ажлаа хийсэн ч цалин өгөхгүй бүтэн сар болно. Ганц нэгээрээ очсон хүмүүсийг дадлагажуулна гэж 1-2 сар бага цалинтай ажиллуулна. 10-14 хоногийн цалинг бол ор тас өгөхгүй хөөгөөд явуулах энүүхэнд. Уул уурхайн компанид ажилд орохоор 350 мянган төгрөг төлж бульдозерийн курст сурсан ч манай курсэд дадлага хийх нэг ч бульдозергүй байсан. Одоо Онцгой байдлын газарт ажилладаг. Цалин өндөр биш ч ядахдаа цаг хугацаандаа өгдөг.
Эх сурвалж: "NEWSWEEK" сонин №005

0 comments:

Post a Comment